24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 17, 5:05 | Танин мэдэхүй
Хаврын хавсарганаас арьсаа хамгаалаарай
Орчны бохирдол болон хэт ягаан туяа нь арьсыг бохирдуулж, батгашилт, үрчлээ гэх мэт асуудлууд үүсгэдэг. Түүгээр ч зогсохгүй арьсны хорт хавдар тусах эрсдэлтэй. Иймээс арьсаа зөв арчилснаар залуу хэвээр нь хадгалж үлдэхээс гадна хөнгөн, хүнд хэлбэрийн эмгэгүүдээс сэргийлэх боломжтой. Хаврын улиралд хүйтэн, хуурай байдаг учраас арьс ихээр хуурайшиж, гэмтдэг. Энэ үед арьсандаа онцгой анхаарч, хаврын хавсарганаас хамгаалах нь зүйтэй.
Та дараах зөвлөмжийг өдөр тутмын арьс арчилгаандаа хэрэгжүүлээрэй.
Хэт ягаан туяа арьсны хорт хавдар үүсгэдэг
Нарнаас хамгаалах тос нь хэт ягаан туяаны эсрэг шалгарсан арга гэдэгтэй бүх арьсны эмч санал нийлдэг. Зуны, нартай өдөр л нарны тос түрхдэг гэдэг ойлголт өрөөсгөл аж. Хэт ягаан туяа нь хувцсыг “нэвтэлдэг” тул үүлэрхэг өдөр ч нарны тосыг хоёр цаг тутамд түрхэх хэрэгтэй гэнэ.
Тосны “Sun protecion factor” буюу нарнаас хамгаалах хүчин зүйл:
АНУ-ын Арьсны хорт хавдраас урьдчилан сэргийлэх сангаас 30 ба түүнээс дээш “SPF”-тэй, усны хамгаалалттай тос түрхэхийг зөвлөж байна. Энэ нь ганц арьсны хорт хавдраас гадна гиперпигментаци (бор толбо) болон нарны толбоноос хамгаалдаг талаар Нью-Йорк хотод байрлалтай “Spatique medical spa”-ийн үүсгэн байгуулагч, анагаах ухааны доктор Марина Передо дурджээ. Нарнаас хамгаалах тосыг гэрээсээ гарахаас 30 минутын өмнө түрхээрэй.
Арьсаа зөв гуужуулах
Үхэжсэн арьсанд гуужуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн болон скраб хоёр л хангалттай. Аль нь танд тохирохыг арьсны эмчид хандан тодорхойлуулах нэн чухал юм. Биеийн арьсыг энгийн скрабаар гуужуулахад болно. Тогтмол гуужуулснаар арьс зөөлөн, толигор болж, түрхсэн бүтээгдэхүүн илүү сайн шингэнэ.
Чийгшүүлэх найрлагатай тосыг сонгоорой
Бидний түрхдэг тос арьсны төрлөөс хамааран янз бүрийн бүтэцтэй байж болох ч хаврын улиралд тослог чанар багатай чийгшүүлэгчийг сонгох нь зохистой. Жишээлбэл, найрлагадаа гиалуроны хүчил агуулсан тос бүх арьсанд тохирох бөгөөд хуурайшихаас нь сэргийлдэг байна. Гэхдээ гиалуроны хүчилтэй ямар ч бүтээгдэхүүнийг хуурай арьсан дээр түрхдэггүй. Өөрөөр хэлбэл, энэхүү найрлага нь өөрөө чийгшил өгдөггүй, зөвхөн гадаргуу дээрх чийгийг арьсны гүнд шингээнэ.
Амьдралын хэв маяг
Шингэн зүйл тогтмол ууж, тэжээллэг хоол, хүнс хэрэглэх нь арьсны эрүүл мэндэд бидний бодож байгаагаас хавьгүй илүү нөлөөлдөг аж. Биеийн шингэнийг эсийн түвшинд нөхөж, шаардлагатай шим, тэжээл, эрдэс аваагүй нөхцөлд арьсыг хэчнээн тордоод ч нэмэргүй гэнэ. Дасгал, хөдөлгөөн тогтмол хийснээр биеэс хорт бодисыг гадагшлуулан, цусны эргэлт сайжирснаар арьс гэрэлтсэн, толигор хэвээрээ байх тустай.
Эх сурвалж: Skincancer.org, Goodhousekeeping.com
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ