01,Oct 2023
| Нийтэлсэн Mar 14, 5:05 | Эрүүл мэнд
Манай улсын эмийн зах зээлд ижил төрлийн үйлчилгээтэй нэг эм худалдааны маш олон нэрээр зарагддаг. Харин үүнийг иргэд мэдэхгүй, найрлагыг нь ч анзаарч хардаггүйгээс давхардуулж уун, хордох тохиолдол цөөнгүй гардгийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан хэллээ. Жишээ нь, “Парацетамол” гэхэд л худалдааны 30 гаруй өөр нэрээр зарагдаж буйг үйлчлүүлэгчид тэр бүр мэдэхгүй, тунг нь хэтрүүлэх, өөр эм гэж андуурах нь олонтоо аж.
Тэгвэл “Парацетамол” нь халуун бууруулах, өвчин намдаах үйлчилгээтэй, жоргүй олгодог учир өдгөө монголчуудын өргөн хэрэглээний эм болжээ. Толгой өвдсөн ч уг эмийг уух нь элбэг.
АНУ-д 1955 онд эмнэл зүйд нэвтэрсэн уг эмийн тунг хэтрүүлэн хэрэглэвэл элэгний хавант үхжил үүсгэн улмаар үхэлд хүргэдгийг дэлхий дахинд аль эрт судалж тогтоосон билээ. Тиймдээ ч манай эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд “Парацетамол”-ыг хэрэглэхдээ зохист тунг нь тааруулж, хор нөлөөг нь анхаарахыг сануулдаг ч төдийлөн үр дүнд хүрэхгүй л байх шиг. Харин дэлхий нийт уг эмээс хэдийн татгалзаад эхэлжээ.
Олон улсын судалгаагаар “Парацетамол”-ыг хоногт дөрвөн граммаас их тунгаар хэрэглэхэд л элэг, бөөрийг хордуулж, үйл ажиллагааг нь хямраахаас гадна зүрхний эд, эсийг гэмтээн улмаар хэм алдагдахад хүргэдэг болохыг тогтоож. Мөн нойр булчирхайг үрэвсүүлж, цус төлжилтийг дарангуйлах зэрэг ноцтой гаж нөлөө үзүүлдэг байна. Тиймээс ДЭМБ улс орнуудад “Парацетамол”-ын тунг хоёр дахин багасган хэрэглэхийг зөвлөж буй. Тухайлбал, АНУ, Энэтхэг зэрэг оронд “Парацетамолын тунг хэтрүүлэн хэрэглэвэл элэг гэмтээх аюултай” гэсэн анхааруулгыг эмийн шошгон дээр заавал бичих шаардлагыг 2013 оноос мөрдөж буй юм байна.
“Парацетамол”-ыг дээр хэлсэнчлэн ихэвчлэн ханиад, томууны үед халуун бууруулах, өвчин намдаах зорилгоор өргөн хэрэглэдэг. Тэгвэл “Эффералган”, “Минигрип-П”, “Миксагрип”, “Колдакмин”, “Саридон”, “Дальрон-С”, “Терафлю”, “Колдрекс”, “Седалгин-нео” зэрэг ханиад, томуугийн эм нь “Парацетамол” агуулсан байдаг аж. Үүнийг ихэвчлэн эцэг, эхчүүд мэдэхгүй, “халуурсан” хүүхдэдээ давхардуулж өгөн, хордуулах нь цөөнгүйг ЭХЭМҮТ-ийнхөн хэлсэн.
Насанд хүрэгчид ч уг эмийг хэтрүүлэн хэрэглэхэд хортой. Тэр дундаа элэгний өвчтэй, архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүст “Парацетамол”-ын хордуулах нөлөө илүү хүндээр тусдаг юм байна. Тиймээс уг эмийг маш болгоомжтой, тунг нь багасган хэрэглэх, насанд хүрэгчид хоногт гурван граммаас ихгүй, олондоо 10 хоног уух, хүүхдэд нас, биеийн жингээс нь хамааран тунг нь тогтоож, таван хоногоос илүүгүй хугацаанд хэрэглэх нь зүйтэй аж. Харин цус багадалттай, архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс болон гурав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эх огт хэрэглэж болохгүйг ташрамд сануулъя.
М.СЭЦЭН
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ