03,Oct 2023
| Нийтэлсэн Mar 14, 6:06 | Сэтгэцийн эрүүл мэнд
“Хавар ирлээ, дагаад хайр ирлээ. Бас сайр “ирлээ” ч гэж манайхан хошигнодог. Тэгвэл хаврын улирал хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ? Бидний хэлж заншсанаар “хаврын синдром” гэж байдаг болов уу?
Өвөл хүний сэтгэл санаа дарагдмал буюу харьцангуй тайван, нам гүм байдаг аж. Яг л амьтад ичдэг шиг. Харин хавар болж гадаа дулаарахтай зэрэгцэн хүмүүсийн сэтгэл зүй тогтворгүй болж амархан баярлаж, гуньдаг байна. Бие махбодын хувьд ч тэнхээ тамир муу, ядаргаа ихтэй байдаг нь өвөл хүнд буюу махан хоол хэрэглэдэг, хүйтэнд их энерги зарцуулдагтай зарим талаар холбоотой гэх.
Сэтгэл судлаачдын хэлж буйгаар цаг агаар дулаарахад хүний сэтгэл гэдэг эрхтэн аливаа зүйлд хурцаар, эсвэл хурдан, удаанаар хариу үйлдэл үзүүлдэг гэнэ. Үүнийг хүмүүс ихэвчлэн “синдромтох” гэж ярьдаг билээ. Гэхдээ хавар илэрдэг сэтгэл зүйн өөрчлөлтүүдийг бүгдийг нь улиралтай шууд холбон үзэх нь бас шинжлэх ухаанч биш гэнэ шүү. Өөрөөр хэлбэл, хүний био хэмнэл харилцан адилгүй байдаг аж. Сэтгэцийн өвчин, сэтгэл зүйн тогтворгүй байдал нь ямар ч шалтгаангүйгээр гэнэт сэдэрдэг шиг хүн бүрт “шизойд” зан хөдлөх “онцгой үе” байдгийг судалсан байна.
Тэгвэл “Википедиа”-д хаврын унтамхай, нозоорсон байдлыг улирал эхлэхтэй холбон тайлбарлажээ. Мөн үүнийг зарим улсад улирлын чанартай "урвуу эмгэг” ч гэж нэрлэдгийг ташрамд дурдаж. Харамсалтай нь, олон бүс нутагт амиа хорлох тохиолдол хаврын улиралд хамгийн олон бүртгэгддэг юм байна.
Нойрмог байдал, сэтгэлийн ийм хямралыг зарим улс оронд "хаврын халууралт" гэж тодорхойлж буй. Жишээ нь, германаар frühjahrsmüdigkeit (хаврын ядаргаа) гэдэг нь эл улиралд олон хүний эрч хүч буурч, ядардаг тул түр зуурын сэтгэлийн тогтворгүй байдлыг ийнхүү тодорхойлсон байна. Германд гэхэд л хүн амынх нь 50-75 хувь нь “хаврын ядаргаа”-нд ямар нэг байдлаар “өртсөн” гэсэн судалгаа гарчээ. Сонирхуулахад, эсрэгээрээ хавар хүмүүсийн романтик зан чанар сэдээгдэж, бэлгийн дур хүсэл нь нэмэгддэг гэнэ шүү.
Хүний бие махбод өдөр бүр, ижил цагт автоматаар тодорхой үйлдэл хийн, биеийн дулаанаа өөрчилж, даавар ялгаруулдаг юм байна. Биологийн энэ хэмнэлийг өнчин тархинаас ялгардаг мелатонин даавар зохицуулдаг аж. Ерөнхийдөө өдрийн гэрэл багасах тусам хүний серотонин хэмээх аз жаргалын даавар нь буурдгийг эрдэмтэд тогтоожээ. Эл дааврын өөрчлөлтөд хүний сэтгэл зүй янз бүрийн хариу үйлдэл үзүүлж буйн нэг хэлбэр нь “хаврын синдром”.
Нөгөөтээгүүр, Монгол орны цаг уур эрс тэс, өвөл хэт хүйтэн байдгаас улирал солигдоход хүний сэтгэл санаа, бие махбодод янз бүрээр нөлөөлөх нь хэвийн үзэгдэл гэж манай сэтгэл судлаачид үздэг. Тэгвэл өвөл нь урт үргэлжилдэг Исланд, Финланд, Норвеги зэрэг Хойд Европын орнуудад хүмүүсийн толгой өвдөх, залхуурах зэрэг шинж тэмдэг III-IV сард нийтлэг илэрдэг юм байна. Учир нь өвөл хүмүүс урт хугацаанд нойр хүргэдэг дааварт “дарлуулсны” дараа тархи гэрэл, дулаан зэрэг мэдэрснээр бие махбод нь ядарч буй мэдрэмжээр “хариу барьдаг” ажээ.
Хэдийгээр анагаах ухаанд “хаврын синдром” гэх өвчнийг албан ёсоор бүртгээгүй ч хүний бие организм, сэтгэцэд улирал дамнасан өөрчлөлтүүд энэ мэт цөөнгүй гардгийг мэдэхэд илүүдэхгүй биз ээ. Тиймээс ихэвчлэн хавар илэрдэг сэтгэл зүйн тогтворгүй байдал, хямралыг хохирол багатай даван туулахын тулд дасгал хөдөлгөөн тогтмол хийх, даарахгүй байх, дугуй унах, агаарт гарч, ууланд алхах, шим тэжээлтэй хоол, хүнсээр биеэ тордох зэрэг энгийн мөртлөө үр дүнтэй эдгээр аргыг мөрдлөг болгохыг сэтгэлзүйчид зөвлөж байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ