Төр, ард түмэнд нөлөөлдөг мэргэшсэн сэтгүүлчдийн “арми” бий болгоно

| Нийтэлсэн May 10, 13:01 | Эрүүл мэнд

Үзсэн : 701 17

279520862_5079420498804755_2410753715363329871_n

Монголын сэтгүүл зүй нэг үеэ бодвол төрөлжин хөгжсөөр буй. Тухайлбал, сэтгүүлчид улс төр, байгаль орчин, эрүүл мэнд, боловсрол, эрэн сурвалжлах зэрэг чиглэлээр дагнан мэргэшсээр байна. Үүний нэг жишээ нь, эрүүл мэндийн сэтгүүлчдийн хүчирхэг нэгдлийг бий болгох замаар иргэдийн энэ чиглэлийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, улмаар салбарын бодлогод эерэгээр нөлөөлж, хөгжлийг хурдасгахад “Цагаан үзэг” холбооныхон түүчээлэн ажиллаж буй билээ. Эл зорилго, чиглэлийн хүрээнд тус холбоо болон Монголын улаан загалмай нийгэмлэгийнхэн хамтраад “Эрсдэлийн харилцаа холбоо” сэдэвт дөрвөн өдрийн вакум сургалтыг энэ сарын 4-7-нд зохион байгууллаа.

Германы зах зээлээс сэтгүүлчид “Bubble tea”-г хэрхэн "арчсан" бэ

Цар тахлын дараа үндэсний хэмжээнд аргазүйч, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг нэг дор цуглуулснаас гадна онол, дадлага хосолсноороо тус сургалт онцлог байв. Сургалтаар эрүүл мэндийн салбарын тогтолцоог хөндөхдөө анхан шатнаас нь өгсүүлээд тус салбарын хууль, эрх зүйн орчин, нөхцөл, шинэчлэх шаардлагатай актууд, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудад мэргэшсэн сэтгүүлчдийн үүрэг, оролцоо, цахим сэтгүүл зүй ба оюуны өмчийн асуудал гэхчлэн олон сэдвээр сургагч багш нар илтгэл тавьсан.

279766337_5079420925471379_384617471999170299_n

Олон улсад эрүүл мэндийн сэтгүүлчдийн холбоо нь тухайн улсынхаа Засгийн газрын эрүүл мэндийн бодлогод дэмжин туслах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх хэмжээнд хүртэл хөгжсөн байдаг талаар ч ярив. Тодруулбал, энэ чиглэлийн мэргэшсэн сэтгүүлчдийн “арми” нь хүн амынхаа эрүүл мэндэд дуу хоолой нь болж нөлөөлдөг, төр, засагтаа ч зөв шийдвэр гаргалтад нь дэмжин тусалдаг байна. Жишээ нь, Германы зах зээлд “Bubble tea”-г нэвтрүүлсэн даруйд эрүүл мэндийн сэтгүүлчид нь нэгдээд уг бүтээгдэхүүний талаар, хүний эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөлийг нь сурвалжлан хүргэжээ. Үүний ачаар тус улс нэг сарын дотор уг бүтээгдэхүүнийг зах зээлээсээ эргүүлэн татаж, дахин хэзээ ч нэвтрүүлээгүй аж. Эрүүл мэндийн сэтгүүлчдийн үүрэг, оролцоо, нөлөөлөл нь ийм “том” гэдгийг олон улсад уг жишээ гэрчилдэг байна. Харин манай сэтгүүлчид яг ийм байдлаар төрдөө, иргэндээ нөлөөлдөг тогтолцоотой болохыг хүсэв.  

Дараагийн цар тахалд бэлэн үү

Түүнчлэн бүх нийтийн мэдэх эрхийг хангах зорилгын хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид хүний эрхийн асуудлыг хэрхэн хөндөх, эрсдэлийн үед мэдээлэл харилцааны ажлын ач холбогдол, яаралтай үеийн тусламжийг хэрхэн үзүүлэх, хуурамч мэдээ, мэдээллийн хор уршиг хийгээд хүн төрөлхтөн тэр дундаа бид дараа, дараагийн цар тахалд бэлэн үү гэсэн асуултыг дээрх сургалтын хүрээнд хөндсөнөөрөө үр өгөөжтэй байсан юм.

Эрсдэлийн харилцаа холбоо гэдэг нь манай улсад коронавирустэй холбоотойгоор гарсан шинэ нэр, томьёо мэт санагдавч олон улсад хэдийн нэвтэрч, гамшгийн үед баримталдаг чиглэл нь болчихоод буй. Үүнийг энгийнээр тайлбарлавал, олон нийтийг хамарсан аливаа гамшиг осол, цар тахал гарсан үед иргэд, олон нийт, мэргэжлийн байгууллагууд, шийдвэр гаргагчдад энэ талаарх мэдээллийг шуурхай өгч, болзошгүй эрсдэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авахад нь нөлөөлөх үйл явцыг хэлдэг аж. Эл үүргийг мэдээж хэвлэл мэдээллийн байгууллага хүлээнэ. Эрсдэл үүслээ гэхэд бүх оролцогч талуудыг мэдээллээр хангаж, зөв шийдвэр гаргалтад нь нөлөөлөх процесс гэсэн үг.

Харин манайд уг тогтолцоо төдийлөн хөгжөөгүй, хэвлэл мэдээллийн байгууллагууд хүртэл гамшгийн үед хэрхэн ажиллах арга, техникээ мэдэхгүй, туршлагагүйтсэн нь бий. Тиймээс цаашид эрсдэлийн үед хэвлэл, төрийн байгууллагууд, иргэд хэрхэн хамтран ажиллах талаар сургагч багш нар олон улсын сайн жишээнүүдэд тулгаарлан ярьсан юм.

279849244_5079420338804771_7800388081401368161_n

Мал, амьтнаас хүнд халдварлан, дэлхийн хэмжээнд цар тахал болтлоо дэгдсэн долоо дахь вирусийн гаралтай өвчин нь “Ковид-19” юм. Олон улсын шинжээчид, судлаачдын үзэж байгаагаар цар тахлын цикл улам богиноссоор буйг анхааруулсаар байна. Уг давтамж өнгөрсөн цар тахлуудын хувьд 15-20 жил байсан бол сүүлийн үеийн жишээнүүдээс харахад энэ нь 10 болж цөөрчээ. Тодруулбал, хүн төрөлхтөн тун удахгүй дараагийн аюулт тахалтай нүүр тулахад ойрхон байгаа аж. Тиймээс үүнд бүх улс орон бэлэн байж, түүнийг хохирол багатай даван туулах стратегитэй, нэгдсэн харилцаа холбоотой байхыг зөвлөж буй юм.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол