08,Dec 2023
| Нийтэлсэн Apr 5, 13:01 | НИЙГЭМ
Нийслэлийн Түргэн тусламжийн төвийнхөн MESHIP буюу “Түргэн тусламжийн халдваргүйжүүлэлт” төслийн хүрээнд ХБНГУ-аас амьсгалын болон даралтын аппарат, соруулах төхөөрөмж, хүчилтөрөгчийн эмчилгээний хэрэгсэл, уут, хэмжигч, гуурс, дуслын автомат шахуурга, чагнуур, зөөврийн хүчилтөрөгчийн үүргэвч, дамнуурга нийлсэн 20 орчим нэр, төрлийн багаж, тоног төхөөрөмжийг хүлээн авлаа. Төслийн нийт санхүүжилт 100 мянган евро бөгөөд энэ удаагийн эмнэлгийн багаж, хэрэгсэл 40 орчим мянган еврогийнх аж.
Нийслэлчүүдэд эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлдэг дээрх төв нь таван дүүрэгт салбартай бөгөөд өдөрт дунджаар 1000 орчим дуудлага иргэдээс хүлээн авдаг байна. Түргэний эмч нар ихэнхдээ машин дотроо тусламж үзүүлэх шаардлага гардаг тул орчны ариутгал, халдваргүйжүүлэлт болон багаж, тоног төхөөрөмжийн бэлэн байдал нэн чухал юм. “Ковид-19”-ийн нөхцөл байдалтай холбогдуулж, сүүлийн хоёр жилд тус төвийн ачаалал ердийнхөөс эрс нэмэгджээ.
Хүний амь аврах хариуцлага хүлээн, халуун шугаманд ажиллаж буй эмч нарынхаа орчин нөхцөлийг сайжруулж, ийнхүү сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр шинэчилсэн нь тусламж, үйлчилгээний чанарт өндөр ач холбогдолтой хэмээн тус төвийн дарга С.Ариунболд хэллээ.
Цаашид MESHIP төслийн хүрээнд туршлага судлах зорилгоор хоёр орны түргэн тусламжийн эмч, мэргэжилтнүүдийг харилцан солилцох ажлыг энэ онд зохион байгуулах юм байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ