30,Sep 2023
| Нийтэлсэн Mar 16, 5:05 | Эрүүл мэнд
“Сүрьеэгүй ирээдүйн төлөөх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг энэ сарын 11-нд боллоо. Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр гуравдугаар сарын 24-нд тохиох бөгөөд уг өдрийг угтан Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан Үзэг” холбоо энэхүү арга хэмжээг ХӨСҮТ-тэй хамтран зохион байгуулсан юм. Сэтгүүлчдээр дамжуулан уг өвчний талаарх үнэн бодит мэдээллийг иргэдэд цэгцтэй, ойлгомжтой хэлбэрээр хүргэх зорилгоор уг арга хэмжээг өргөн хүрээнд хийсэн нь энэ.
Уулзалтад телевиз, сонин, сайт зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн 20 орчим сэтгүүлч оролцсон бөгөөд хэвлэлийнхэнд сүрьеэгийн талаарх сүүлийн үеийн судалгаа, өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг анхдагч эх сурвалжаас нь авах боломж бүрдүүлснээрээ ач холбогдолтой болжээ.
Мөн энэ үеэр сүрьеэгийн өвчлөлийг дорвитой бууруулахад чиглэсэн хариуцлагатай хамтын ажиллагааг бэхжүүлэх, судалгаа, шинжилгээнд сүүлийн үеийн шинжлэх ухаан, инновацыг нэвтрүүлэх, хүүхэд болон өсвөр үеийнхний эрт илрүүлгийн тогтолцоог бий болгоход шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг бүх нийтэд уриалсан юм.
Ташрамд дурдахад, Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан Үзэг” холбоо нь сар бүр тохиодог эрүүл мэндийн тэмдэглэлт өдрүүдийг угтан, тухайн өдрийн талаар мэдээлээд өнгөрөх биш, сэтгүүлчдийн дунд энэ мэтчилэн уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээллээр хангах, шууд эх сурвалжтай нь холбох замаар тухайн сэдэв, асуудлыг олон нийтийн анхаарлын төвд хүргэхээр зорин ажиллаж байгаа аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ