24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 12, 17:05 | СПОРТ
Английн премьер лигийг тэргүүлэгч “Манчестер Сити” болон “Ливерпүүл” баг өчигдөр учраа тааран 2:2 харьцаатай тоглолтоо "эвийн гэрээгээр" өндөрлүүллээ. Энэхүү тоглолттой холбоотойгоор та бүхэнд премьер лигийн түүхэнд өрнөж байсан шилдэг таван өрсөлдөөнийг хүргэж байна.
5. “Челси” - “Тоттенхэм” (2015-2019)
2015 он гарах мөчид “Челси” премьерт ердөө нэг л ялагдсан үзүүлэлттэй, 19 тойргийн дараах байдлаар 46 оноотой лигийг итгэл төгс тэргүүлж байв. Тэд шинэ жилийн өдөр өрсөлдөгч баг болох Лондоны “Тоттенхэм”-тэй тоглож, талбай дээрээ 5:3 харьцаатай бут ниргүүлсэн нь олныг цочроосон. Энэ явдлаас ердөө хоёр сарын дараа тэд “Лигийн цом”-ын шигшээд дахин учраа таарахад “Цэнхэрүүд” хариугаа авч, 2:0-ээр буулган авав. Яг эл үеэс Лондоны хоёр багийн өрсөлдөөн хамгийн дээд цэгтээ хүрсэн. Уг “дайнд” мэдээж "Челси" ялсан ч тухайн үеийн тэдний тоглолтууд премьер лигийн хамгийн "халуухан" тулаануудын нэг байсан юм.
4. “Манчестер Юнайтед” - “Манчестер Сити” (2011-2016)
2010 он хүртэл Манчестер хот “Улаан чөтгөрүүд”-ийнх байсан бол 2010 оноос тэдний хөрш болох “Манчестер Сити” илт хүчирхэгжиж эхлэв. Тэр жилийн Манчестерын “тулаан”-д Уэйн Руунигийн “унаж татан” оруулсан гайхалтай гоолын ачаар "Юнайтед" ялж байсан. Улмаар “Манчестер Юнайтед” тухайн жилдээ 80 оноотойгоор лигийг тэргүүлж байв. Гэтэл шинэ улирлын буюу 2011-2012 оны эхний дербид “Манчестер Сити”-гийнхэн “Мөрөөдлийн театрт” зочлон, 1:6 харьцаатай "Улаан чөтгөрүүд"-ийг буулган авснаар “Манчестер Юнайтед”-ийн түүхэн дэх хамгийн гутамшигтай ялагдлыг амсуулсан юм.
2011-2014 онд Манчестерын хоёр баг ээлжлэн премьер лигийн аварга цол хүртсэн нь тэдний өрсөлдөөн ямар “тасархай” байсныг илтгэнэ. Харамсалтай нь, 2013 онд Сир Алекс Фергусоныг зодог тайлснаас хойш "Улаан чөтгөрүүд" өдий хүртэл лигийн аварга болж чадаагүй.
3. “Манчестер Юнайтед” - “Челси” (2004-2011)
Английн хөлбөмбөгчид Европын тавцанд ноёлж байсан оргил үе нь 2007-2010 он. 2007 оны аваргуудын лигийн хагас шигшээд Английн гурван баг үлдсэн бол 2008 оны шигшээд Москвагийн бороотой үдэш "Челси" - "Манчестер Юнайтед" тулж байв. Эл хоёр багийн тулаан премьер лигт бүр ч "халуухан" өрнөсөн юм.
Эшли Коулын эсрэг Роналдо, Скоулзын эсрэг Лампард, Дрогабагийн эсрэг Видич. Эдгээр нэрийг сонсоход л тухайн үеийн хоёр багийн тулаан ямар өрсөлдөөнтэй байсныг харуулна.
2. “Манчестер Сити” - “Ливерпүүл” (2018 оноос одоог хүртэл)
Премьер лигийн “их зургаа” гэгддэг ч 2018 оноос хойш лигийн аваргын өрсөлдөөнд "Манчестер Сити", "Ливерпүүл" хоёр л "тулалдах" болсон. Тус лигийг Салах, Дэ Брюнэ, Ван Дайк зэрэг одод бус, Юргэн Клопп, Пэп Гуардиола нарын хоёр дасгалжуулагч л сонирхолтой болгож байгаа. Магадгүй тэд хөлбөмбөгийн түүхэнд төрсөн хамгийн шилдэг тактикийн мэргэжилтнүүд ч байж магадгүй.
1. “Манчестер Юнайтед” - “Арсенал” (1996-2004)
Эл хоёр багийн нэрийг сонсоход л Арсен Венгер, Сир Алекс Фергусон нарын нэр орж ирнэ. Тэд хөлбөмбөгийн түүхэнд хамгийн олон хүний хайрыг хүртсэн билээ. Ферги, Венгэр хоёрт дургүй хөлбөмбөг сонирхогч ховор биз ээ.
Тэдний удирдлага дор тоглож байсан тамирчид дэлхийн хөлбөмбөгийн "нүүр царай"-г тодорхойлж байсан үе саяхан.
...Ялагдалгүй аваргалсан алтан цом, Тьерри Анригийн бишрэм тоглолт, залуу Роналдугийн нүд бүлтийлгэм хууралтууд, аваргын төлөөх ширүүн өрсөлдөөн. Энэ үгс эл хоёр эрхмийг болон багийнх нь өрсөлдөөнийг тодорхойлно.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ