Дэлхийн ухаалаг хотуудын шийдэлтэй танилцъя

| Нийтэлсэн May 4, 4:04 | ШИНЖЛЭХ УХААН

Үзсэн : 375

Аж үйлдвэрийн IV хувьсгал өрнөж буй эл эринд мэдээлэл, технологийн дэвшил бүх салбарын хөгжлийг хурдасган, хот, суурин газрыг улам "ухаалаг" болгож буй. Орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглаж, хотын оршин суугчдын амьдралын чанарыг сайжруулах нь ухаалаг хотын гол стратеги. Эрүүл мэнд, эрчим хүч, орчны аюулгүй байдал, ногоон эдийн засаг, ус, хог хаягдал, тээврийн менежментийн оновчтой бодлого зэрэг нь ухаалаг хотын үндсэн шалгуурууд. Энэ удаад дэлхийд үлгэр дуурайл бүхий зарим ухаалаг хотын шийдлүүдээс танилцуулъя.

Сингапур : Тээврийн хэрэгсэлгүй эко хот байгуулна
 
Сингачууд ухаалаг шийдлээрээ дэлхийг өнөө жил ч өнгөлж, гурав дахь удаагаа тэргүүллээ. Дэлхийн 109 хотоос ийнхүү шалгарсан тэд алсын хараагаа дижитал инновацын төв болгоно хэмээн тодорхойлсон нь өдгөө биеллээ олжээ. Технологийн дэвшлийг хөгжлийн түлхүүр болгож чадав. Дэд бүтэц, иргэнээ таних үндэсний дижитал систем, “Virtual” хэмээх гурван хэмжээст загвар Сингапурын ард түмэнд гялалзсан амжилтыг атгуулсан IT технологийн нэгээхэн хэсэг нь. Иргэдийнхээ амьдралыг хөнгөвчилж, хялбар, тухтай болгоход энэ хот гол бодлогоо чиглүүлжээ. 2014 онд анх  "Ухаалаг үндэстэн" болохоор шийдсэн арлын энэ суурин төрийн болон хувийн хэвшилд үүлэн технологийн олон төрлийн үйлчилгээг нэвтрүүлжээ. Тэд нийтийн тээврээр үйлчлүүлдэг 7.5 сая зорчигчийн хөдөлгөөний урсгалын dashboard системийг “Ковид-19”-ийн үеэр хэрэгжүүлснээр өвчний тархалтыг хяналтдаа авсан. Түүнчлэн төлбөрийн контактгүй (contactless) системийг ч шийдэж чадсан. singapore

Гэрээсээ гарах боломжгүй өвчтөн болон өндөр настуудад зориулсан эрүүл мэндийн дижитал системийг нэвтрүүлж. Энэ нь тухайн хүн эмчтэйгээ цахимаар холбогдон биеэ үзүүлж, зөвлөгөө авахаас гадна биеийн байдлыг нь шалгадаг, хянах төхөөрөмжийг энгэртээ зүүдэг байна.

Хүн амынх нь 80 орчим хувь нь нийтийн орон сууцад амьдардаг эл хот уур амьсгалын халуун бүсэд оршдог ч ухаалаг технологиор агааржуулалтын системээ бүрэн шийджээ.

tengah-singapore-restricted

Сингапур тээврийн хэрэгсэлгүй, эко хот шинээр байгуулах төлөвлөгөөгөө 2021 онд зарласан. Одоо ид бүтээн байгуулалт нь өрнөж буй. Баруун бүсэд нь орших энэ хотод 42 000 байшин бүхий таван том хороолол сүндэрлэх аж. Хот тэр чигтээ явган зорчигч болон дугуйчдын аюулгүйн бүс байх учраас нэг ч тээврийн хэрэгсэл эко хотод явахгүй гэнэ. Уг хотын төвөөр 398 метр өргөн экологийн “коридор” барьж, ан амьтдыг аюулгүй нэвтрүүлэх гарц нээх аж. Мөн гол хэсэгтээ томоохон усан сан бүхий байгалийн цогцолбор газрыг бий болгох юм байна.

 Цюррих: Гэрэлтүүлгээс эхэлсэн нь "гэрэлд" хөтөлжээ
 
Швейцарын Цюррих бол дэлхийн хамгийн ухаалаг хотуудын нэг төдийгүй амьдралын чанар, стандартыг дээд зэргээр хангасан газар. Тэдний эл амжилтын нууц бол төрийн байгууллагууд нь эрчим хүч, тээвэр, дулаан, харилцаа холбооны зэрэг дэд бүтцийн “ухаалаг” компаниудтай уриалагхан хамтардагт байдаг аж. Нэг ёсондоо ухаалаг экосистемтэй болоход төрөөс бүх хүчээ зориулдаг байна.

Цюррих

2017 оноос ухаалаг хотын үзэл баримтлалыг хэрэгжүүлсэн Цюррих хот гудамжны гэрэлтүүлгээс ажлаа эхлүүлжээ. Тус хот мэдрэгчтэй, замын хөдөлгөөнтэй зохицсон, гудамжны гэрэлтүүлгүүдийг нэвтрүүлсэн нь эрчим хүчийг 70 хүртэлх хувиар хэмнэжээ. Үүний тод жишээ бол  ухаалаг, гэрэлт цамхаг. Энэ нь зайлшгүй шаардлагатай үед л гэрэлтэж, цахилгаан автомашиныг эрчим хүчээр хангадаг. Бас байгаль орчны мэдээлэл цуглуулж, хөдөлгөөний урсгалыг хэмждэг. Цамхаг өөрөө WiFi антен учир залуус ойр орчимд нь тухалж ч болно. Мөн  автомашины үнэ төлбөргүй зогсоол хаана байгааг тодорхойлж, хогийн сав дүүрсэн эсэхийг хэлж өгдөг. Эл хотын ухаалаг төрх зөвхөн гэрэлтүүлгээр хязгаарлагдахгүй.

Zürich

Бүхий л салбарын ажлын уян хатан хэв маяг, хамтын бүтээмж, удирдлагын үр ашигтай системийг олон төрлийн мэдрэгч технологиор шийдэж байгаа гэнэ. 

 Шанхай: Үүлэн сүлжээгээр үлгэрлэв
 
Шанхай бол Хятадын эдийн засаг, санхүүгийн төв хот.  Энэ хотын оршин суугчид үүлэн сүлжээгээр дамжуулан 1000 гаруй төрлийн үйлчилгээг өдөр тутамдаа авдаг байна. “Citizen cloud app” нь өдөрт 10 сая орчим хүнд төрөлт, гэрлэлтийн бүртгэл, соёл, боловсрол, аялал жуулчлал, нийгмийн халамж, тээвэр, эмчилгээ, эрүүл мэнд, хууль, эрх зүйн үйлчилгээг үзүүлдэг аж. Иргэд гэрчилгээ, үнэмлэх, зөвшөөрөл гэх мэт бичиг баримтаа биедээ авч явах шаардлагагүй. Энэ бүхэн нь үүлэн технологид хадгалагддаг, хүссэн үедээ татаад, үзүүлчихдэг. Үүлэн тооцоолол, хиймэл оюун ухаан, том өгөгдлийн (Big data) технологид суурилсан "Citizen cloud app" нь ерөнхийдөө бүх оршин суугчид нэг цонхны үйлчилгээг шуурхай хүргэдэг.

240122-Shanghai-train

Түүнчлэн “Shanghai digital” дэд бүтцийн төсөл хэрэгжүүлснээр хотын төвд 5G сүлжээг бүрэн цацаж, шилэн кабелийн суурилуулалтыг 99 хувьд хүргэжээ. Өдөрт төрийн үйлчилгээний 75 000 өгөгдлийг нэгдсэн платформоор цуглуулж, оршин суугчдын мэдээллийг төрийн 39 байгууллагатай холбодог бөгөөд одоогоор тус системийг 14.5 сая хэрэглэгч тогтмол ашиглаж буй аж.  

shanghai-skyline

Шанхайд иргэдэд оршин суух газраа бүртгүүлэх, нэг хотоос нөгөө рүү шилжихэд дээрх аппликейшн нь тусална. Тэд ийнхүү хотын захиргаа руу зүглэхгүй болсноор замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыг багасган, эрчим хүчний нөөцөө ч хэмнэж байгаа аж.

Хельсинки: Тойрог эдийн засгийг дэмжигч
  
Вантаанжоки голын хөвөөнд 1550 онд байгуулсан Хельсинки өдгөө өндөр технологи бүхий орчин үеийн жишиг хот болжээ. Энэ утгаараа Хельсинки нь амьдрахад хамгийн тохиромжтой хотуудын нэгт зүй ёсоор багтдаг.

Ухаалаг хот, сайн ардчилал хоёр хамт алхдаг гэдэг. Үүний тод жишээ болсон Хельсинки нь дэлхийн хамгийн ил тод Засгийн газартай гэдгээрээ алдартай.

hels

Тогтвортой хөгжил, дижитал үйлчилгээ,  бүтээлч байдал, хүртээмжтэй чанараараа Европын аялал жуулчлалын хамгийн ухаалаг нийслэлээр тодорсон тус хот 2035 он гэхэд нүүрстөрөгчийн хийг бүрэн саармагжуулах зорилт тавьжээ. Мөн хотын цахилгааны хэрэглээг 10-20 хувиар бууруулж, сэргээгдэх эрчим хүчний нөөцийг нэмэгдүүлэх ухаалаг шийдлүүд боловсруулж байна. Тэнд “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг зарчим үйлчилдэг аж. Эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй ухаалаг хот болох төлөвлөгөө боловсруулахдаа Stadinilmasto.fi хэмээх хотын вэбсайтаараа нээлттэй хэлэлцүүлэг явуулж, олон зуун эрдэмтэн, мэргэжилтэн, оршин суугч болон аж ахуйн нэгжийн төлөөллөөс санал авч, тусгажээ.

Хельсинки хот нийтийн тээврээ бүрэн дижитал болгосны сацуу иргэдийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн "Uber" загварын усан онгоцоор аялах платформ гаргажээ.

helsi

Эрчим хүч, дулаан, тээвэр, хог хаягдлын менежментийг ухаалгаар шийдсэн тус хот тойрог эдийн засгийг дэмждэг. Үүний гол зорилго нь байгаль орчинд ээлтэй худалдан авалтыг зохицуулах, оролцогч талуудыг идэвхтэй хамтран ажиллахад нь урамшуулах замаар хог хаягдлын ачааллыг бууруулах явдал юм. Өөрөөр хэлбэл, дахин боловсруулсан материалаар хийсэн бараа, бүтээгдэхүүнийг худалдааны эргэлтэд оруулахыг бодлогоор дэмждэг аж.
Хельсинки мэдээллээ нээлттэй өгөгдөл болгон нийтэлсэн дэлхийн анхны хотуудын нэг. Хотын захиргаанаас гарсан бүх тогтоол шийдвэр, эрх зүйн акт, бичиг баримтыг иргэн бүр чөлөөтэй авах, үзэх боломж бүрдсэн нь хөндлөнгийн хөгжүүлэгчид болон иргэдэд шинэ бизнес эрхлэх, хамтран ажиллах "үүд" нээжээ.
 
Сөүл: Орчин үеийн метрополитан хот
 

Дэлхийн хотуудын зам, тээвэр, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн халамжийн салбарын хөгжилд Сөүл шинэ хуудас нээсэн. Хотын замын хөдөлгөөний ухаалаг систем (ITS), дижитал тээврийн карт, автобусны мэдээллийн нэгдсэн платформ зэрэг нь тус улсын нийтийн тээврийн үйлчилгээнд эргэлт авчирсан байна. Сөүл нь орчин үеийн метрополитан хот болохын хувьд замын хөдөлгөөн, орчны аюулгүй байдал, хүрээлэн буй орчин болон бусад төрлийн үйлчилгээг IoT технологиор хялбархан шийджээ. Тэндхийн үүрэн холбооны LTE операторын өгөгдлийг хотын захиргааны болон олон нийтийн мэдээлэлтэй нэгтгэсэн нь худалдааны дүн шинжилгээ, маркетинг, халамж, тээврийн үйл ажиллагааг зохион байгуулахад нээлттэй ашиглах боломж бүрдсэн байна. Сөүл хотын захиргаа өгөгдөлд суурилсан 50 000 мэдрэгчийг тараан байршуулж, нарийн тоос, шороо, чимээ шуугиан, чичиргээ, хэт ягаан туяа болон байгаль орчны бусад хүчин зүйлсийн талаарх мэдээллийг цуглуулдаг байна.

seoul

2026 он гэхэд Сөүл хотын хүн амын 20 гаруй хувийг 65-аас дээш насныхан эзлэх аж. Иймд ганц бие, эрүүл мэндийн эрсдэлтэй ахмад настуудын гэрт хөдөлгөөн, температур хэмжигч, чийгшил, гэрэлтүүлэг мэдрэгч төхөөрөмж суурилуулжээ. Ингэснээр гэрт нь ямар нэгэн асуудал гарвал мэдээллийн хяналтын ажилтнууд тэдэнд цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авах юм байна.

Хотын IoT хөдөлгөөн мэдрэгчийг онцгой байдлын үеийг урьдчилан мэдээлэхээс гадна эрүүл мэндийн улмаас гэртээ ухаан алдсан ахмад настан, эсвэл тэнүүчилж, төөрч болзошгүй сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг аврах зорилгоор бүтээжээ.

НҮБ-аас гаргасан судалгаагаар, 2050 он гэхэд дэлхийн хүн амын 70 хувь нь хот, суурин газарт “шигдэх” нь. Тиймээс инновац, технологи, эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжилд тэмүүлсэн ухаалаг хотын хөтөлбөр, санаачилга энд тэндгүй өрнөсөөр, дэлхий тийш тэмүүлсээр...

Эх сурвалж: rankingroyals.com, citiesforum.org

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол