24,Sep 2023
| Нийтэлсэн May 3, 15:03 | Технологи
Технологийн дэвшлийн ачаар гарт баригдахгүй, нүдэнд үзэгдэхгүй төлбөр тооцооны хэрэгслүүд виртуаль ертөнцөд шил шилээ даран гарсаар. Тэдний нэг нь NFT билээ. Тэгвэл үүний талаарх таны мэдлэгт дусал нэмье.
Товчлол нь юу вэ
NFT гэдэг нь Non - Fungible - Token гэсэн үгийн товчлол. Fungible нь өвөрмөц бөгөөд өөр зүйлээр орлуулшгүй, дахин давтагдашгүй гэсэн утгатай аж. Харин Тoken гэдэг нь ямар нэгэн бараа, материалыг илэрхийлсэн үг юм. Тэгэхээр Non - Fungible - Тoken гэж дахин давтагдашгүй, цор ганц зүйлийг хэлдэг байх нь.
Хэрхэн бүтдэг вэ
Ихэнх NFT нь еthereum-ийн блокчейны нэг хэсэг юм. Ethereum нь биткойнтой адил криптовалют. Ихэнх блокчейнүүд ч мөн NFT-г бүтээх боломжтой аж.
Хэрхэн ашиглах вэ
NFT нь блокчейн технологид суурилсан криптографи хөрөнгийн нэг хэлбэр юм. Тэд бие биеэсээ ялгарах өвөрмөц таних код, мета өгөгдөлтэй. Криптовалютаас ялгаатай нь тэдгээрийг ижил үнээр арилжаалах, солилцох боломжгүй.
Үүнийг хэд хэдэн байдлаар ашиглах боломжтой байдаг. Жишээлбэл, үл хөдлөх хөрөнгө, урлагийн бүтээл зэрэг биет бараа, эд зүйлийг дижитал хэлбэрээр илэрхийлэх хамгийн тохиромжтой хэрэгсэл юм. Мөн дундын зуучлалгүйгээр уран бүтээлчдийг үзэгч, худалдан авагчтай нь холбох менежментийн арга болдог. Ингэснээр урлагийн талбарт цоо шинэ зах зээлийг бий болгож байна.
Цар тахал ба NFT
Эхэндээ NFT мэдээж олны анхаарлын төвд байгаагүй. Анх 2017 онд эхэлсэн ч сүүлийн 1-2 жилийн дотор л ийнхүү “цойлсон” нь цар тахалтай холбоотой. Коронавирусийн халдварын үед хүмүүс гэрээсээ худалдан авалт хийхийг илүүд үзэх болсон нь ийнхүү нөлөөлжээ.
Дэлгүүрээс нь юу авч болох вэ
NFT нь ямар ч зүйлийн дижитал хувилбар байж болно. Тухайлбал, уран зураг, дуу хөгжим, таны тархины загварыг хүртэл хуулсан хиймэл оюун ухаан гэх мэт. Одоогоор ихэвчлэн уран зураг, гэрэл зураг, урлагийн бүтээлүүдийг дижиталаар худалдахад NFT-г ашиглаж байна. Гэхдээ Твиттерийг үүсгэн байгуулагч анхны жиргээгээ NFT болгон гурван сая ам.доллароор зарсан жишээ саяхных. Тэгэхээр таны хэлсэн үг, үзэл бодол хүртэл үнэ цэнтэй NFT байж болох нь.
Хэнд ашигтай вэ
Зарим дижитал зураг бодитоосоо ч өндөр үнээр зарагдах тохиолдол байдаг тул уран бүтээлчид NFT-ий зах зээл рүү шуурч байна. Жишээ нь, уран зураач Клод Монегийн "Nymphéas" зураг 2014 онд 15 сая ам.доллароор зарагдсан. Тэгвэл дижитал зураач Beeple саяхан 5000 өөр зургийн цуглуулга бүхий нэгэн бүтээлээ 66 сая ам.доллароор арилжсан байна.
NFT нь урлагийн бүтээлээс гадна үл хөдлөх хөрөнгийг ч төлөөлж болно. Бодит ертөнц дэх биет хөрөнгийг "токенжуулах" нь залилан мэхлэлтийг бууруулж, худалдан авах, худалдах арилжааг илүү үр дүнтэй болгодог.
Их тэсрэлт нь юу байв
2021 оны гуравдугаар сард дижитал зураач Биплийн бүлэг NFT бүтээл 69 сая ам.доллароор зарагдсан. Энэ нь өнөөг хүртэл борлогдсон хамгийн үнэтэй дижитал урлагийн бүтээлүүдийн рекордыг эвджээ.
Мөн шатаж буй гэрийнхээ дэргэд инээмсэглэн зогсох бяцхан охины зураг NFT хэлбэрээр 500 мянган ам.долларын үнэ хүрч, дэлхий дахиныг гайхшируулж байлаа. 2005 онд Зое Ротын дөрвөн настайдаа авхуулсан уг бүтээл охины биш, зураг дарсан хүний нэрээр патентлагдсан байдаг.
Үүнээс гадна маш олон уран бүтээлч өөрийн гараар зурсан болон камерын дуранд буулгасан зургуудаа NFT болгон, өндөр үнээр зарж эхэлснээр "их тэсрэлт"-үүдийг буухиалж байна.
Хаанаас хэрхэн авах вэ
NFT-г зарах, худалдаж авахад зориулсан хэд хэдэн зах бий болсны дунд OpenSea, Rarible, Nifty gateway зэрэг нь хамгийн алдартай. Дээрх зах ихэвчлэн еthereum криптовалютаар арилжаа хийхийг зөвшөөрдөг.
Муу талтай юу
Мэдээж мэдээллийн аюулгүй байдал, залилан гэх мэт олон төрлийн эрсдэл бий. Тиймээс найдвартай эх сурвалжаас мэдээлэл авч, баталгаатай газраас NFT-гээ худалдан авах хэрэгтэй. Мөн NFT нь блокчейн технологид тулгуурладаг тул криптовалют шиг уур амьсгалын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлдөг. Түүний зах зээл тэлэх тусам блокчейн технологи өргөжиж, эрчим хүчний зарцуулалт эрс нэмэгддэг. Иймээс байгаль орчны төлөө тэмцэгсдийн эсэргүүцэлтэй тулгарч байна.
Өсгөх боломж бий юү
Тэдгээр нь өсөж, үрждэг. Өөрөөр хэлбэл, та нэг NFT-ийг нөгөөтэй нэгтгэж, гурав дахь өвөрмөц хувилбарыг нь бий болгох боломжтой.
Эх сурвалж: Theverge.com, forbes.com
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ
Ullahn - [124.29.230.89]
1 жилийн өмнө
Great
Хариулах