03,Oct 2023
| Нийтэлсэн Mar 17, 7:07 | Фото мэдээ
Орчин үеийн хотын амьдралын хэв маягийг "Ковид-19" шиг тод өөрчилсөн нь үгүй. Тэр “буцлам” хотын амьдралыг нам жимд огцом шилжүүлж, хэн хариуцлагатай бөгөөд “томоотой” байсан нь амьд үлдэх дүрэм тогтоосон. Цар тахлын үед улс орнууд бүхий л талаараа тэмцэж, чармайсны эцэст сая нэг намжмал байдалд шилжиж байна.
“Economist Intelligence Unit” Мэргэжлийн эдийн засагчдын судалгааны нийгэмлэгээс 2021 онд дэлхийн аюулгүй хотуудын индексийг гаргажээ. Ингэхдээ дэд бүтэц, дижитал амьдрал, хувийн аюулгүй байдал, хүрээлэн буй орчны хүчин зүйлс, эрүүл мэндийн үзүүлэлт, цар тахлын үеийн бэлэн байдал болон "Ковид-19"-ийн нас баралт зэрэг нийт 76 үзүүлэлтийг авч үзсэн аж. Түүнчлэн хотын иргэдийн сэтгэл ханамжийг ч хамаатуулсан байна. Судалгаагаар хотын оршин суугчдын аюулгүй байдал нь нийгмийн нэгдмэл байдал, хүн амын оролцоо, олон нийтийн итгэлцэлтэй нягт уялддагийг тогтоосон байна.
Дэлхийн хамгийн аюулгүй, шилдэг таван хоттой одоо танилцацгаая. Хэрвээ та аялахаар төлөвлөж буй бол эдгээр хотаас эхлэж яагаад болохгүй гэж...
КОПЕНГАГЕН: Аюулгүй хотын нэг гол үзүүлэлтэд авлигын индекс ордог бөгөөд Дани дэлхийн хамгийн бага авлигатай орны нэг юм
Данийн нийслэл Копенгаген энэ жагсаалтыг тэргүүлжээ. Тогтвортой байдал, сэргээгдэх эрчим хүч, агаарын чанар, хог хаягдлын менежмент, хотын ойн бүрхэвч зэргээрээ "онц" дүгнэгдсэн эл хот 2021 оны есдүгээр сараас эхлэн цар тахлын хязгаарлалтаа бүрмөсөн цуцалжээ. Гэсэн ч одоог хүртэл Хотын захиргаанаас нь иргэддээ онцгой анхаарч, усан замаар аялах, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах боломж бүрдүүлсээр буй. Коронагийн үед ногоон бүсийг олноор байгуулж, иргэддээ гэртээ бүгэх биш, идэвхтэй хөдөлгөөн хийх, цэвэр агаар амьсгалах ая тухыг бий болгожээ. Энэ нь тус хотод цар тахлыг даван туулахад том түлхэц болсон байна.
Түүнчлэн бөөгнөрөл үүсгэхгүйн тулд халдвар хамгааллын тэмдэг, тэмдэглэгээ болон хөтөч, гарын авлага, бусад мэдээллийг энд тэндгүй байрлуулсан нь олон нийтийн дунд зөв дадал, хэвшил бий болгоход сайнаар нөлөөлсөн хэмээн хотын иргэд сайшаасан аж.
Аюулгүй хотын нэг гол үзүүлэлтэд авлигын индекс ордог бөгөөд Дани дэлхийн хамгийн бага авлигатай орны нэг юм. Энэ нь иргэдийн төр, засагтаа итгэх итгэлийг улам нэмэгдүүлж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь үр дүнп хүрч, улмаар цар тахлыг амжилттай даван туулах шалтгаан болсон байна.
Копенгагенчуудад болон жуулчдад "Ковид-19" шинжилгээг үнэ төлбөргүй болгосон нь Хотын захиргааныханд дэгдэлтийн үед нарийвчилсан хяналт тавих боломж олгожээ.
ТОРОНТО: Оршин суугчид нь төр засгийнхаа шийдвэрийг хүндэлж, дагадаг учир цар тахлыг амжилттай даван туулжээ
Канадын хамгийн том хот Торонто дэд бүтэц, байгаль орчны аюулгүй байдлын хувьд өндөр оноо авснаар үзүүлэлтийн хоёрдугаарт жагсчээ. Оршин суугчид нь эерэг хандлагатай, нийтэд чиглэсэн шийдвэрийг хүндэлж, дагадаг учир тус улсын төр, засгаас авч хэрэгжүүлсэн бодлого үр дүнтэй хэрэгжихэд нөлөөлсөн байна. Энэ нь ялангуяа вакцинжуулалтын үед тод илэрч, хамгийн өндөр хамрагдалтай улсын тоонд оржээ.
Торонтогийн уугуул Фарида Талаат "Хотын аюулгүй байдлын төлөө вакцинжуулалтын олон нийтэд зориулсан хэд хэдэн онцлог хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн. Үүний дотор гэрээсээ гарах боломжгүй иргэдэд хүргэх үйлчилгээ нь өндөр үр дүнтэй болсон" гэжээ.
Суурин соёл иргэншлийн олон жилийн түүхтэй тус улсын иргэдийн хандлага маш энгийн хэрнээ чөлөөтэй. Тэнд нийгмийн аль ч бүлэг, давхаргын иргэд тэгш эрх эдэлдэг. Тэд соёл угсаа, шашин шүтлэг, бэлгийн чиг хандлагаа нуудаггүй. Учир нь ялгаварлан гадуурхалт байдаггүй. 1998 оноос хойш тус хотод оршин суусан Филипе Верназа хэлэхдээ "Торонточууд нээлттэй сэтгэлгээнийхээ ачаар цар тахлын үед өөрсдөдөө болон бусдад сэтгэл зүйн дарамт учруулалгүй, амжилттай даван туулсан. Торонто бол өөрийнхөөрөө байж, аюулгүй байдлаа мэдэрч болох таатай хот" хэмээв.
СИНГАПУР: Мэдээллийн технологийн шийдлээр цар тахлаа "дарсан" улс
Номхон далайн арлын энэ хот улс нь дижитал, эрүүл мэнд, дэд бүтцийн аюулгүй байдлын индексээрээ "аман хүзүүдэв". Сингапур нь цар тахлын эхний өдрүүдээс л дижитал хяналт тогтоох, харилцаа холбоо барих, хайлтын систем хөгжүүлжээ. Тус улс нь мэдээллийн технологийн давуу талыг ашиглан, хүн амынхаа 80%-ийг вакцинжуулснаар дэлхийд тэргүүлсэн байна.
Сингапурын эрх баригчид халдвар авсан хүмүүстэй холилдсон, эсвэл харилцаж болзошгүй иргэдийг шуурхай илрүүлэх зорилгоор "TraceTogether" токенг зах зээлд гаргаж, гар утасны "Safe Entry" аппликэйшн нэвтрүүлжээ. Тэндхийн иргэд нь аливаа барилга байгууламж руу орохдоо дээрх программуудыг заавал утсандаа уншуулах ёстой аж. Ингэснээр вирусийн халдвар дамжих холбоосыг таслан зогсоох, цаашид ямар хорио цээрийн дэглэм тогтоохоо шийддэг байна. Аялагчид тус улсад ирэхээсээ өмнө "TraceTogether" токен утсандаа суулгах, эсвэл тийм аппликэйшн суулгасан гар утас түрээслэн авах шаардлагатай гэнэ.
Сингапур нь цар тахлын үед мэдээллийн технологийн шийдлийг энэ мэт хамгийн өндөр түвшинд ашигласан улс юм. Мөн томоохон худалдааны төв, шуудангийн газар, хүнсний дэлгүүр зэрэгт олон нийтийн хөл хөдөлгөөний урсгалыг хянах зорилгоор "Space Out" программ шинээр эхлүүлсэн нь ихээхэн үр дүнд хүрчээ.
СИДНЕЙ: Юмсын интернэт буюу IOT (Internet of things) технологийг ашиглан, хотын ухаалаг төлөвлөлтийг хийсэн нь цар тахалтай тэмцэх үр дүнтэй алхам болжээ
Австралийн хамгийн том хот Сидней дэлхийн Аюулгүй хотын индексийн V-д бичигджээ. Тэр ч бүү хэл нууцлалын бодлого, кибер аюул заналын хамгаалалт, ухаалаг хотын ерөнхий төлөвлөгөө зэргийг багтаасан дижитал аюулгүй байдлын үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэв. Австрали нь тахлын үеэр хилээ бүрмөсөн хаасан анхны орнуудын нэг бөгөөд "Ковид-19"-ийн нас баралтын түвшингээрээ хамгийн доогуурт ордог юм. Вакцинжуулалт нь 70 хувьд хүрсэн бөгөөд 2021 оны арваннэгдүгээр сараас хилээ бүрэн нээжээ.
Австралийн аялал жуулчлалын “Passport Down Under” вэбсайтын үүсгэн байгуулагч Хлое Скорги "Сидней бол тайван амгалан хот. Эмэгтэй хүн ганцаараа хотын аль ч хэсгээр явахад айх зүйлгүй” хэмээн бичжээ.
Тус хот нь юмсын интернэт буюу IOT (Internet of things) технологийг ашиглан хотдоо ухаалаг төлөвлөлт хийсэн нь цар тахлын үед эдийн засгаа хэмнэсэн үр өгөөжтэй алхам болжээ. Тухайлбал, тээврийн урсгал, явган хүний хөдөлгөөний талаарх мэдээллийг цуглуулахын тулд гудамжинд байрлах хогийн сав, гэрэл, сандал зэрэгт ухаалаг мэдрэгч суурилуулжээ.
Мөн шөнийн аюулгүй байдлыг хангах, цахилгааны хэмнэлт гаргах зорилгоор ухаалаг гэрэлтүүлгийн сүлжээ бий болгосон байна. Үүнийг дагасан WiFi сүлжээ, цахилгаан хэрэгсэл залгах боломжтой задгай талбайнууд иргэд, оршин суугчдынхаа талархлыг хүлээгээд буй. Энэхүү "Chill OUT" хяналтын систем нь гудамж,талбайн хөл хөдөлгөөний мэдээллийг хотын удирдлагуудад илгээдэг байна. Ингэснээр тэд иргэдээ хотын дэд бүтэцтэй хэрхэн харьцаж байгааг илүү сайн ойлгож, дараагийн бодлого, шийдвэртээ тусгадаг аж.
ТОКИО: Хүний төлөө "төрсөн" хот
Тус хот нь аюулгүйн индексийн нэгдсэн үзүүлэлтээр V-д жагсаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, цар тахлын үеийн бэлэн байдал, дундаж наслалт, сэтгэцийн эрүүл мэнд, "Ковид-19"-ийн нас баралт зэргээрээ хамгийн дээд үнэлгээ авчээ.
Олимпийн наадмын үеэр өвчлөл ихсэх магадлалтай байсан ч вакцинжуулалтын хувь өндөр, олон нийтэд чиглэсэн хэсэгчилсэн зөв бодлого авч хэрэгжүүлсэн нь эрсдэлийн нөхцөл байдлыг бууруулахад нөлөөлжээ. Япон 2021 оны есдүгээр сараас онц байдлаа дуусгавар болгож, хязгаарлалтыг аажмаар цуцалсан улс.
Тээврийн аюулгүй байдал, явган зорчигчдод ээлтэй орчин, нийтийн тээврийн сүлжээ зэрэг дэд бүтцийн үзүүлэлтээр Токио дэлхийн шилдэг тавд багтав. "Галт тэрэгний буудал, дугуйн зогсоол, дэлгүүр, үйлчилгээний газар ер нь хаана ч байсан хүмүүс бие биедээ хүндэтгэлтай ханддаг. Мартаж гээсэн эд юмс нь хүртэл эзнээ хүлээгээд л байж байдаг. Токио бол миний амьдарч байсан хамгийн тайван бөгөөд аюулгүй хот. Тэнд бүх зүйл нь хүний сайн сайхны төлөө чиглэдэг” хэмээн хотын оршин суугч, “The Global Youth Review” сэтгүүлийн үүсгэн байгуулагч Сена Чанг дурджээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ