08,Dec 2023
| Нийтэлсэн Mar 14, 4:04 | Эрх зүй
Сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцээд аялах ч боломжгүй байлаа. Харин өдгөө "Ковид-19"-ийн эрч буурч, хил нээгдэхтэй зэрэгцэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас жуулчлалыг сэргээх зорилгоор он гарснаас хойш “Өвлийн аялал жуулчлалын менежмент” тэргүүтэй хэд хэдэн арга хэмжээ, хурал цуглаан зохион байгуулж, бүр Болгарт болсон олон улсын үзэсгэлэнд ч оролцов. Иргэд ч аялахаар зуныг тэсэн ядан хүлээж буй биз ээ. Тэгвэл зун гэлтгүй өвөл ч адал явдалтай, сонирхолтой аялах газрууд манай улсад олон бий. Энэ удаад Хөвсгөл рүү өвөл аялах талаар бяцхан зөвлөгөө хүргэе.
Хөвсгөлийн өвлийн аяллын сонирхолтой таван санаа
1. “Хөх Сувд” мөсний баяр
Уламжлал болгон 20 дахь жилээ зохион байгуулж буй энэхүү баяр нь энэ сарын 3-4-нд болж өнгөрлөө. "Хөх сувд" мөсний баяраар Хөвсгөлийн олон төрлийн өнгө төрхийг нэг дор харах боломж олгодог.
Тухайлбал, нохой чарганы уралдаан үзэж, морин чарганд сууж, мөсөн шагайн харваа, олс таталтын тэмцээн болоод бусад наадгайнд оролцох боломжтой. Энэ жил мөсөн дээр гар бөмбөгийн тэмцээн хүртэл зохион байгуулжээ.
Мөн нутгийн уугуул иргэд цаатнуудын уламжлалт дуу хуур, соёлыг таниулах зорилготой урлагийн тоглолт болон тэдний бэлдсэн гар урлалын зүйл, идээ цагааны үзэсгэлэн гагардаг аж. Зөвхөн цаатнуудаар ч тогтохгүй энэ жилийн “Хөх Сувд” баяраар халх, буриад, урианхай, хотгойд угсаатны урлагийн тогтолт болжээ. Тув тунгалаг мөсөн баримал, хотхон энд сүндэрлэнэ.
2. Нуурын нэг захаас нөгөөх хүртэл мөсөн дээгүүр аялж, урцанд хоноглох
Хамгийн цэнгэг устайгаараа дэлхийд хоёрдугаарт бичигддэг “Далай ээж”-ийн болор шиг тунгалаг мөсөн дээгүүр хөндлөн гулд аялана гэдэг гайхалтай биш гэж үү. Өвөлдөө нуурын мөс уртаашаа 130-140 км, гүндээ нэг метрийн зузаантай сунаж тогтдог юм байна. Энэ замыг нохой, морин чарга, эсвэл зөвхөн цанаар туулах жуулчлалын маршрутыг сүүлд аялалын комапиниуд ихээр зохион байгуулдаг болсон байна лээ шүү. Зүгээр ч үгүй замаараа урцанд хоноглох бөгөөд ихэвчлэн 3-4 хоногийн аялал болдог аж. Жинхэнэ адал явдал эрэлхийлэгчдийн аялал. Үнийн хувьд 1-1.5 сая төгрөг юм байна.
3. Цасанд хучигдсан үзэсгэлэнт ойгоор аялах
Хатгал тосгон, Ханх, Хотгойдын хонхор, Тэнгисийн зүрх тэргүүтэй хамгийн үзэсгэлэнт газруудаар зочилж, өвлийн ойгоор зугаалаарай. Зуны ойд өнгө өнгийн цэцэг дэлгэрээд сайхан л даа. Гэхдээ ямар ч тоос буртаг унаагүй, цав цагаан Хөвсгөлийн өвлийн ой нь үлгэрийн орноор аялаж буй мэт сэтгэгдлийг танд төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ингэж зугаалахад заавал үнэтэй аялалын компани гэлтгүй, туршлагатай хүнтэй явсан ч болно шүү дээ.
4. Цаатнуудын урцанд шинэ оныг угтвал ямар вэ?
Сүүлийн жилүүдэд цэнгэг агаарт, дүнзэн байшинд шинэ оноо тэмдэглэдэг хэв маяг нэлээд түгээд буй. Тэгвэл Монголд л ганцхан харах боломжтой Хөвсгөлийн ой тайгад, -30-40 хэмийн хүйтэнд баяр тэмдэглэнэ гээд төсөөлөөд үзээрэй. Орой нь галын наадам хийгээд л. Ингэж баяр тэмдэглэхээр төлөвлөж байгаа бол дулаахан хувцас, хөвсгөр хөнжил үслэг дэвсгэр, мэдээж орчны уур амьсгал бүрдүүлэх гэрэл чимэглэл бас бус зүйлсээ битгий мартаарай.
5. Загасчлах хоббитнуудад зориулсан хөтөлбөр
Загас агнуур, спорт загасчлалын хорхойтнуудад зориулсан тусгай хөтөлбөрийг зарим клуб, аяллын компаниуд зохион байгуулдаг юм байна. Хөвсгөл далай нь загасны төрөл зүйлээрээ Монголд хамгийн томд ордог. Гэхдээ эх орныхоо байгалийн үнэт баялгийг алж усгах биш, спорт болгон хөгжүүлэх нь чухал. Өвлийн спорт загасчлалын “Хөвсгөлийн цом” олон улсын тэмцээнийг ч мөн энд уламжлан зохион байгуулдаг юм.
Өвөл Хөвсгөл рүү аялахад юу бэлдэх вэ
Монголын хамгийн хүйтэн цаг ууртай газарт очих тул маш сайн дулаан хувцастай явах хэрэгтэй. Өвөлдөө бүс нутгаасаа шалтгаалж -25-40 градусын хүйтэн байдаг. Зориулалтын цасны хувцас, үстэй дээл, хоёр ээлжийн гутал, үнэгэн малгай гээд байж болох хамгийн дулаахан хувцсаа зэхээрэй. Хөнгөн зузаан дэвсгэр хэзээд илүүдэхгүй шүү. Жижиг ууттай "халуун элс" хэд хэдийг бас авчихаарай. Хөл, гар бээрч магадгүй. Мэдээж уух дуртай кофе, цай, амттанаа мөн бэлдэнэ. Аялалд гарахад сайхан дурсамжтай үлдэхийн тулд сайн чанарын камер их чухал. Цас мөсний "орон" луу явж байгаа болохоор чаргаа битгий мартаарай. Төлбөртэй төрөл бүрийн чарга байх ч ядаж хүүхдүүдээ суулгаад чирэх нөөцтэй явахад гэмгүй. Аяллаа хөгжилтэй, сонирхолтой, тав тухтай болгох тоглоом наадгай, гэрэл чимэглэлээ ч аваад яваарай.
Хөвсгөл аймаг руу сонирхолтойгоор аялж болох ердөө таван жишээг энэ удаад дурдсан бөгөөд үзэж харж дуусашгүй их, сайхан байгалтай нутаг билээ.
Э.Эрдэнэ
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ