30,Sep 2023
| Нийтэлсэн Apr 8, 9:09 | НИЙГЭМ
Үнийн хөөрөгдлийг эсэргүүцэж, 18 настай охины түүчээлэн эхлүүлсэн жагсаал өчигдөр улам өргөжиж, Сүхбаатарын талбайд мянга гаруй хүн цугласан байв. “Монголдоо сайхан амьдаръя” уриатай тайван жагсаж буй залуус төрөөс тэгш эрх, шударга ёсыг шаардаж байна. Хаврын хаварт өрнөдөг жагсаалаас энэ жилийнх арай онцлогтой байна. Тэдний олонх нь 18-30 гаруй насны залуус буй юм.
“Тэмцдэггүй ард түмэн мөхөж, урсдаггүй гол ширгэдэг”. Энэ үгийг далайн эрэг сахисан загасчны буурай тосгоноос "Азийн бар" болтлоо цойлсон Сингапурын Ерөнхий сайд агсан Ли Куан Ю хэлжээ. Бид түүхэндээ хэдэн удаа тэмцэж эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж авсан билээ.
Энэ удаад эх орны ирээдүй болсон залуу үеийнхэн үзэл бодлоо илэрхийлэн жагсаж байгаа нь тэдний нийгмийн идэвх, оролцоо сайжирч буйг илтгэнэ. Тэнд цугларсан ахмадууд ч “Одооны залуус сүрхий болжээ” гэлцэх. “Аль нэг нам, холбооны турхиралтаар хийсэн жагсаал харж байснаас энэ удаагийнх шиг ийм тайван, соёлтой, зөв шаардлагатай, ёс зүйтэйг нь үзсэнгүй” гэх үгийг өчигдөр талбайд цуглагсад хэлж байв.
Тэнд цугласан нь ахмадууд ч “Одооны залуус сүрхий болжээ” гэлцэх. “Аль нэг намын юмуу, холбооны турхиралтаар хийсэн жагсаал харж байснаас энэ удаагийнх шиг ийм тайван, соёлтой, зөв шаардлагатай, ёс зүйтэй жагсаал үзсэнгүй” гэх үгийг өчигдөр талбай дээр цуглагсад хэлж байв. Цуглагсад |
Өчигдөр үдийн алдад очиход талбайд цугларсан жагсагчид лоозон барин, Засгийн газрын ордныг гороолж байв. Ингэхдээ тэд “Ажлаа хий”, “Өөрсдөө хий”, “Та нар төсвөө тана”, “Өлсөж үхлээ”, “Амьдармаар байна” зэрэг үгийг дуу хоолой нэгтэйгээр хэлж байлаа. Эндээс ажигласан эерэг зүйл бол залуу үеийнхэн хараал хэлэх, “дунд хуруу гозойлгох" зэргээр ямар нэгэн бүдүүлэг үйлдэл, хандлага гаргасангүй.
Залуусын ийнхүү дуу хоолойгоо нэгтгэж буйн гол зорилго нь үнийн өсөлтийг бууруулж, цалин нэмэгдүүлэх хэдий ч дор бүрнээ өөрсдийн гэсэн дайх үгтэй иржээ. Тэдний барьж зогсох лоозонд “Ажлын байраа нэмэгдүүлье”, “Эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалъя”, “Ард түмэндээ хайртай бай”, “Үйлдвэр барья”, “Хүүхэд сугалаагаар цэцэрлэгт оруулдгаа больё”, “Татварын дарамтаа зогсооё” зэрэг утгатай үг харагдана.
Тэд “Ахмад үеийнхэн социализмын нийгэмд, картын барааны үед амьдарч ирсэн. Бидний аав, ээж одоогийн залуус хатуужилгүй, зовлон үзээгүй тэвчээргүй гэдэг. Гэхдээ энд тэвчээргүй залуус л цугларсан байна” гэцгээсэн юм. Нэг ёсондоо үүнээс илүү тэвчих шаардлагагүй гэж үзжээ.
Мөн жагсагчдын дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч ирсэн байв. Тэдний төлөөлөл Б.Өлзийбаяр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өнөөдөр нийгмийн харилцаанд ороход асар хүндрэлтэй байдаг. Сурч боловсроход, нийтийн тээвэрт суухад, бүх төрлийн үйлчилгээ авахад өдөр тутамдаа бид асуудалтай тулгардаг. Сэтгэл зүйгээ хэчнээн бэлдсэн ч нийгэм нь хүлээж авдаггүй. Над шиг тэргэнцэртэй хүмүүс гудамжаар явахад адаглаад зам, талбай нь хүртээмжгүй. Автобус нь суух зориулалтын шатгүй, такси төвөгшөөгөөд авдаггүй. Иймд ганцаараа зорьсон газраа ч хүрч чаддаггүй" гэлээ. Дээр хэлсэнчлэн жагсагчдын нэлээд хувийг 18-20 насныхан эзэлж байв. Тэдний төлөөлөл болгон “Отгонтэнгэр” дээд сургуулийн оюутан У.Мөнхжингөөс хэдэн зүйл лавлав.
- Яагаад жагсаалд оролцов?
-Өнөөдөр оюутнуудын хувьд амьдрах орчин, нөхцөл, идэх хоолноос эхлээд асуудал, бэрхшээл олон байна. Өдрийн хоол л гэхэд ердөө хуушуур, пирожкиноос илүүг авах боломжгүй. Оюутнууд ч эрүүл байх, сурч боловсрох эрхтэй. Бид энэ эрхээ эдэлж чадахгүй байгаа. Сурах орчин, нөхцөлөө сайжруулж, бусад орны залуустай хөл нийлүүлэн алхмаар байна. Барааны үнийн өсөлт бидэнд ч хүндээр туслаа. Манай аав гэхэд сарын 800 мянган төгрөгийн цалин авдаг нь хаанаа ч хүрэлцдэггүй. Дээр нь сургалтын төлбөр жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь дарамт болдог. Монголын хүүхэд, залуус бүрт сурах эрхийг нь нээж өгөхийг үнэхээр их хүсэж байна.
-Өнөөгийн оюутнуудад гадаадад сурч боловсрох хүсэл их байдаг. Чамд тийм бодол бий юү?
-Гадаад гэхээсээ илүү Монголдоо сурах нь надад гоё. Бид өөрсдийн эх оронтой байж заавал харийн орныг зорьж, мөнгө үрэх хэрэггүй гэж боддог. Монголд олон их, дээд сургууль бий. Хичээгээд сурвал эх орондоо ямар ч мэргэжлийг хямд өртгөөр эзэмшиж болно. Гэвч Монголд тэр боломж, нөөц нь өнөөдөр хомс байна. Залуусын сурч, боловсрох хүсэл зориг нь гал шиг асавч нийгэм нь унтрааж байна. Тиймээс олонх нь гадаадад сурахыг илүүд үздэг.
-Баярлалаа
Төв талбайд дуугаа нэгтгэх гэж ирсэн олон хүн энэ удаагийн жагсаалыг "Битгий улс төржүүлээсэй" гэсэн юм. Хэний ч явуулга, чиглүүлгээр бус, өөрсдийн итгэл үнэмшлээрээ цугларсан гэдгээ ч залуус илэрхийлж байлаа.
Жагсагчдыг үүрийн 4.30 гэхэд албадан тараав
Тайвнаар үргэлжилсэн жагсаал 22.00 цагаас хойш нэлээд эмх замбараагүй болов. Энд тэндгүй сэтгэл хөөрөлдөө автсан хөлчүү хүн ч олшров. Тиймээс 03.30 цагаас хойш цагдаа нар жагсагчдыг хүчээр тарааж эхэлсэн бөгөөд үүнийг эсэргүүцсэн зарим хүн чулуу хүртэл шиджээ. Үүний улмаас арав гаруй залууг албадан баривчилсан байна. Талбайд 200 гаруй цагдаа хамгаалалтад ажилласан бөгөөд үймээн гаргасан хүмүүсийг хоёр, гурваар нь нийлэн өргөж, чирч авч явсан юм.
Жагсаал үүрийн 05.00 цаг гэхэд ерөнхийдөө тарж, хөл хөдөлгөөн хэвийн байдалдаа оров. Үзэл бодлоо илэрхийлж буй залуус өнөөдөр, маргааш ч үргэлжлүүлнэ гэлээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ