24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 17, 4:04 | Технологи
Утасны программууд ч хувийн мэдээлэлд халддаг
Хувийн мэдээлэл, оюуны өмчийн аюулгүй байдлыг хангах асуудал бидний технологийн хэрэглээтэй зэрэгцэн өссөөр байна. Кибер буюу цахим аюулгүй байдалд заналхийлэгчид дэлхийн өнцөг булан бүрт хүрч, мэдээллийн урсгалыг тараах, таслан зогсоох зорилготой ажилладаг. Өнөө үед дайн хүртэл кибер орон зайд өрнөх болсон шүү дээ.
Цахим халдлага нь шунал, улс төрийн ашиг сонирхол гэх мэт олон төрлийн сэдэлтэй байх. Тиймдээ ч зарим кибер халдлагын хохирогчид нь алдартай хүмүүс, нөлөө бүхий байгууллагууд байдаг тул олон нийтийн анхаарлыг ихээр татдаг. Сүүлийн 10 гаруй жилд болсон хамгийн алдартай кибер халдлагуудаас дурдвал:
“Sony” корпорац
"Sony" корпорацын “Playstation network” (PSN) 2011 оны дөрөвдүгээр сард халдлагад өртжээ. Энэхүү халдлагаар 77 сая хэрэглэгчийн хувийн мэдээлэл задарч, олон мянган тоглогчдийн банкны мэдээллийг хулгайлсан юм. Мөн 2014 оны арваннэгдүгээр сард “охин” компани нь болох “Sony pictures entertainment” программын халдлагад өртөн, кино зохиол, нууцлалын зэрэгтэй цахим шуудан, 47 000 ажилтны хувийн мэдээлэл зэрэг 100 терабайт өгөгдлийг алдсан байна.
“Target” сүлжээ дэлгүүр
АНУ-ын хамгийн том худалдааны сүлжээнүүдийн нэг болох “Target” нь 2013 оны арванхоёрдугаар сард асар том кибер халдлагын хохирогч болсон аж. Алдагдсан мэдээлэлд 40 сая үйлчлүүлэгчийн банкны картын бүртгэл, 70 сая хүний хувийн мэдээлэл багтсан байна.
Кибер гэмт хэрэгтнүүд, хакерууд дижитал хөрөнгийг эвдэх энэ мэт шинэ, шинэлэг арга замыг хайсаар байна. Үүний зарим жишээ нь “Microsoft word” баримт бичиг, “PowerPoint” слайдаар дамжуулан хортой код ажиллуулах, email-spam ашиглан вирус тараах зэрэг юм.
Сүүлийн үед байгууллагууд кибер аюулгүй байдлын стратеги ашиглах хандлага дэлгэрч байна. Идэвхтэй хамгаалалтын стратеги нь довтлох бус, довтолгоонд өртөхөөс сэргийлэх аж.
Хувийн мэдээллээ хамгаалж, цахим халдлагаас хэрхэн сэргийлэх вэ?
1. Хувийн мэдээллээ хуваалцахаа болих
Хүмүүсийн мэдээллийг авах нийтлэг бөгөөд үр дүнтэй арга бол “фишинг” буюу худалдан авалт хийх, онлайн группт элсэхэд, эсвэл цахим шуудангаар дамжуулан асуух юм. Бид энэ нөхцөлд мэдээллээ зүгээр л өгчихдөг. Тиймээс хариу бичихгүй бол таны бүртгэлийг хаах болон хүртээмжийг хязгаарлах гэх мэтээр далайлган, яаруулсан цахим шуудангаас болгоомжлоорой.
Үйлчилгээ болон гүйлгээнд таны мэдээлэл яагаад хэрэгтэй нь эргэлзээтэй байвал татгалзах нь зүйтэй. Та өмд худалдан авахын тулд гэрийн хаягаа бүхэлд нь хуваалцах шаардлагагүй шүү дээ.
2. Гар утасны программын зөвшөөрлөө шалгах
Утасны программууд ч мөн хувийн мэдээлэлд халддаг. Ихэнх программыг татахын тулд тодорхой зөвшөөрөл (харилцагчид, зураг, GPS байршил гэх мэт) авахыг шаарддаг. Гэвч эл зөвшөөрөл нь программын ажиллагаатай ямар ч холбоогүй. Аппликейшнийг татаж авсны дараа тус бүрийн тохиргоо руу орж, эргэлзээтэй бүхнийг цуцлах нь зүйтэй.
3. Аюулгүй байдал, нууцлалын тохиргоогоо шалгах
Таны ухаалаг утас ашиглаагүй үед чинь автоматаар түгжигддэг үү? Хэрэв утсаа алдсан бол олсон хүн нь нэвтрэх боломжгүй байх ёстой. Ухаалаг гар утаснууд хурууны хээгээр баталгаажуулдаг болсон бөгөөд энэ нь энгийн нууц, эсвэл "pattern" кодоос хамаагүй дээр юм. Утсаа гээсэн, эсвэл хулгайд алдсан тохиолдолд "Миний утсыг олох" тохиргоог идэвхжүүлээрэй. Олон нийтийн сүлжээний платформ бүр нууцлал, аюулгүй байдлын бодлоготой. Жишээлбэл, “Facebook” өргөнөөр ашигладаг бол нууцлалын тохиргоог нь сайтар судалж, ойлгоорой. Ингэснээр хувийн мэдээллээ илүү сайн хамгаална.
4. Нууц үг ашиглах.
Цахилгаан хэрэгсэл, систем, дохиолол, удирдлага, гэрэлтүүлэг зэрэг ахуйн хэрэглээний автоматжуулалтад тооцоолох технологи шигтгэсэн байдаг. Хүүхдийн монитор, термостат, хамгаалалтын камерыг хакердсан тухай хэргүүд нийтийн санааг зовниулж байна.
Тиймээс аюулгүй байдлыг нь сайжруулахын тулд дараах зүйлсийг хийж заншаарай. Чиглүүлэгчийн үйлдвэрээс өгсөн нууц үгийг нэн даруй сольж, шинээр баталгаажуулах. Программ хангамжийг нь тогтмол шинэчлэн, төхөөрөмжөөр интернетэд нэвтрэх бол түүнийг өөрийн сүлжээнд сигментчилэх нь нэвтрэх боломжийг хязгаарлахад тустай.
5. Вирусийн эсрэг программ ашиглах
Вирус болон бусад төрлийн хорт программаар халдварласнаар компьютер гэмтэх, нууц мэдээлэл алдагдах аюултай. Гэмт хэрэгтнүүд программ хангамжийн сул талыг онилдог. Иймээс вирусийн эсрэг программуудаа байнга update хийх нь чухал юм.
Эх сурвалж: Cybersecurityguide.org
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ