24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 30, 14:02 | Аялал жуулчлал
Хил давж аялмаар байвч мөнгө, санхүү асуудал дагуулж байна уу. Тэгвэл хамгийн боломжийн зардлаар аялах боломжтой Азийн орнуудыг нэрлэе. Зүүн өмнөд Азийн орнууд нь үзэсгэлэнт байгаль, тааламжтай цаг агаараараа аялагчдыг соронз адил татдаг билээ. Ингээд доорх жагсаалттай танилцацгаая.
Лаос: өдрийн $30
Зүүн амнөд Азийн орнуудад үүргэвчтэй аялал хийхэд тун ч тохиромжтой. Тэр дундаа Лаост өдөрт ердөө 30 ам.доллароор л газар үзэх боломжтой байх нь ээ. Дэлхийн хамгийн гайхалтай хүрхрээ үзэхэд 2.5 ам.доллар, Ван Виенг голын хоолойгоор (tubing) бүтэн өдөр аялахад долоо, барын гавраар массаж хийлгэхэд зургаан ам.доллар төлнө. Мөн хямдхан моторт дугуй хөлслөн, жижиг тосгонуудаар аялбал тэнд барааны үнэ бүр ч хямд. Жуулчдад зориулсан гэр буудлууд ихээр барих болсон тул илүү хямд амрах боломжтой. Хүсвэл өдрийн 35 ам.доллар төлөөд зочид буудалд тухалж ч болно.
Жижиг буудлынх нь хоол дунджаар 3-9 ам.долларын үнэтэй. Зарим гэр буудалд нь өглөөний цай үнэгүй.
Тээвэр: Моторт дугуй өдрийн 6-15 ам.доллар, хот хоорондын автобусны тасалбар 25 ам.доллар хүрнэ. Моторт дугуйны түрээсийн үнэ нь шинэ, хуучнаасаа хамаараад үнэ тохиролцох боломжтой.
Вьетнам: өдрийн $30
Зарим аялагч Вьетнамын гудамжны хоолыг Зүүн өмнөд Азийн улсууд дундаа хамгийн цэвэрхэн, эрүүл, хямд нь гэцгээдэг. Гоймонтой, үсүтэй, гахайн махтай шөл нь ердөө 1.5 ам.доллар, анхилам сайхан үнэртэй аяга кофе нэг ам.долларын үнэтэй. Тэндхийн моторт дугуй нь түрээслэхэд хямдхан ч замын эмх замбараагүй хөдөлгөөн нь бухимдуулах нь бий. Тиймээс "GrabBike" (Uber-тэй төстэй) моторт дугуйн такси үйлчилгээг томоохон бүх хотод хоёр км нь 0.5 ам.доллароор захиалж, үйлчлүүлэх боломжтой. Хот хоорондын автобус, галт тэрэг нь ч боломжийн үнэтэй ажээ.
Камбож: өдрийн $25
Нэг сарын турш Камбожоор аялахад 1000 ам.доллар хангалттай гэнэ. Сайхан сонсогдож байна уу. Аялагчдын голдуу сонгодог нийтийн өрөө нь үнэ хямд ч жаахан бохир байх магадлалтай. Өдөр тутмын тээврийн хэрэгсэлдээ "ТүкТүк "таксины жолоочтой үнээ тохиролцож чадвал мөнгөө хэмнэнэ. Ангкор Ват руу аялах гурван өдрийн тасалбар 62 ам.доллар байдаг.
Хоноглох газар: Дэн буудалд нэг шөнийн 3-10 ам.доллар
Тээвэр: Моторт дугуй түрээслэхэд өдрийн 6-15 ам.доллар. Хот хоорондын автобусны тасалбар мөн дээрхтэй ижил үнэ хөлстэй.
Тайландын хойд хэсэг: өдрийн $30
Тайланд Азийн орнуудаас арай өртөг өндөртэй. Эндхийн өмнөд нутгаар очвол юмны үнэ 2-3 дахин өсдөг учраас богино хугацаанд бага төсвөөр аялахыг хүсвэл хойд нутгийг нь сонгохыг зөвлөе. Жуулчид их очдог Чианг Май, Пай зэрэг хот үнэ хямд, үзэсгэлэнт байгальтай. Мөн гудамжны хоол нь амт сайтай аж. Алдарт Цагаан сүм үзэх, явган аялах, эсвэл 3-4 хүнтэй хамтраад машин түрээслэн, өдрийн аяллууд хийхэд тун ч тохиромжтой.
Хоол: Өдрийн 5-15 ам.доллар. Зарим хостелд өглөөний цай үнэгүй.
Хоноглох газар: Дэн буудалд нэг шөнийн 5-10 ам.доллар
Тээвэр: Моторт дугуйн түрээс өдрийн 6-10 ам.доллар
Индонез: өдрийн $30
Индонезоор аялахад тээвэр хамгийн чухал. Арал хооронд завиар явна. Үнэ нь тийм ч хямд биш учир нэг бүс нутаг буюу манайхаар аймгийг нь тухтай үзээрэй гэж зөвлөе. Хэрвээ та хангалттай төсөвтэй, илүү хол аялахыг хүсвэл орон нутгийн тээврийг ашиглаарай. Ингэвэл олон сонирхолтой аяллын түүхтэй болно гэдэгт итгэлтэй байж болно. Харин хоолны хувьд амттай бөгөөд хямд.
Хоол: Өдрийн 5-15 ам.доллар
Хоноглох газар: Дэн буудалд нэг шөнийн 5-10 ам.доллар
Тээвэр: Моторт дугуйн түрээс өдрийн 8-15 ам.доллар
Филиппин: өдрийн $35
Филиппиний арлуудын хооронд зорчиход цаг болон мөнгө нэлээд зарцуулна. Тийм учраас аль болох зардлаа хэмнэхийг хичээгээрэй. Жуулчны урсгал бага үед нь нислэгийн тийзээ урьдчилан захиалаад, Филиппиний 1-2 аймгаар нь бүтэн аялабал тохиромжтой.
Хоол: Өдрийн 5-15 ам.доллар
Хоноглох газар: Дэн буудалд нэг шөнийн 7-13 ам.доллар. Буудлаа сонгохдоо доторх орчинг сайн судлаарай.
Тээвэр: Моторт дугуйн түрээс өдрийн 10-15 ам.доллар, арал хоорондын завь 15-20 ам.доллар
Малайз: өдрийн $35
Эдийн засгаараа Зүүн өмнөд Азидаа хөгжилтэйд тооцогддог Малайзад аяллын өртөг хямд биш. Тийм ч учраас зарим аялагч Малайзад олон хонох хэрэггүй гэдэг. Гэхдээ та нутгийн хүмүүстэй уулзаж тэдний очдог газруудаар аялахад сайхан дурсамж үлдээх боломжтой. Куала Лумпураас Перхентиан арал руу орон нутгийн автобус найман ам.доллароор явдаг. Уг арал дээр нутгийн уугуул иргэдийн сонирхолтой үзмэрүүд үзэж, дэлгүүрээр хэсэн, Малайзын хоолны соёлыг биеэр мэдэрнэ. Нэг анхаарах зүйл нь зарим гудамжны хоол нь тийм ч цэвэрхэн биш шүү.
Хоол: Өдрийн 5-10 ам.доллар
Хоноглох газар: Дэн буудалд шөнийн 5-15 ам.доллар
Тээвэр: Бүтэн өдрийн галт тэрэг эсвэл автобусны тасалбар 3-5 ам.доллар. Мөн хот хоорондын шөнийн автобус 8-15 ам.доллар.
Шри Ланка: өдрийн $33
Шри Ланка бол үүргэвчтэй аялагч нарын зайлшгүй очих ёстой газруудын нэг. Эл улсаас үзэж болох хамгийн өртөг өндөртэй зүйл нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад багтсан үзмэрүүд. Тасалбар нь дунджаар 40-50 ам.доллар байдаг. Иймд хямд төсвөөр аялахыг хүсэж байвал эл үзмэрүүдээс татгалзаарай. Харин Шри Ланкад хоол, тээвэр, хоноглох газар, интернэт нь маш хямд. Зарим хотод нь моторт дугуй түрээсэлснээс такси эсвэл “uber” үйлчилгээ ашигласан нь өртөг бага тусна. Энэ улсад хамгийн хямд тээврийн хэрэгсэл нь галт тэрэг.
Хоол: Өдрийн 5-10 ам.доллар
Хоноглох газар: Дэн буудал нэг шөнийн 8-15 ам.доллар
Тээвэр: Дөрвүүлээ нийлээд хувийн машин өдрөөр хөлсөлнө гэвэл нэг хүний 10-15 ам.доллар. Галт тэрэгний хоёрдугаар зэргийн суудал хот хооронд 3-5 ам доллар.
Непал: өдрийн $28
Хэрэв та нутгийн уугуул иргэд шиг хооллож, хоноглонгоо аялбал Непал хямд газар. Гэрийн аргаар хийсэн, амттай хоолнуудыг жижиг кафегаас худалдан авах боломжтой. Ихэнх жижиг зочид буудал, хостелууд нь ямар нэгэн том корпорацын харьяа сүлжээ болчихсон байдаг учраас онлайнаар эхний 1-2 өдөр байрлахаа захиалаад, очсон хойноо хямд газар хайсан нь дээр. Непалын уулс, байгалийг үзэхийг хүсвэл хоол болон хоноглох газрыг оролцуулаад явганаар аялбал өдрийн 10 ам.долларт багтааж болно. Хэрэв “Аннапурна Тойрог”-оос арай өндөрлөг газраар алхвал өдрийн 20 ам.доллар орчим аж.
Хоол: Өдрийн 5-10 ам.доллар. Зарим хостелд өглөөний цай үнэгүй.
Хоноглох газар: Орон нутгийн дэн буудалд нэг шөнийн 5-10 ам.доллар
Тээвэр: Олуулаа нийлж машин хөлсөлбөл хүний 10-15 ам.доллар болно. Эсвэл хот хоорондын автобуснууд бий.
Тайвань: өдрийн $34
Эл улсыг хоёр үгээр тодорхойлбол “гудамжны хоол нь” гэж хэлж болно. Хоёр ам.доллароос ч бага өртгөөр гахай, тахианы махтай хоол, далайн эмгэн хумстай шөл идэж болно. Тайпэй, Тайнан гэх мэт хотод унадаг дугуйн түрээс нэг цагийн 0.5 ам.доллар бөгөөд эхний 30 минут нь үнэгүй. Хот хоорондын хурдны галт тэрэг нь өндөр үнэтэй. Мөн интернэт үйлчилгээ нь дээр дурдсан орнуудыг бодвол өндөр төлбөртэй.
Хоол: Өдрийн 5-10 ам.доллар
Хоноглох газар: Дэн буудал шөнийн 10-20 ам.доллар
Тээвэр: Бүтэн өдөр галт тэрэг, автобус, унадаг дугуйгаар явахад гурван ам.доллар л хүрнэ. Хот хоорондын хурдны галт тэрэг 20-40 ам.доллар.
Энэтхэг: өдрийн $20
Дэлхийн хамгийн хямд аялах боломжтой орнуудын нэгт зүй ёсоор Энэтхэг багтана. Гэхдээ та үнэ тохиролцож чадвал шүү дээ. Энэтхэгт хямд аялах хамгийн чухал арга бол бүх захиалгыг бичлэн хийх. Өөрөөр хэлбэл, ямар ч агент, зууч, онлайн захиалга үүнд хэрэггүй гэсэн үг. Непалтай адилаар очсон хойноо хямд дэн буудал, ресторан, аяллын компаниа олоорой.
Хоол: Өдрийн 3-6 ам.доллар
Хоноглох газар: Дэн буудал нэг шөнийн 4-8 ам.доллар
Тээвэр: Хот доторх бүтэн өдрийн автобус, галт тэрэгний тасалбар 1-3 ам.доллар. Хот хоорондын галт тэрэг 8-30 ам.доллар. Зарим хот хоорондын нислэг нь 30 ам.доллараас ч бага байх.
Эх сурвалж: Travellist, bemytravelmuse
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ
Naeem - [36.255.40.172]
1 жилийн өмнө
Nice Blog
Хариулахadmin - [36.255.40.172]
1 жилийн өмнө
Thanku
Хариулахkhan - [36.255.40.172]
1 жилийн өмнө
awesome
Хариулах