Транс тосны жишиг стандартгүй, шинжлэх лабораторигүй Монгол

| Нийтэлсэн Apr 19, 22:10 | НИЙГЭМ

Үзсэн : 735 16

IMG_6802

Үндэсний томоохон үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөсөн нь иргэд болон жижиглэн худалдаачдад дарамт үүсгэж буй талаар өмнө нь бид мэдээлсэн билээ. Тэр дундаа “Өгөөж-чихэр боов”, “Талх чихэр”, “Сүү” зэрэг томоохон компанийн үнийн өсөлтийг дагаад жижиг үйлдвэр, цехүүд ханшаа нэмдэг асуудлыг дэлгүүрийн худалдагч нар шүүмжилсэн. 

Манай өмнөх сурвалжилгыг энд дарж уншина уу.

Цахим орчинд ч иргэд дээрх компаниудын бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх уриалга гаргаад буй. Тэгвэл үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн нэг “Өгөөж-чихэр боов” ХХК-ийнхан нөхцөл, байдлын талаарх мэдээллээ өгөхөөр сэтгүүлчдийг хүлээн авч, өчигдөр үйлдвэртэйгээ танилцууллаа.

Тус компанийн зарим нэр, төрлийн бүтээгдэхүүн өнгөрсөн долоо хоногт 500-700 төгрөгөөр нэмэгджээ. 86 жилийн түүхтэй “Өгөөж” үйлдвэр нь өдгөө 500 гаруй ажилтантай аж. Сэтгүүлчид гурван шатлалаар ариутгал хийлгэн, үйлдвэр лүү нэвтрэв. “1990-ээд онд үйлдвэрийн бүх шат, дамжлага нь гар аргаар байсан бол өдгөө 90 хувь нь технологижсон” хэмээн Үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Энхчимэг танилцуулсан. Үйлдвэрийн байр нь хуучирсан ч тоног, төхөөрөмж, машинууд нь сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан гэнэ. “Еэвэнгийн машин л гэхэд арван эгнээгээр хэвлэдэг. Япон зэрэг өндөр хөгжилтэй оронд хоёр, гурван эгнээгээр хэвлэдэг машин ашигладаг. Еэвэнг нэгэн зэрэг арван эгнээгээр хэвлэх нь үйлдвэрийн гарцад сайнаар нөлөөлдөг” хэмээн тэрбээр ярьсан юм.

     t-IMG_6730 t-IMG_6704

Үйлдвэр Талх, нарийн боовны болон Еэвэн, мөөхийний цех гэсэн үндсэн хоёр хэсэгтэй аж. Ихэнх бүтээгдэхүүнийг гурил зуурах, нухах, элдэх, хэрчих, хэвлэх, жигнэх, савлах гэсэн шат дамжлагаар гарган авдаг бөгөөд эдгээрийг 100 хувь машинаар гүйцэтгэдэг аж. Гэхдээ өрмөнцөртэй вафли зэрэг зарим онцлох бүтээгдэхүүнийг гараар савладаг юм байна. Нийтдээ 170 гаруй нэр, төрлийн бүтээгдэхүүнтэй гэнэ.

"Өгөөж-чихэр боов" ХХК-ийнхан үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа танилцуулсны дараа өдгөө үүсээд буй хэрэглэгчдийн "Е код"-ын талаарх буруу ойлголт, эргэлзээ болон нөхцөл, байдлын талаар ярилцав. 

“Е кодтой” бүтээгдэхүүн гэж юу вэ

Хэрэглэгчид боов, жигнэмэг, бялуу зэрэг гурилан бүтээгдэхүүний найрлага дахь транс тос болон “Е кодтой” хүнсний нэмэлтүүд эрүүл мэндэд хортой хэмээн шүүмжилдэг.

                                       qnews

Е тэмдэглэгээ нь бялуу, жигнэмэг, нарийн боовны орц дахь гурил, тос, элсэн чихэр гэхчлэн үндсэн түүхий эдээс бусад нэмэлт бүтээгдэхүүнийг таниулдаг код юм байна. Зөвхөн энэ төрлийн бүтээгдэхүүнд биш, бусад чихэр, амттан, хоолонд ч ийм тэмдэглэгээ байдаг аж. Үүний талаар Н.Энхчимэг “Е кодыг хортой гэсэн тэмдэглэгээ гэж нийтээрээ ойлгодог. Бидний өдөр тутамд хэрэглэдэг давс л гэхэд Е кодтой. Үүнийг зөвшөөрсөн, хориглосон, сэжигтэй гэх мэтээр ангилна. Хугацаа уртасгагч бодис агуулсан бүтээгдэхүүний найрлагад гэхэд л хориглосон Е тэмдэглэгээ байдаг гэсэн үг. Тодруулбал, зургаан сараас нэг жил хүртэл хадгалах заавартай, импортын бүтээгдэхүүнүүдийн ихэнх нь хориглосон, эсвэл "сэжигтэй" Е кодтой байх нь бий. Харин манайх вафли, чихэрээ дээд тал нь зургаан сараар, талх, нарийн боов бол тав хоног л хадгалдаг.

t-IMG_6707       t-IMG_6695

Үнэхээр Е кодтой хүнсний нэмэлтүүд хортой байсан бол бид савлагаан дээрээ бичихгүй байсан биз. Манайх бүтээгдэхүүнд орсон түүхий эд, материалаа авахдаа ч стандарт, доторх Е кодыг судалж, шинжилж, дээжилдэг. Хэрэв дотор нь сэжиг бүхий, жагсаалтад ороогүй Е код багтсан бол авдаггүй. Манай зөвшөөрсөн жагсаалтад багтсан учраас л итгэлтэйгээр савлагаан дээрээ бичдэг. ---

Үүнийгээ хэрэглэгчдэд нээлттэй, шударгаар харуулахыг л хичээж байна. Хэрэв хэрэглэгч нэрсний, самрын, эсвэл өөр ямар нэг бүтээгдэхүүний харшилтай бол зааврыг нь хараад шууд мэдэх боломжтой. Хүний биед ашигтай Е кодтой бүтээгдэхүүн ч байдаг. Мөн савлагаан дээрх он, сарыг “ирээдүй цагт” бичдэг гэх яриа бий. Савлагч машин он, сараар нь яг заадаг тул тийм асуудал гарахгүй” гэлээ.

Зарим Е тэмдэглэгээний утга: 

     Е440- Чангаанзны чанамал

     Е330- Нимбэгийн хүчил

     Е133- Нэрсний чанамал

     Е331- Давс

     Е500- Сода

     Е500-Кальцийн давс гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн байдаг аж.

"2015 оноос транс тосыг бүрэн халсан"

Зохиомлоор гаргаж авсан өөх тос нь үргүйдэл, альцхаймер, зүрх, судас, чихрийн шижин, зарим төрлийн өвчний үүсгэгч, эх үүсвэр ч болдгийг эрдэмтэд тогтоосноос хойш улс орнууд транс тос хэрэглэхээс татгалзсаар ирсэн. Үүнээс гадна транс тос нь хүүхдийн хөгжилд ч сөргөөр нөлөөлдгийг эрдэмтэд нотолсон нь бий.

өөө

Транс тосыг анх Европт 1880-аад оны үед маслоны оронд хэрэглэх боломжтойг нээн, үйлдвэрлэж эхэлжээ. Ингэхдээ ургамлын тосонд устөрөгч нэмэн, хатууруулж гарган авдаг байж.

Гурилан бүтээгдэхүүн дэх транс тосыг хэрэглэгчид хамгийн их шүүмжилдэг талаар "Өгөөж"-ийнхөн “2011, 2012 онд транс тосны эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөлийн талаарх баримт, судалгаа нийгэмд түгэхэд үнэндээ бид ч гайхаж, балмагдсан. Яагаад гэвэл, бид маргарин, далдуу модны, ургамлын тос хамгийн их хэрэглэдэг учраас хэрэглэгчдээс илүү санаа зовсон гэсэн үг. Тухайн үед Сингапур дахь нийлүүлэгч “Лансунг ” компани руугаа ч ярьсан. Гэтэл нийлүүлэгч талаас “Бид үүнийг аль хэдийн мэдэж, ажиллаад эхэлсэн. Манай транс тосны агууламж тэг хувьтай болсон шүү” гэсэн хариу ирүүлсэн. Тэр үед түүхий эдийн савлагаан дээрх транс тосны агууламж  0.01 хувь гэсэн тэмдэглэгээг ч хараагүй явсан хэрэг. Хамгийн сүүлд 2015 онд вафлийн транс тосны агууламж 4.5 хувь байсныг бууруулж, өдгөө 0.012-д хүргэсэн. Тэгэхээр иргэд манай бүтээгдэхүүнийг айхгүй хэрэглэж болно. Олон улсад байгалийн гаралтай бүтээгдэхүүн дэх транс тосны хүчлийн агууламжийн зөвшөөрөх хэмжээг зааж өгдөг. Жишээ нь, БНХАУ-д 0.3, Дани, АНУ, Канадад тус бүр нэг, ОХУ-д хоёр хувь гэхчлэн тогтсон нормтой. Гэтэл Монголд транс тос муу, хал гэж “шуурдаг” хэрнээ энэ талаар ойлголтгүй, стандарт хэмжээгээ ч тогтоогоогүй. Түүнчлэн гурилан бүтээгдэхүүний найрлага дахь транс тосыг шинжлэх лаборатори нь ч манайд байдаггүй.

IMG_6758

Харьцангуй эрүүл гэгдэх далдуу модны тос ч мөн адил гаргаж авч буй арга замаасаа шалтгаалж чанар нь өөр өөр байна. Энэ төрлийн тосыг гарган авахад байгалийг ихээр сүйтгэдэг, нөгөө талаар эрүүл мэндэд муу гэж хэрэглэгчид дургүйлхдэг. Үүнийг 250-иас дээш градуст халаахад трансын хүчлийн агууламжтай болдог. Бид бүтээгдэхүүндээ далдуу модны тос ашигладаг нь үнэн ч 150-170 градусаас дээш халаадаггүй. Мөн тосны бохирдлыг хэмжиж, тогтмол сольдог тул аюулгүй. Үүнийгээ батлахын тулд Хятадын “Pony-testing international group” лаборатори луу сорьц, дээжээ явуулан, бүгдийг нь шинжлүүлсэн” гэлээ.

Гурилын үнэ нэмэгдээгүй ч импортын бусад бүтээгдэхүүний зардал хоёр дахин өссөн гэв

Бүтээгдэхүүний үнээ нэмсэн асуудлаар “Өгөөж-чихэр боов” компанийнхан мөн тайлбар хийсэн. Тус компани 900 граммаар савласан гурилан бүтээгдэхүүнээ 500, “Жимст” нэрийн боорцгоо 700 төгрөгөөр тус тус нэмжээ. Учир нь эдгээр бүтээгдэхүүний үйлдвэрээс гаргах үнэ нь 4500-5200 болж өссөн гэв.

Энэ талаар "Өгөөж"-ийнхөн “Үнэ нэмсэн гол шалтгаан нь түүхий эд, материалын зардлын өсөлт. Манай бүтээгдэхүүний өртгийн 80 хувь нь түүхий эд, материалдаа "явдаг". Цалин болоод бусад зардал харьцангуй бага. Гурилын үнэ нэмэгдээгүй. Гэхдээ дээр дурдсан 80 хувийн өртгийн зардлын ердөө 11 хувийг л гурил эзэлдэг. Үүнээс гадна тос, элсэн чихэр, бурам, жимсний чанамал, сода, самар зэрэг олон төрлийн импортын бүтээгдэхүүн ашигладаг. Эдгээр нь бүгд импортынх. Дотоодоосоо татдаг түүхий эд нь гэвэл гурил, жимсний чанамал л байна. Гэтэл цар тахлын улмаас дэлхийн зах зээлд дээрх бүтээгдэхүүнүүдийн үнэ бүгд өсчихсөн. Зөвхөн валютаар худалдаа хийнэ. Энэ жил гэхэд л улс орнуудын зөрчилдөөнөөс үүдээд бүх төрлийн тосны үнэ хоёр дахин нэмэгдсэн. Дээр нь газрын тосны үнийн өсөлт тээвэрлэлийн зардалд ч дарамт учруулсаар байна. Дэлхий даяар элсэн чихрийн ургац муудсанаас үнэ нь нэмэгдсэн. Сав, баглаа, боодлын үнэ, валютын ханш гээд бүгд "тэнгэрт хадлаа". Ганц чанамал гэхэд л 8000-аас 9500 болж нэмэгдсэн тул бид ч алдагдалгүй ажиллахын тулд ханшаа нэмэхээс өөр аргагүйд хүрсэн. Мөн жил бүр улсад тав орчим тэрбум төгрөгийн татвар төлдөг, 500 ажилчин, тэдгээрийн ар гэрийнхний амьдрал ч энд яригдана. Үнээ нэмэхгүй гээд чанаргүй, хортой бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийн сэтгэлийг хуурч чадахгүй. Зарим төрлийн түүхий эд тасрах магадлал одоо ч өндөр байна” гэсэн юм.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол