24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 14, 5:05 | Эрүүл мэнд
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар “Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2” буюу Яармагийн 300 ортой төрөх эмнэлэг болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д энэ сарын 9-нд ажиллав.
“Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2”-ийг 2021 онд ашиглалтад оруулсан бөгөөд тус эмнэлэг нь өнгөрсөн хугацаанд “Ковид-19” эмчилгээг иргэдэд үзүүлж, 1000 ор дэлгэн ажиллажээ. Өнөөдрийн байдлаар 380 гаруй эмч, мэргэжилтэн тус төвд ажиллаж байна. “Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2” нь мэс заслын орчин үеийн тоног төхөөрөмж бүхий есөн өрөөтэй аж.
ЭХЭМҮТ-ийн хувьд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь буюу 2021 оны зургадугаар сарын 1-нд үйл ажиллагаатай нь танилцах үеэрээ тулгамдсан хэд хэдэн асуудлыг шийдэхээ илэрхийлсэн юм байна. Амаржих газруудад оруулсан хөрөнгө оруулалтын хүрээнд төр, засгаас улсын хэмжээний төрөх болон төрсний дараах бүх орыг шинэчилжээ. Тухайлбал, ЭХЭМҮТ-ийн 496 ор хуучирч, муудаад байсныг 100 хувь шинэчилснийг дээрх арга хэмжээний үеэр мэдээллээ.
Мөн Нөхөн үржихүйн болон Хүүхдийн зөвлөх поликлиникийн өргөтгөл, 1987 онд ашиглалтад оруулснаас хойш иж бүрэн засвар хийгээгүй тус төвийн бүх барилгыг тордож, үүний хүрээнд нийт 45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Засгийн газраас шийдвэрлэжээ.
Тоног төхөөрөмжийн шинэчлэлийн хүрээнд гэхэд л тус төвийнхөн Монголд эмчилдэггүй өвчнийг дөрвөөр цөөлж, ЭХЭМҮТ-д хийдэг болжээ. Энэ онд багтаж, ЭХЭМҮТ-ийнхөн төрөх өрөөнүүдээ хөгжингүй орнуудын жишигт хүргэн, бүрэн засварлаж, тохижуулахаар төлөвлөөд байгаа аж.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эх, нярайн эрүүл мэндийн салбарт энэ онд нийт 110 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулахаар болсон. Тиймээс улсын хэмжээнд иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж буй амаржих газруудын өнгө төрхийг бүрэн шинэчлэн, цахимжуулах, эх, нярай, эмэгтэйчүүдийн эмнэлгүүдийг дэлхийн жишигт хүргэхийн төлөө онцгой анхаарна гэдгээ амлая гэлээ.
Г.СИЙЛЭН
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ