24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 8, 12:12 | Аялал жуулчлал
“Ковид-19”-ийн тархалт буурч байгаатай холбогдуулан дэлхийн улс орнууд хөл хориогоо сулруулж, зарим нь жуулчдад хилээ бүрэн нээжээ. Хэрэв та хилийн дээс алхахаар зэхэж буй бол доорх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.
Индонез
Тус улс гуравдугаар сарын 21-нээс вакцин хийлгэсэн гадаадын бүх иргэнийг хилээрээ нэвтрүүлж эхэлжээ. Гэхдээ “Ковид-19”-ийн шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүн л Индонезийг зорих нь.
Вьетнам
“Өсөх луугийн орон” гэгдэх энэ улс гуравдугаар сарын 16-наас хорио цээрийн бүх дэглэмээ цуцалсан боловч ирэх гийчдээс коронавирусийн шинжилгээний сөрөг хариуг шаардаж байна.
Британи
Гуравдугаар сарын 18-наас туршилтын байдлаар цар тахлын үеийн аялал жуулчлалын бүх хязгаарлалтыг “зөөлрүүлж” эхэлжээ. Тэнд амны хаалт заавал зүүхийг шаардахгүй. Түүнчлэн зочид буудлын хорио цээрийн бусад дэглэмээ ч цуцалсан аж. Гэвч британичууд цар тахлын нөхцөл гэнэт өөрөөр эргэвэл ”байлдааны” бэлэн байдлын төлөвлөгөөгөө боловсруулсан байна.
Өмнөд Солонгос
Тус улсын Засгийн газар өнгөрсөн сарын 21-нээс эхлэн хорио цээрийн дэглэмээ цуцалсан. Гэсэн ч Солонгосын Эрүүл мэндийн газраас хилээр нэвтэрсэн иргэд эхний долоо хоногтоо түргэвчилсэн шинжилгээ өгөхийг шаардаж байгаа аж.
Ирланд
Энд гуравдугаар сарын 6-наас хойш аялал жуулчлалын бүх хязгаарлалтаа цуцалжээ. Ирланд улс гадны зочдоос вакцин хийлгэснийг нотлох бичиг баримт, шинжилгээний сөрөг хариуг бусдын адил “нэхэх” юм байна шүү.
Израиль
Израиль улс гуравдугаар сарын 1-нээс эхлэн бүх жуулчдыг хүлээн авахад бэлэн болсон байна. Тус улсыг зорих гэж буй бол PCR шинжилгээний сөрөг цаасаа “өвөртлөх”-өө мартуузай.
Норвеги
Эл улс амны хаалт зүүх, тусгаарлах дүрмээ ч цуцалсан ба хоёрдугаар сарын 12-ноос гадаад жуулчдаас “Ковид-19”-тэй холбоотой аливаа бичиг баримт, шинжилгээ шаардахаа больжээ.
Шинэ Зеланд
Тус улс тавдугаар сарын 1-нээс Малайз, Сингапур, Британи, АНУ зэрэг 60 гаруй орны жуулчдыг визгүй болгожээ. Гэхдээ жуулчид явахын өмнө “Ковид-19”-ийн шинжилгээний сөрөг хариутай байх ёстой. Эс бөгөөс тус улсад ирсэний дараа эхний долоо хоногтоо хоёр удаа шинжилгээ өгөх шаардлагатай болно.
Энэ мэтчилэн Австрали, Итали, Канад, Нидерланд, Энэтхэг улс ар араасаа жуулчдад тавьсан хязгаарлалтаа зогсоогоод байна.
Эх сурвалж: www-prestigeonline-com
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ