ОХУ энхийн хэлэлцээрээ цуцалсанд япончууд дургүйцлээ илэрхийллээ

| Нийтэлсэн Mar 22, 9:09 | ДЭЛХИЙ

Үзсэн : 238

220321224858-kishida-india-03192022-restricted-exlarge-169Японы Ерөнхий сайд Фүмио Кишида

Японтой байгуулсан энхийн хэлэлцээрээ цуцалж буйгаа ОХУ-ын Гадаад хэргийн яамныхан даваа гарагт мэдээллээ. Украин руу давшсан түрэмгийллийн улмаас Европын орнууд мөн Азиас Япон, Өмнөд Солонгос зэрэг улс эдийн засгийн хориг тавьсан билээ.Үүний хариуд Оросын Засгийн газар энхийн хэлэлцээрээ зогсоож, маргаантай байдаг Курилын арлуудтай холбоотой эдийн засгийн хамтарсан төслөө царцаажээ.  

Харин өнөөдөр Японы Ерөнхий сайд Фүмио Кишида хариу мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Орос улс Украинд түрэмгийлснээр энэ бүх нөхцөл, байдлыг бий болгосон. Үүнийгээ Япон, Оросын харилцаатай хольж хутгах гэсэн оролдлого нь туйлын шударга бус бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй юм” гэсэн байна.

Түүнчлэн Украинд явуулж буй зэвсэгт халдлага үргэлжилбэл цаашдаа ч нэмэлтээр хориг арга хэмжээ тавихаа мэдэгджээ. Харин Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Хирозаку Мацуно Токио хотод суугаа ОХУ-ын элчин сайдад эсэргүүцлийн нот бичиг гардуулах болсон тухай мэдээлсэн байна.

Дэлхийн II дайны дараа тус хоёр улс Өмнөд Курилийн дөрвөн арлын газар нутгийн өмчлөлийн асуудлаар маргалдах болсон. Энэхүү үл ойлгол өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд энхийн гэрээ байгуулахад учруулж буй гол саад гэж хэлж болно.

Олон жил хэлэлцсэний дүнд тус хоёр улс маргаантай арлуудад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, Японы иргэд визгүй зорчих зэрэг ахиц, дэвшлүүд гараад байжээ. Ийн энхийн хэлэлцээрээ зогсоосон тул дээрх хамтын ажиллагаа мөн цуцлагдах аж.

Украины хямрал эхэлснээс хойш Японы Засгийн газар ОХУ-ын эсрэг хэд хэдэн багц хориг арга хэмжээ аваад байгаа.

Тухайлбал, хагас дамжуулагч, өндөр технологийн тоног төхөөрөмж, программ хангамж зэрэг нийт 300 орчим төрлийн барааны экспортыг хориглосон юм. Түүнчлэн хэд хэдэн том банкны хөрөнгийг битүүмжилж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, түүний ойрын хүрээний хүмүүст хориг тавьжээ.

 Эх сурвалж: CNN

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол