“Хог түүгчдийг” бүү адал, тэд ч бас баялаг бүтээгч

| Нийтэлсэн Mar 10, 10:10 | Эдийн засаг

Үзсэн : 413

Манайхан “хог” түүж амьдардаг иргэдийг “хог түүгчид”, гудамжны хүмүүс, нийгмийн эмзэг бүлгийнхэн, хотын өнгө үзэмж доройтуулагчид хэмээн ад үздэг. Харагдах үзэмж нь бараан боловч харах өнцгөө өөрчилбөл тэд бол баялаг бүтээгч, эх дэлхийгээ аврагчид юм. Хэн нэгний хэрэггүй хэмээн чулуудсан хэрэгцээтэй хогийг тэд цуглуулан, эдийн засгийн эргэлтэд оруулж, орчноо цэвэрлэж буй чамлахааргүй хувь нэмэртэй хүмүүс.

Нэг ширхэг хуванцар сав газарт шингэхэд 20-500 жил зарцуулдаг гэсэн судалгаа бий. Энэ хугацаанд хөрс, гүний усыг бохирдуулж, улмаар амьтан, ургамал ч хордсоор байдаг. Харин “хог” цуглуулдаг нэг хүн өдөрт багадаа л 100 ширхэг хуванцар сав цуглуулдаг гэх. Тэгвэл тэд ажиллах хугацаандаа ямар их хэмжээний хор хөнөөлийг эх дэлхийгээс зайлуулдаг гэж бодно.

Манай улс жилд дунджаар 300 мянган тонн хог хаягдлыг дахин боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэн, урд хөршид нийлүүлдэг байна. Хог дахин боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр хангадаг гол хүмүүс нь харин “хог түүгчид” юм. Тиймээс тэд ч бас баялаг бүтээлцэж буй хүмүүс яах аргагүй мөн байгаа биз. Хогоо дахин ашиглах буюу тойрог эдийн засгийг хөгжүүлэхэд тэдний оролцоо энэ мэт багадахгүй. Хогоо ангилж хаядаггүй, тэр тухай ч мэддэггүй гэрийн эзэгтэйгээс л илүү бодитой хувь нэмэр оруулж буй.

content_11148378_967685609921009_2672173748728489386_n

Гэтэл үнэлэгддэггүй хэрнээ үнэтэй хөдөлмөр эрхэлж буй тэдэнтэй бид хүн шиг харилцдаг бил үү. Түнтүү дүүрэн “хог” дааж ядан үүрч явахад нь туслах нь битгий хэл ойртох төдийхөнд зайгаа барьдаг нь олон. Хүний ёсоор ярилцах нь байтугай хүссэнээрээ доромжилж, цаашлаад биед нь халдаж буйг олонтаа харж байлаа. “Хог” түүдэг хүн бүрийг архины хамааралтай гэх буруу ойлголт нийгэмд “ноёлдог” нь тэдний ад үзэгдэх гол шалтгаан нь. Мэдээж хэн ч хаягдал цуглуулж амьдралаа залгуулахыг хүсэхгүй ч бусдын л адил үр хүүхдэдээ хоногийн хоолыг нь залгуулахаар зүтгэж байгаа, өвчтэй нэгэндээ эм, тариа авахын тулд, хөгшин ижий, аавдаа цайны сүү дөхүүлэхээр хичээж яваа хүн тэдний дунд олон бий.

Магадгүй бид алхам тутамд тулгарах хэн нэгний гадуурхлын харцаас далдирч , доромж үгсийг нь тэвчин, биедээ ахадсан хүнд ачаа үүрсээр өдөр бүр хэдэн арван километр алхаж чадах болов уу. Харин “хог” түүдэг хүмүүс ингэж чаддаг, тэвчдэг. Тиймээс хэнээс ч илүү хатуужилтай, хөдөлмөрч хүмүүс байх. Тиймдээ ч хогийн цэгээс “өндийж”, дэлхийн шилдэг их сургуульд тэтгэлгээр суралцсан охин, олон хүнийг ажлын байртай болгосон бизнес эрхлэгч залуу гээд тэдний дундаас “төрсөн” цөөнгүй манлайлагч бий. Иймээс тэднийг “хог түүгчид” гэх биш, түүхий эд нийлүүлэгч буюу тойрог эдийн засгийг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж буй хүмүүс гэдэг өнцгөөс нь харж, хүний ёсоор харилцаж сурцгаая. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол