08,Dec 2023
| Нийтэлсэн Apr 15, 16:04 | НИЙГЭМ
Шивээ хүрэнгийн боомтын үйл ажиллагааг сэргээх, эрчимжүүлэхээр ажиллаж буй аж. Монгол Улсын нүүрсний экспортын хоёр дахь том гарц болсон “Шивээхүрэн -Сэхээ” боомт цар тахлын улмаас өнгөрсөн аравдугаар сараас хойш ажиллаагүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр тус боомтыг хэвийн ажиллагаанд оруулах бэлтгэл ажилтай танилцжээ.
Тус боомтод өнөөгийн байдлаар долоон сая орчим тонн нүүрс хуримтлагджээ. Боомтынхон чингэлэг тээврээр нүүрс экспортлох бэлтгэл ажил бүрэн хангасан бөгөөд БНХАУ-ын талаас тавьсан халдвар хамгааллын дэглэмийг баримталж, шинээр PCR шинжилгээний хоёр лаборатори байгуулсан байна.
Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Энэ сард багтаан “Шивээхүрэн -Сэхээ” боомтын үйл ажиллагааг нээж, нүүрс экспортыг эхлүүлнэ. Эхний ээлжид хуримтлагдаад буй нүүрсийг богино хугацаанд экспортлохоор төлөвлөж байна” гэв. Цаашид тус боомтыг тасалдуулахгүй байхаар хэд хэдэн асуудлаар БНХАУ-ын талтай тохиролцжээ.
Боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хэсэг “Цагаан дэл уул-Өлзий” болон Гашуунсухайтад үргэлжүүлэн ажиллах аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ