23,Mar 2023
| Нийтэлсэн Mar 10, 6:06 | Язгуур
Төв Азийн нутгаар хоёр мянган жилийн тэртээд амьдарч байсан, Монголын анхны төрт улс болох Хүннү гүрний үед хамаарах олон зуун дурсгал манай улсын нутаг дэвсгэрт хадгалагдан үлджээ. Археологичид хүннүчүүдтэй холбогдох 15 мянга гаруй булш илрүүлснээс 13 мянга орчим нь Монголын нутгаас олдсон юм байна. Тэдгээрийн дотор Хүннүгийн язгууртан хэмээн тогтоосон 2000 гаруй булшийг Ноён уул, Гол мод, Бор булаг, Тахилтын хотгор зэрэг газраас илрүүлжээ.
Эртний язгууртнуудын оршуулгын цогцолбор газар гэдгээрээ алдартай Ноён уулын судалгааг анх 1924 онд П.К.Козловоор ахлуулсан Оросын судлаачид эхлүүлсэн юм. Улмаар манай Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн, ОХУ-ын судлаачидтай хамтран “Ноён уулын булшны археологийн судалгаа” төслийг 2006 оноос хэрэгжүүлсэн.
Төслийн хүрээнд 1300 орчим олдвор шинээр илрүүлснээс 400 орчмыг нь Монголын үндэсний музейд дэлгэж, олон нийтэд толилуулж байна. Ёслол үйлдэж буй хүмүүсийн дүрс бүхий нэхмэл эдлэл, ханз бичээстэй модон аяга, хаш эдлэл, шүхэрт сүйх тэрэг, хүрэл толь, Дундад Азийн эртний улсуудад холбогдох торго, даавуу, эртний Грек, Ромын домгийн бурхдыг дүрсэлсэн хөөмөл мөнгөн чимэглэл тэргүүтэй Хүннү гүрний соёл, гар урлал, гадаад харилцааг илтгэх ховор олдворуудыг тус үзэсгэлэнгээс харж болно. Үзэсгэлэн ирэх тавдугаар сарын 1 хүртэл нээлттэй.
Хүннүгийн язгууртны оршуулгын байгууламж нь урвуу харсан пирамид хэлбэртэй байдаг. Зурагт харагдаж буй байгууламжийн гүн нь 18.35 метр. Энэ нь зургаан давхар байшинтай дүйцэх аж. Үүнийг ил гаргахын тулд 1600 орчим тонн шороо, чулууг оюутан, судлаачид гараар малтан гаргажээ.
Шүхэрт сүйх тэрэг. Энэхүү олдвор нь цаг хугацааны уртад нэлээд элэгдсэнээс гадна тонуулчдын ухсан нүхэнд зарим хэсэг нь өртөж, эвдэрсэн ч сэргээн засварлах боломжтой байжээ. Сүйх тэрэг нь хоёр дугуйтай, хоёр юм уу гурван морь хөлөглөдөг, тэвшин дээр нь нарны хаалт болгон хийсэн шүхэр бүхий гоёмсог хийцтэй аж. Тэрэгний мод хар, улаан өнгийн чий будагтай байгаа нь ёслолын зориулалттай байсныг илтгэж буй гэнэ. Сүйхний чимэглэлүүдийг хүрлээр цутгаж, алтаар бүрсэн. Хөлөглөж байсан морины тоног нь ганц эвэрт бэлгэт гөрөөс, янгир, луу зэрэг амьтны дүрстэй мөнгөн чимэглэлтэй байж. Үүнээс үзвэл уг булшны эзэн Хүннүгийн Шаньюн урагт хамаарах “Эвэртэн ван” байсан болов уу хэмээн судлаачид таамаглажээ.
Ноён уулын өөр нэгэн өвөрмөц олдвор нь эртний Грек, Ромын домгийн бурхдыг дүрсэлсэн хөөмөл мөнгөн чимэглэл. Уг олдворыг тухайн үеийн язгууртан бэлгэнд авсан, эсвэл олзны эд зүйл байх магадлалтай хэмээн таамаглаж буй.
Язгууртны бунхны хойд хэсэгт ихэнхдээ ваар, сав тавьсан нь идээ, ундааны зүйлс дагалдуулдаг байсан зан үйлийн шинж аж. Ёроолд нь үлдсэн оромноос харвал ваарыг хүрдэн дээр эргүүлж хийдэг байжээ. Зарим ваарных нь гадна тал хөө тортог болсон байдаг нь тогоо болгон ашиглаж байсныг гэрчилнэ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ