Ханиад, томууны үед хүүхдэд асаргаа, сувилгаа шийдвэрлэх үүрэгтэй

| Нийтэлсэн Mar 14, 4:04 | Эмч зөвлөж байна

Үзсэн : 389

IMG_20220311_190331_564

 

Цагаан сараас хойш сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа жигдрэхтэй зэрэгцэн нийслэлийн хэмжээнд ханиад, томууны өвчлөл хурдацтай нэмэгдсээр ирэв. Өнгөрсөн нэг, хоёрдугаар сард нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн дуудлагын 12-20 хувийг хүүхдийнх эзэлжээ. Тэгвэл гуравдугаар сар гарснаас хойш дүүргийн эмнэлгүүдийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгууд өдөр бүр шахам дүүрэн хүнтэй, үйлчлүүлэгчдийнх нь 80-90 хувь нь бага насны хүүхдүүд байгааг эмч нар анхааруулсаар байна.

Эцэг, эхчүүд “халуурсан”, хатгалгаатай хүүхдээ тэврээд 20-30 хүний дараа дугаарлан зогсох нь эмнэлгүүдэд хэвийн үзэгдэл болж. Эмч нар энэ удаагийн ханиад, томууны тархалтыг улирлын чанартай дэгддэг өвчлөл хэмээн мэдээлж буй ч ачир дээрээ коронавирустэй хавсарсан байх магадлалтайг судлаачид хэллээ. Хүүхдүүдийн дунд нус ихтэй, халуурдаг, амьсгалын дээд зам буюу цээж хэржигнэсэн, хурдан хугацаанд уушгины хатгалгаа болон хүндэрдэг шинж тэмдэг бүхий ханиад нийтлэг тохиолдож байгаа аж. Харин үүнийг албаныхан вирусийн гаралтай томуу гэж тодорхойлсон.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа II шатлалын эмнэлгүүдийн хүүхдийн 1100 орчим ор өдгөө дүүрч, хүүхдүүдээ хонгилд, зориулалтын бус орчинд хэвтүүлэн эмчилж байна. Зарим нь ойролцоох цэцэрлэгүүдээс ор авчран, "зулж" байгаагаа учирлах. Эцэг, эхчүүд цахим орчинд "Юун коронавирус вэ, жинхэнэ цар тахал одоо л эхэлж байна" хэмээн шүүмжилсээр буй ч шийдэгдсэн зүйл алга.

Дэлхийд жил бүр 290 000-650 000 хүн нас бардаг

Ханиад, томууны хавсарсан халдвар нь жил бүрийн хүйтэн, сэрүүний улиралд, ялангуяа дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст орших улс орнуудад өргөн тархдаг байна. Энэ нь иргэд, эрүүл мэндийн салбарт ч ихээхэн бэрхшээл, ачаалал учруулсаар буй. Тухайлбал, дэлхийд жил бүр томуугийн зөвхөн хүнд хэлбэр нь гэхэд л 3-5 сая оношлогдож, 290 000-650 000 нас баралт бүртгэгдсээр буй аж.

Ханиад, томууг зонхилон үүсгэгч нь А болон Б хүрээний вирус бөгөөд тэр дундаа аденовирус, риновирус, энтеровирус, хүний мета-пневмовирус, амьсгалын синциталь вирус зонхилон тохиолдсоор байна. Эдгээрээс цөөнгүй нь аюултай, хоруу чанар өндөртэйг ЭХЭМҮТ-ийн ерөнхий зөвлөх, доктор Ш.Энхтөр анхааруулав.

Халдвараас сэргийлж, тархалтыг хязгаарлахад иргэдийн оролцоо чухал

Эдүгээ хүн амын дунд дэгдээд буй томуу, томуу төст өвчний үед иргэд, эцэг, эхчүүд дараах зөвлөгөөг анхаарч, хэрэгжүүлэх шаардлагатай аж. Тухайлбал, иргэд халдвараас сэргийлэн, тархалтыг хязгаарлахад идэвхтэй оролцох нь чухал болохыг Ш.Энхтөр зөвлөх хэлсэн. Хоёр жил шахам ярьж, сурталчилсан зай барих, амны хаалтыг зөв, тогтмол хэрэглэх, гараа угаах, хөдөлгөөн хязгаарлах зэрэг энгийн дэглэм сахих, томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн бол нуулгүй эмнэлэгт яаралтай хандах, санаатай болон санамсаргүйгээр бусдад халдвар тараахгүй байхыг тэрбээр уриалав. Ялангуяа томуу, томуу төст өвчин дэгдэх үеэр хүүхдэд хийх асаргаа, сувилгаа нь шийдвэрлэх үүрэгтэйг тэрбээр дараах байдлаар тодорхойлов. Үүнд:  

-Эцэг, эх, асран хамгаалагч нар эмч, мэргэжилтнүүдтэй хамтран нэг баг болон ажиллавал ямар ч өвчнийг даван туулна.

-Хүүхдээ үзүүлэхээр дараалалд зогсохдоо ч дээрх дүрмийг баримталбал хүүхэд ч харьцангуй тайван байдаг.

-Эмчийн өгсөн заавар, зөвлөмжийг маш хатуу, сахилга баттай хэрэгжүүлээрэй.

-Эм өгөх цагийг ягштал баримтлах

-Эмийн тунг асгаж цутгалгүй, бүрэн гүйцэд өгөх

-Эмчийн бичсэн эмчилгээг дур мэдэн өөрчлөхгүй байх

-Өвчилсөн хүүхдэд үзүүлэх асаргаа, сувилгааг уйгагүй хийх

-Хэт халууцуулахгүй, мөн дааруулалгүй, биед нь тохирсон хөнгөн, дулаан хувцаслах

-Халуурсан үед хувцсыг хөнгөлөх, шингэн бүлээн зүйл сайн уулгах гэх мэт эм хэрэглэхгүйгээр халуун бууруулах аргыг турших

-Халуун бууруулах эмийг хэтрүүлбэл олон муу уршигтай тул анхаарах

-Өвчилсөн хүүхдэд ердийнхөөс хэд дахин их шингэн уулгах

-Нэгэнт шингэний дутагдалд орсон бол судсан доторх эзэлхүүнийг нэмэгдүүлж, хэвийн болгох хоёр арга байдаг аж. Үүнд:

-Дусал хийх (зөвхөн эмнэлэгт, тодорхой заалтаар)

-Шингэн уулгах (гэрт, эмнэлэгт хаана ч болно). Шингэнийг зохист хэмжээгээр уулгаж чадвал энэ нь хамгийн зөв бөгөөд аюулгүй арга юм.

-Байхуу цай, ширгээсэн ус, хөхний сүү, зарим үед шингэн сэлбэх давсны уусмал буюу хоросол зэргийг ойр ойрхон бага багаар уулгах

-Хүүхдийг унтаж байхад шингэнийг 3-5 мл-ийн соруулаар дуслаар өгөх (Хүүхэд унтаж байсан ч амны жижиг халбага норгоод уруулд нь хүргэх төдийд шингэн нэвчин ордог гэж үздэг)

-Шингэнийг нэг дор ихээр уулгаж, бөөлжүүлэхээс зайлсхийх.

-Бөөлжсөн үед 5-10 минут тутамд амны халбагаар шингэнийг дор хаяж 4 цагийн турш уулгах.

-Суулгасан үед 50-100 мл-ээр ойр ойрхон шингэн зүйл уулгахыг зөвлөлөө.  

 

                                                                                                                            М.Сэцэн  

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол