хүүхэд хаясан, согтуу, ээж, аав, эрх, эцэг эх, хүүхэд гудамжинд хаясан

Согтуу жолоочийн эрхийг хасдагтай адил хүүхдээ голсон эцэг, эхийн эрхийг ч бас хязгаарлая

| Нийтэлсэн Apr 14, 17:05 | НИЙГЭМ

Үзсэн : 442 2

хүүхэдМонголын нийгмийн бараан сүүдэртэй нэг тал нь гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл. Уржигдар л гэхэд фэйсбүүк дэх “Налайхчуудын нээлттэй групп” цахим хуудаст нярай хүүхдээ эцэг, эх нь гудамжинд үлдээсэн талаар постолсон байв. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас өчигдөр мэдээлэл хийсэн. Одоогоор хаягдсан дөрвөн сартай охиныг хамгаалах байранд авч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж буй аж. Албаныхныг очиход эцэг, эх нь биеэ авч явах чадваргүй болтлоо согтсон байсан тул эрүүлжүүлж, нөхцөл, байдалд эрсдлийн үнэлгээ хийжээ. Тэдгээр хариуцлагагүй эцэг, эхийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд бага насны хүүхдийн дэргэд архидан согтуурсан эцэг, эх, асран хамгаалагчийг 300 хүртэлх нэгжээр торгодог ганцхан заалт байдгийг дээрх төвийн Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөө хэлсэн юм. Үүний дагуу дөрвөн сартай охины эцэг, эхийг торгох бөгөөд цаашид тэдэнтэй амьдрах эрсдэлтэй гэж үзвэл хүүхдийг нь хамгаалалтад авна гэлээ.

Хүүхдээ гудамж, орц, хонгил, хогийн цэгт хаядаг иймэрхүү хэрэг манайд цөөнгүй гардаг. Хотын захын гэр хороолол руу дөнгөж “өнгийхөд” л гэртээ цоожлогдсон хүүхдүүд, орхигдож хоцорсон багачууд, хүүхдээ хөтлөөд архи ууж яваа хэн нэгэнтэй захаас аван таарна. Гэр бүлийн хүчирхийллийн маш бага хувь нь л олон нийтэд түгдэг бол ихэнх нь түмний нүднээс далдуур өнгөрдөг тухай хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг байгууллагынхан ч ярьсаар л байдаг.

Хоёр жилийн өмнө л гэхэд ой хүрээгүй хүүхэд машины зам дагуу ганцаараа мөлхөж байсан. Өлгийтэй нялх орцонд орхигдсоноос болж амиа алдсан зэрэг зүрх шимшрүүлсэн хэрэг ч удаа дараа гарсан. Харамсалтай нь, энэ талаар нийгмээрээ хэсэг шуугиад, тэгэсхийгээд л дарагдчихдаг. Цөөн хэдэн хүүхэд, эмэгтэйчүүдийн хамгааллын төвүүд, төрийн бус байгууллагынхан чадлынхаа хэрээр арга хэмжээ авдаг ч өдрөөс өдөрт иргэдийн амьдрал доройтож буй өнөө үед хараа хяналт нь хаанаа ч хүрэлцдэггүй. Хуульд л гэхэд согтуурсан эцэг, эхийг ердөө 300 мянган төгрөгөөр л торгох зохицуулалттай. Тэгвэл зөвшөөрөлгүй самар түүсэн иргэн, аж ахуйн нэгжийг 30-300 мянган төгрөгөөр торгодог шүү дээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэнийг ч 800-аад мянган төгрөгөөр торгож, эрхийг нь хасдаг. Эдгээр нь эцэстээ хүний амь, амьдрал, эрүүл мэнд, хувь заяаны асуудал хөндөгдөж буй учраас тэгэх нь ч аргагүй. Үүний адил хариуцлагагүй, эцэг, эх байх чадваргүй хүмүүсийн эрхийг ч бас хорьж, ирээдүй хойчоо хамгаалах нь юуны буруу гэж. Энэ нь зөвхөн хохирогч хүүхдүүдийн асуудал ч биш, цаашлаад тухайн иргэний эрүүл мэнд, ирээдүйн амьдралынх нь хувь заяанд ч сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

АНУ, Британи тэргүүтэй өндөр хөгжилтэй болон хөгжингүй орнуудад харьяа нийгмийн ажилтнууд хүүхдээ тэжээх чадамжгүй, архи ууж, мансуурагсдыг эцэг, эх байх эрхийг нь хасах, сар тутамд ийм өрхүүдээрээ явж хяналт, шалгалт хийх зэргээр ажилладаг. Гэтэл Монголд суудал бөглөсөн, хойрго нийгмийн ажилтнууд, сэтгэлгүй хүмүүсийн хайхрамжгүй байдлаас болж энхрий үрс хүчирхийлэгчдийн золиос болсоор.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол