23,Mar 2023
| Нийтэлсэн Apr 7, 13:01 | Урлаг
Дэлхий дахиныг түгшээсэн цар тахлын улмаас хэсэг хугацаанд үзэгчидтэйгээ уулзаагүй циркийнхэн гадаадаас уран бүтээлчид урьж, уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн цирк Монголд” тоглолтоо өнгөрсөн амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт хийсэн. Тоглолт бүр нь дүүрэн үзэгчтэй байдаг циркчид энэ жил циркгүйгээс зориулалтын бус танхимд тоглосон нь олны шүүжлэлийг их дагууллаа. Инээдтэй алиалагч, ид шидийн үзүүлбэр, элдэв хөөрхөн амьтдын тоглолт үзэхээр догдлон очсон багачууд “Холоос сайн харагдахгүй байна” хэмээн гомдоллосон. Эцэг, эхчүүдэд ч ялгаагүй байв. “Хүүхдэдээ циркийн тоглолт үзүүлэхийн оронд мөхөөлдөс авч өгсөн бол илүү баярлах байж” гэсэн хүнтэй ч таарлаа. “Ашиг ахиухан олохын тулд том зааланд тоглолт хийлээ” гэсэн нэгэн ч байв.
Хурд, хүч, эр зоригийн гайхамшиг болсон эл урлагийн бахдам үзүүлбэрүүдийг үзэгчдэд сонирхуулах гэсэн циркчидийг буруутгах үндэслэл энэ удаад огтхон ч байхгүй. Харин дэлхийн дайтай хөгжиж, ур чадвараа гайхуулж яваа Монголын циркчидийг орох оронгүй болгосон эрх мэдэлтнүүдэд гомдлоо хаяглавал онох биз ээ.
Түүх сөхвөл, циркийн орон байрны “хэрүүл” 15 жил үргэлжилжээ. Дахиад хэдэн жил сунжрахыг таашгүй. Ямартай ч “АСА цирк”-ийнхэн “Хуучирч муудсан барилгыг иж бүрэн засварлаад гоё болгоно. Хүлээж бай” л гээд буй. Бид битүүхэн найдсаар л. Уг нь өнгөрсөн жилийн зургадугаар сард циркийг албан ёсоор нээнэ хэмээсэн ч цар тахлын улмаас засварын ажил сунжирсан гэх.
Циркийн барилга нэгэнт хувь хүний мэдэлд очиж, нийтэд хүртээлгүй газар болсоор өдийг хүрэхэд төр, засаг нь үүнд хумсын чинээ ч анхаарал тавьсангүй. “Явуулын цирк” мэтийн явуургүй ажил хийсээр ирэв. Үе үеийн удирдлагууд нь анхаарч байгаа дүр үзүүлэн мад тавьсаар өдгөө Монголын циркийнхэн ямар өрөвдмөөр нөхцөлд тоглолт хийдэг болсныг сая л харсан мэт нийтээрээ “жүжиглэв”. Цирк |
Монголд циркийн урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ой саяхан тохиосон. Манай циркийн түүхийг дөрвөн хэсэгт хуваадаг. 1930-аад оны эхэнд Оросын циркчид Монголд аялан тоглолт хийснээр энэ урлаг хөгжих үндсийг тавьсан гэдэг. Улмаар 1941 оноос “Бөмбөгөр ногоон” театрын дэргэд тогтмол үйл ажиллагаа явуулж, хот, хөдөөгийн олон мянган үзэгчид тоглолтоо толилуулдаг болжээ. Харин 1971 онд Монголын үндэсний цирк буюу одоогийн “АСА” циркийг барьсан түүхтэй. Тус барилга ашиглалтад орсноор манай циркийн урлагийн оргил үе эхэлсэн гэхэд болох аж. Уран нугаралт, акробат, алиалагч, амьтан сургагч зэргээрээ алдаршиж, гадаадын уралдаан, наадмуудад урилгаар оролцдог болсон. Ийнхүү цэцэглэж явсан урлагийн амь нь болсон барилгыг 2007 онд хувьчилсан билээ. Улмаар үйл ажиллагаа нь хумигдаж, жүжигчид нь хэдэн тийш салсан. Зарим нь хувийн цирк байгуулан, нөгөө хэсэг нь гадаадыг зорьсон тухай мэргэжилтнүүд ярьдаг. Энэ мэтчилэн циркчид зам замаа хөөсөөр 80 жилийнхээ ойтой золгоход асар майхнаас өөр оронгүй болсон байв.
Өдгөө Монголын циркчид акробат, уран нугаралт тэргүүтэй хэдхэн төрлийн үзүүлбэр л голлон тоглодог болсныг нэг ахмад циркчин халаглан ярьсан. Зориулалтын байргүй учраас олон янзын агаарын үзүүлбэр хийх нь хэтэрхий амь өрссөн ажил аж. Гэсэн ч төрөл бүрээр ур чадвараа сорьсон залуу циркчид бэлтгэгдэн гарсаар. Олон улсын циркийн томоохон уралдаан тэмцээн, наадмуудаас цом атган, дэлхийн рекордыг эвдэж, үзэгчдийг алмайруулдаг хэвээрээ. Эзэмшсэн мэргэжлээрээ тэд эх орондоо амьдрахад бэрх тул ихэвчлэн олон улсаар аялан тоглож, эсвэл гадаадын циркт ажилладаг юм билээ.
Төр, засаг нь хөсөр хаясан ч түмэн олон нь хайрладаг тул Монголын циркчидийн амжилтын буухиа мөнхөд үргэлжлэх нь дамжиггүй.
"Би цирк үзмээр байна" хүүхдийн зургийн уралдааны оролцогч, 9 настай Э.Эмүжин
"Би цирк үзмээр байна" зургийн уралдааны оролцогч, 9 настай О.Болорцэцэг
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ
Багшир - [202.9.46.68]
11 сарын өмнө
Циркийн хувьцааг гаргаад олон нийтийн болгох арга хэмжээ авбал яадаг бол
ХариулахНохой тэжээгч - [202.126.90.97]
11 сарын өмнө
Циркчид бүгд гадаадад гараад циркээ хаяад явсан хүнд цаг үе байсан шүү.циркт нохой зодолдуулдаг байсан.Эзэнгүй байсан шүү. Битгий худлаа яриад байгаараа .
ХариулахЗочин уншаад бичсэн болон. - [202.126.89.138]
11 сарын өмнө
ЭНЭ ХАРАМСАЛТАЙ ҮЙЛ ЯВДАЛ ЯАХ АРГАГҮЙ МАН БОЛОН ТЭР ҮЕИЙН ЕРӨНХИЙ САЙД АСАН ЭНХБАЯРТАЙ ШУУД ХОЛБООТОЙ ЮМ ХУВЬЧЛАЛ БИШ ЕРЭН ЭНХБАЯР БЭЛЭГЛЭСЭН БАЙХ ШҮҮ ДЭ
Хариулах