24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 1, 13:01 | Танин мэдэхүй
Өнөөдөр инээдмийн баяр. Үүнийг дэлхийн улс орнууд “тэнэгүүдийн өдөр” хэмээн тэмдэглэж ирсэн уламжлалтай. 1991 оны аравдугаар сарын 1-нд “Монголын нэг өдөр” хошин шоу тоглолтыг анх тайзнаа тавьснаас хойш эл өдрийг “Инээдмийн баяр” хэмээн өргөн тэмдэглэж эхэлжээ. Эл баярыг олон улсад яагаад “April fool’s day” буюу “Дөрөвдүгээр сарын тэнэгүүдийн өдөр” гэх болсон нь сонин.
Ромын эзэнт гүрний үед инээдмийн бурхан Ризуст баяр баяслыг мэдрүүлэхийн тулд хошигнодог байжээ. Ромын зохиолч Апулей “Бид энэ өдөр инээдмийг магтан дуулдаг. Бид инээд хошигнолоор бурхнаа баясгадаг цорын ганц ард түмэн” хэмээн тэмдэглэн үлдээжээ.
Зарим түүхч “тэнэгүүдийн баярыг” анх 1564 онд Юлийн хуанлийг Францын хаан IX Карл Григорийн хуанлигаар солих үеэс тэмдэглэж эхэлсэн гэж үздэг аж. Юлийн болон Хиндү хуанлид шинэ жил хаврын улиралд, дөрөвдүгээр сарын 1-ний өдөр эхэлдэг байжээ. Цаг тоолол өөрчлөгдсөнийг мэдээгүй хүмүүс нэгдүгээр сарын 1-нд бус, дөрөвдүгээр дүгээр сард шинэ оноо угтсаар байв. Үүнийг чинээлэг, мэдлэгтэй хүмүүс дооглон, тэднийг "Дөрөвдүгээр сарын тэнэгүүд" хэмээн нэрлэх болжээ.
Славян үндэстнүүд дөрөвдүгээр сарын 1-нд гэрийн буг ичээнээсээ гарч ирдэг хэмээн итгэдэг байж. Гэрийн гал голомтыг сахигч буг нойрноосоо сэрээд, дараа нь яаж ч аашилж мэдэх тул түүнийг баясгах гэж гэрт буй хүмүүс нэгнээрээ тоглоом тохуу хийдэг уламжлалтай болжээ.
Мөн эрт дээр үед хахир хүйтэн өвлийг өнтэй давснаа тэмдэглэн, удахгүй урин дулаан цаг ирэх, хоол унд элбэгшихийг бэлгэдэн, баярын уур амьсгал түгээхээр янз бүрээр хошигнон, бие биенээ шоглодог байсан ч гэж тайлбарладаг.
Эх сурвалж: History.com
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ