Т.Доржханд: УИХ-ын танхимаас бус, талбайд иргэдтэйгээ хамт тэмцэнэ

| Нийтэлсэн May 2, 13:01 | НИЙГЭМ

Үзсэн : 461

дорж

УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр буюу тавдугаар сарын 2-нд цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. 

Тэрбээр “Өнгөрсөн сард жагссан залуусын хүлээлт талаар өнгөрлөө. Бид хэмнэж чадахгүй юм байна. Өөрчилж ч чадахгүй нь. Өмнөх долоо хоногийн сүүлчээр УИХ Хөгжлийн банкны хулгайтай холбоотой улстөрчдийн асуудлыг нууцаар хэлэлцсэн. Тэднийг хамгаалж үлдлээ. Ийм УИХ-д хэн итгэх юм бэ. Хуулийн байгууллагаас оруулсан асуудлыг олонхоороо хамгаалж байгаа нь маш хариуцлагагүй зүйл. Би ганцаараа ХҮН намыг төлөөлж байгаа ч зөв зүйлийг нь дэмжье, бодлогын хэмжээнд өөрчлөлт хийх гэж л хоёр жил ажилласан. Гэтэл өөрчлөлт гарсангүй.

Тиймээс УИХ-ын үйл ажиллагаанд цаашид гишүүний хувиар оролцох боломжгүй боллоо. Үүнийг албан ёсоор мэдэгдэж байна.

УИХ-ын танхим дотроос биш, талбай дээр иргэдтэйгээ хамтдаа тэмцье. Тавдугаар сарын 5 буюу энэ долоо хоногийн Пүрэв гаргийн 12.00 цагт талбайдаа эргэн цуглахыг залуучууддаа уриалж байна.

“Өөрсдөө өөрчил. Үгүй бол тар” гэдэг тайван жагсаалыг бид зохион байгуулна. Үр хүүхдийнхээ төлөө, ирээдүйнхээ төлөө өөрчлөлт хийхгүй бол болохгүй нь. Энэ нь тогтолцооны өөрчлөлт юм.

Төрийн тогтолцоо хэтэрхий данхар байна. Энэ байдлаар Монгол Улс хөгжихгүй. Тиймээс төрийг цомхон болгох хэрэгтэй. Сонгуулийг шударга явуулдаг болгохын тулд тогтолцоонд өөрчлөлт яаралтай хийе. Үүнийг шаардъя.

Бид өнөөдөр Улаанбаатарт л "чихцэлдээд" амьдардаг. Нэг өвөл цахилгаан станцад гэмтэл гарахад л бүгд хөлдөнө. Тэгвэл энэ байдлыг өөрчилж, эдийн засгийн тулгуур төв шинэ хотуудыг байгуулъя. Үүний тулд Үндсэн хуульд зоригтойгоор өөрчлөлт оруулах хэрэгтэй.

Өнөөдрийн байдлаар 330 сум байна. Дээрээс нь хороодын тоог нэмээд байгаа. Сонгуулийн төлөө хороодын тоог нэмж байна. Хороо нэмэгдэх тусам зардал нэмэгдэнэ.

Засгийн газраас хэмнэхээр оруулж ирсэн бодлогын баримт бичгийг гишүүд нь өсгөхөөр болчихлоо.

Энэ нь УИХ-ын гишүүд гэхээсээ илүүтэй тогтолцооноос болж буй асуудал. Тиймээс тогтолцоог өөрчлөхийн тулд иргэдтэйгээ хамт талбайд гаръя гэж байгаа юм" гэлээ. 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол