Хүнсний үйлдвэрүүд үнэ "хөөсрүүлж", хариуцлагыг нь жижиглэн худалдааныхан үүрч байна

| Нийтэлсэн Apr 15, 17:05 | НИЙГЭМ

Үзсэн : 674 7

274331256_689998825671118_250396048572909501_n

Үнийн хөөрөгдөл, нийгмийн болж бүтэхгүй бүхний эсрэг залуус гурав хоног Сүхбаатарын талбайд “Ажлаа хий”-ийг шаардаж жагссан. Гэтэл жагсаалын маргаашнаас л үндэсний томоохон үйлдвэрлэгчид болох “Өгөөж”, “Талх чихэр” зэрэг компани бүтээгдэхүүнийхээ үнийг 500-гаас дээш төгрөгөөр нэмсэн. Үүнд дургүйцсэн хэрэглэгчид Фэйсбүүкт “Худалдаж авахгүй байя”, “Хагас килограмм мах авсан нь дээр”, “Транс болон зулын тосны орцтой хороор яах юм”, “Авахгүй бол эд хэн ч биш”, “Үндэсний үйлдвэрлэл нь иргэдээ бодохгүй байхад бид дэмжээд яах билээ” зэргээр давалгаалан бичиж байна.

277923841_679523990041549_2819593179097686182_n өгөөж

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ ханш, иргэдийн амьжиргаа ямар байгаа талаар "Q-cурвалжилга"-ын баг хотын захын гэр хорооллууд дахь хүнсний дэлгүүрээр явж нөхцөл, байдалтай танилцлаа.

Бараа, бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөрт тооцогддог хотын баруун захын хорооллыг өглөө эртлэн зорив. Сонгинохайрхан дүүргийн IV хороо буюу Толгойт ойролцоох хэд, хэдэн дэлгүүрээс өргөн хэрэглээний барааны үнийн талаарх мэдээлэл авах гэсэн ч дургүйцэв. “Махны бөөний төв” дэлгүүрт хонины ястай мах кг нь 11 000, ясгүй нь 13 500, үхрийн цул 16 500, тахианы мөч 15 000, хонины элэг 1000, зүрх кг нь 6500, хуйхалсан толгой 3500 төгрөг гэж байв. Хүнсний дэлгүүрүүдийн үнэ ерөнхийдөө өнгөрсөн долоо хоногоос 500-3000 төгрөгөөр өссөн харагдана.

                     275895047_487296809847975_6017880054667591698_n

Өвдсөн хүүхдээ долоо хоног сахиад, ажилдаа очтол цалин гэж 19 000 төгрөг өгсөн... ---

Хоёр хүүхдээ дагуулан Толгойтын эцсийн автобусны буудлын дэлгүүрээр үйлчлүүлж явсан Сонгинохайрхан дүүргийн III хорооны иргэн С.Энх-Отгоноос тодруулахад “Амьдрал хүнд болж байна. Хоёрхон жилийн өмнө 10 000 төгрөгт “хөөрхөн” юм авдаг байсан. Сая хоёр охиндоо багахан амттан, ганц талх авахад л 30 000 төгрөг болчихлоо. Хийсвэрээр үнээ өсгөдөг дэлгүүр, худалдааны төвүүдэд хяналт тавимаар байна. Ялангуяа нийлүүлэгчдэд хяналт тавих хэрэгтэй. Дэлгүүрийн худалдагч нар дураараа үнэ нэмээд байдаггүй байх. Нийлүүлдэг компаниуд нь л үнээ нэмэхээр дэлгүүрүүд ч дагаад өсгөдөг гэж хардаг. Ганцхан талх л 2800 төгрөг байна. Би уурхайн хувийн компанид ажилладаг. Үндсэн цалин 1.9 сая төгрөг хэдий ч даатгал, суутгалаа төлөөд 1.6 сая төгрөг авдаг. Эхнэр цэцэрлэгийн туслах багш. “Гар дээрээ” 450 мянган төгрөг авбал их юм. Төрийн албаныхан тэр дундаа цэцэрлэгийн багш нарын цалин үнэхээр бага. Хамгийн ачаалалтай ажилладаг атал цалинтай чөлөө ч олгодоггүй. Охин минь хагалгаанд ороод долоо хоногийн чөлөө авахад сарын сүүлч мөнгө 19 000 төгрөг авбал яах уу. Юу идэж, уу гэж байгаа юм бэ. Хүнсээ ихэвчлэн “Сэлэнгэ” захаас цуглуулдаг. Яг үндсэн хэрэглээний мах, гурил, будаа, ногоо, талханд л цалингаа зарцуулдаг даа. Хувцас ч авахаа больсон” гэж ярилаа.

   275887098_4613423235429315_3288487781107082859_n

Бид Толгойтоос урагшлан, Баянгол дүүргийн XX хороо буюу “10 буудал “ орчмоос сурвалжилгаа үргэлжлүүллээ.

Тус хороонд байршилтай “Үлэмж” мини маркет, “Хуримт”, “Кар комплекс” зэрэг хэд хэдэн дэлгүүрийн хаалга татав. Захын хорооллын дэлгүүрүүдэд ерөнхийдөө гол хэрэгцээний гурил, будаа, талх, гурилан бүтээгдэхүүн, пакеттай сүү, тараг, ус, ундаа, архи, амтлагч, 200, 300 граммаар савласан мах, бууз, банш болоод бусад ахуйн хэрэгцээний эрээвэр, хураавар зүйлс  өрөөстэй. Хүний эрүүл мэндэд хэрэгцээт гэхээс илүүтэй хорлох бүтээгдэхүүнүүд ч харагдана. Жимс, нарийн ногоо зарж байгаа дэлгүүр ч бараг алга. Худалдан авагчдын хэрэгцээнд тааруулж буй нь тэр.

278140829_410218987596658_2524609180840349840_n

278273443_559361905407348_4373072605398435641_n

Гурилан бүтээгдэхүүнүүд 4000-6000,  сүү 0.5 савлагаатай нь 1800-гаас дээш, нэг литр нь 3800-4500, будаа 3000-6700 хооронд, бууз банш кг нь 10 000-12 000, ус, ундаа 1500-6000 хооронд хэлбэлзэнэ.

 “Кар комплекс”-ын худалдагчаас дараах тодруулгыг авав.

-Бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийг иргэд хурцаар шүүмжилж буй. Үүний шалтгааныг та юу гэж бодож байна вэ?

-Бизнес эрхлэгчдэд ч үнийн хөөрөгдөл их нөлөөлж байна. Нийлүүлэлтийн бараа нэг ирэхдээ л 10-40 хувь нэмэгдэнэ. Сая л гэхэд талх, гурилан бүтээгдэхүүний үнэ 200-400 төгрөгөөр өсжээ. Үйлчлүүлэгчид  худалдагч руу л уур бухимдлаа гаргадаг. Гэтэл бид өөрсдөө дураараа үнэ нэмдэггүй.

-Дэлгүүрүүдийг л үнээ нэмлээ гэж хардах хүн олон. Энэ тал дээр тайлбар өгөөч?

-Ерөөс тийм асуудал байхгүй. Дэлгүүр 10-20 хувийн ашгаа л авдаг.

-Ямар төрлийн бараа, бүтээгдэхүүн хамгийн өндөр үнэтэй байна вэ?

-Дотоодын үйлдвэрлэгчид л бүтээгдэхүүнийхээ үнийг хамгийн их нэмж байна. Жишээ нь “Сүү”, “Талх чихэр”, “Өгөөж” байна. Тэд үнээ 500, 600 төгрөгөөр нэмэхэд л бид 200 төгрөг нэмж зардаг. Тэгэхгүй бол өөрсдөө алдагдалд орно. Тэгээд л ганц талх 2500 давлаа гэж иргэд бухимдаж байна.

-Нийлүүлэгчид үнэ нэмж байгаагаа юу гэж тайлбарладаг вэ. Та нар тэдэнд шаардлага тавьдаг уу?

-Биднийг асуухаар хил гааль, сав, баглаа боодлын үнэ өссөн л гэдэг. Түүхий эдийн нийлүүлэлт бага байна гэнэ. Барааг нь авахгүй байя гэхээр дэлгүүрийн борлуулалт, хүмүүсийн худалдан авалтаа бодоод зайлшгүй татдаг.

-Импортын барааны нийлүүлэлт ямар байна вэ?

-Импортын бараа зарим нь тасарсан. Оруулж ирж байгаа нь 20 хувийн нэмэгдэлтэй байгаа. Ер нь бүх бараа нэмэгдсэн дээ.

-Хэрэглэгчдийн худалдан авах чадвар хэр байна?

-Зарим дундаж, дундаас доош орлоготой өрхүүдийн худалдан авалт эрс багассан нь ажиглагддаг. Энэ хавиар том оврын тээврийн жолооч нар их үйлчлүүлдэг болохоор харьцангуй гайгүй. Гэхдээ үнэ хараад л ихэнх нь бухимддаг. Хоёр, гурав хоноод л орж ирэхэд нь үнэ өөрчлөгдчихсөн байдаг болохоор арга ч үгүй биз дээ.

-“10 буудал” орчмын дэлгүүрийн бараа, бүтээгдэхүүнийг харьцангуй үнэтэй гэх юм. Бусад газартай үнээ харьцуулж үзсэн үү?

-Мэдэхгүй ээ. Манайх яг ашгаа нэмээд л зардаг. Бусадтай харьцуулсан зүйл байхгүй.

-За, баярлалаа.

XX хороон дахь өөр хоёр, гурван супермаркетаар ороход “хэлэлцсэн” мэт ижил хариулт өгч байв. Автобусны буудал дээр байрлах, үйлчлүүлэгч ихтэй “Хуримт” дэлгүүрийн эзэн Ганзориг “Манай үйлчлүүлэгчдийн худалдан авалт их муудсан. “Үнэтэй юм, мөнгө хүрэхгүй байна, зээлүүлээч” л гэсэн хүмүүс их боллоо. Ард түмний амьдрал үнэхээр хүнд болж байна. Бараа, бүтээгдэхүүний үнэ цаанаасаа нэмэгдээд ирж байна. Гурилын үнэ нэмэгдээгүй атал талх, нарийн боов хоёр, гуравхан хоногийн өмнөхөөс л 200-500 төгрөгөөр өсчих жишээтэй. “Өгөөж”, “Талх чихэр” зэрэг компанийх бүр давамгай өндөр үнэтэй. Том компаниуд үнэ нэмэнгүүт жижиг цех, үйлдвэрүүд дагаж “хуйлардаг”. Манайх энэ хавьдаа үнэ харьцангуй гайгүй нь. Дэлгүүрүүд ер нь 15-20 хувь нэмэх эрхтэй . Бид яг л 15 хувиа баримталдаг. Их нэмэх боломж ч байхгүй. Юмны үнэ нэмлээ гэж талбайд залуус жагсаж байхад үйлдвэрүүд эсэргүүцэж байгаа юм шиг л ажиллаж байна” гэж ярилаа. Бусад дэлгүүрт 4000 төгрөг давсан пакеттай тараг энд 3800, сүү 3700, элсэн чихэр 3000 төгрөг гэж байв.

Цаашлаад Хан-Уул дүүргийн X, XVI хороо буюу Нисэх хавиар “эргэлдэхэд” байдал мөн л ижил байлаа.

                             278279262_363345615730820_9031131628433830505_n

X хорооны иргэн С. Мөнхцэцэг дээрх иргэдтэй ижил өнгө аястай зүйлс хэллээ. Тэрбээр тус хороонд үсчин хийдэг. Цар тахлын улмаас ажил нь хоёр жил гаруйн хугацаанд бараг л зогсжээ. Үсээ засуулах иргэд эрс багассан тул долоо хоногт хоёр өдөр л ажилладаг болсон байна. Тэрбээр “Манай хороонд “Атар” талханд ч мөнгө нь хүрэлцэхгүй иргэд цөөнгүй байдаг. Талх хувааж зардаг бол авах хүн олон. Манайх гэхэд нарийн ногоо өмнө нь хангалттай авдаг байсан бол одоо багассан. Залуусын хувьд амьдралын нөхцөл нь бүр л хүндэрч байна” гэсэн юм.

277407410_505430187795572_5477009594746563057_n

Нисэхийн дэлгүүрүүдэд бүтээгдэхүүний үнэ харилцан адилгүй байв. Зарим дэлгүүрт сүү, сүүн бүтээгдэхүүн үнэтэй байхад, нөгөөд нь талх, нарийн боов, ургамлын, тос, элсэн чихэр илүү өндөр. Тэр хавийн дэлгүүрийнхэн мөн л “Өгөөж”, “Талх чихэр”, “Сүү”, “Апу” зэрэг үндэсний томоохон үйлдвэрлэгчид хамгийн их үнээ нэмж байгааг онцолж байлаа.

Ташрамд, Үндэсний статистикын хорооны гуравдугаар сарын судалгаагаар, хүнсний бүтээгдэхүүн, барааны үнэ өнгөрсөн сарынхаас 0.8 хувиар өсжээ.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол