08,Dec 2023
| Нийтэлсэн Mar 18, 9:09 | НИЙГЭМ
Үндэсний соёл, амралтын хүрээлэн (ҮСАХ) буюу хүүхдийн паркийн газрыг зориулалтын дагуу ашиглах, иргэн бүрт нээлттэй байлгах үүднээс хашаа, хайсыг нь өнөөдрөөс буулгаж эхэллээ. Хотын дарга Д.Сумъяабазар хэлэхдээ “ҮСАХ нь 1965 онд Хүүхдийн парк нэртэйгээр ашиглалтад оруулсан. Гэвч сүүлийн жилүүдэд иргэдийн хүссэн хэмжээнд хүртэл хөгжүүлж чадсангүй. Тиймээс “Иргэн төвтэй жил”-ийн хүрээнд нэн тэргүүнд паркийн хашааг буулгаж байна. Соёл, амралтын хүрээлэн нь хашаатай, иргэд нь орж чаддаггүй ийм хот дэлхийн хаана ч байхгүй. Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх эхний алхам нь хашаа, хайснаас нь салгах юм. Өнгө үзэмж муутай, өндөр сараалжин хашаа барьснаас болж иргэд парк руу нэвтэрч чадахгүй олон жил үдсэн. Харин одоо дуртай үедээ салхилах, хүүхэд, залуус спортын олон төрлөөр хичээллэх боломж бүрдэж байна. Хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай ч байгуулна. Энэ мэт бид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ” гэлээ.
ҮСАХ-д энэ онд нийслэлээс 10 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулахаар болжээ. Бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сард эхлүүлэх аж. Ташрамд, ҮСАХ нь 31 га газартай. Өдгөө 14.89 га талбайд 22 тоглоомтой үйл ажиллагаа явуулж буй. Тиймээс энэ жил дөрөв, ирэх онд 5-6 шинэ тоглоом нэмж суурилуулахаар төлөвлөжээ.
Түүнчлэн хөгжүүлэлтийн II шатанд буюу ирэх гурван жилийн хугацаанд нийт 6.9 га газарт битүү дээвэртэй тоглоомын төвүүд, кино театр, музей, галерей, “Түмэн эх” чуулгын шинэ байр, хоол болон худалдаа, үйлчилгээний газрууд, газар доорх 1000 автомашины зогсоол зэргийг барих гэнэ. Ингэснээр ҮСАХ-г дөрвөн улирлын турш ажиллуулах боломж бүрдэх ажээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ