24,Sep 2023
| Нийтэлсэн May 24, 14:02 | Эрүүл мэнд
Коронавирусийн вакцины II тунд энэ сарын байдлаар нийт 2.2 сая орчим хүн хамрагдаад байна. Вакцины нөөц одоо ч хангалттай байгаа тул иргэд сайн дураараа нөхөн хамрагдах, давтан тун хийлгэх зэрэг нь нээлттэй аж. Тэгвэл товлолын болон сайн дурын дархлаажуулалт хэрхэн явагдаж буй талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаагаас тодрууллаа.
- Манай улсад өдгөө хэчнээн төрлийн өвчний эсрэг товлолын болон сайн дурын дархлаажуулалтыг хийж байна вэ?
- Дархлаажуулалтын тухай хуулийн хүрээнд манайд үндэсний товлолын дагуух вакцинуудыг үнэ төлбөргүй хийдэг. Заавал хийх дархлаажуулалтад 10 гаруй халдварт өвчнөөс сэргийлэх зургаан төрлийн вакцин багтдаг. Үүнд сүрьеэ, халдварт саа, гепатит В, сахуу, хөхүүл ханиад, татран, хемопелиус инфлюенза, улаанбурхан, гахай хавдар, улаанууд зэрэг халдварын эсрэг вакцинуудыг товлолын дагуу хийдэг гэсэн үг. Үүн дээр нэмээд сайн дурын үндсэнд иргэдийг томуу, коронавирус, ротавирус зэрэг халдварын эсрэг дархлаажуулалтад улирлаар, байнга гэхчлэн хамруулж байна.
- Олон улсад цар тахлын нөлөөгөөр товлолоор хийдэг вакцины хамрах хүрээ хумигдсаар байна. Коронавирус дэгдсэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд товлолт вакцин хийх үйл явц тасалдсан уу?
- Улс орон бүрт шахам “Ковид-19”-ийн нөлөөгөөр ердийн дархлаажуулалтын хөтөлбөрүүд тасалдсан. Зарим оронд товлолын дархлаажуулалт хүртэл мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан байна. Манайд харин харьцангуй бага нөлөөлсөн. Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр өнгөрсөн хугацаанд цар тахалтай байсан ч товлолт вакцинуудын хамрагдалт 90 гаруй хувьтай хэвээр. Эрүүл мэндийн салбарынхан халдварын үед хамгийн их дайчлагдсан ч Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлж, хүүхэд бүрт хүргэхийг хичээж байгаа нь сайн хэрэг шүү.
- Дэлхий дахинд дархлаажуулалтыг өдгөө ямар арга, хэлбэрээр зохион байгуулж буй юм бол?
- Коронавирус бүрэн намжаагүй хэдий ч дархлаажуулалтын хуучин хөтөлбөрүүд хэвийн явагдана гэдгийг эрдэмтэд хэлж буй. Ийм хөтөлбөрүүдийг хүн амд дархлаа тогтоох замаар тэдний эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчний дэгдэлт гарахаас сэргийлэхийн тулд олон арван жилийн турш хэрэгжүүлсээр ирсэн. Дархлаажуулалтын хөтөлбөр тасалдах нь ирээдүйд тухайн халдварт өвчний дэгдэлт гарах эрсдэлийг л нэмэгдүүлдэг. Жишээ нь, манайд 2015-2016 онд улаанбурханы дэгдэлт гарсан. Энэ нь уг өвчний дархлаажуулалт үүнээс өмнө тасалдсантай холбоотой.
- “Ковид-19”-ийн вакцины нөөц одоо ч хангалттай байгааг ЭМЯ мэдээлсээр буй. Халдварын шинэ хувилбарууд нэмж бүртгэгдсээр байгаа энэ үед вакцин үр дүнтэй, эсэх талаар иргэдэд мэдээлэл өгөөч?
- Аливаа вакцин нь хүний биеийн дархлааны тодорхой хэсгүүдийг өдөөж, өвчин үүсгэгчид өвөрмөц санамж бий болгох зорилгоор бүтээгдсэн байдаг. Коронавирусийн вакцин олон төрөл байгаа боловч вирусийн гадаргуугийн уургийг кодлох замаар л гаргаж авсан. Тэрхүү уураг нь хүний биеийн эсэргүүцлийг өдөөснөөр дархлааны санамж үүсгэдэг гэсэн үг. Уг санамж нь тухайн эмгэг төрөгч биед орж ирмэгц дархлааны урвалыг ажиллуулж, өвчинтэй тэмцэхэд тусалдаг. Хэдийгээр коронавирус мутацад орж, шинэ хувилбарууд нь бүртгэгдсээр буй ч вакцины нөлөө одоо ч үр дүнтэй хэвээр байгааг дэлхийн олон судалгаа харуулсаар байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ