Орос Украин хоёр улс яагаад зөрчилдөх болов

| Нийтэлсэн Mar 11, 11:11 | ДЭЛХИЙ

Үзсэн : 284

/3-р сарын 1-ний мэдээ/000_323T4MF

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хөрш зэргэлдээ Украин улс руу  хоёрдугаар сарын  24-нд дайрахаар мэдэгдэж, гал нээсэн билээ. Одоогийн байдлаар орос цэргүүд Украины нийслэл Киев хотод тулж иржээ. Мөн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн тавьсан хүсэлтийн дагуу хоёр талын удирдагчид Беларусийн Гомель мужид уулзахаар хэлэлцэж байна.

Тэгвэл Орос, Украины хоорондын зөрчил юунаас үүдэв, одоо нөхцөл байдал ямар байгаа болон хоёр тал хэр их хохирол амссаныг хураангуйлан хүргэе.

Олон жилийн зөрчилдөөн нь өнөөгийн байдалд хүргэжээ

_123311739__121955004_ukraine_rebel_held_areas_8_4_2021map_2x640-nc

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 21-нд Украйны зүүн хэсгийн Донбассын бүсэд харьяалагдах салан тусгаарлагдсан Донецк, Луганск хэмээх хоёр бие даасан мужийг Бүгд Найрамдах Улс болохыг хүлээн зөвшөөрч, энхийг сахиулах нэрийдлээр цэргээ оруулснаас нөхцөл байдал ширүүссэн. Гэхдээ энэ нь дайны өнгөн шалтгаан бөгөөд өнө удаан жилийн хугацаанд үүссэн үл ойлголцол, зөрчилдөөн даамжирсаар өнөөгийн байдалд хүрчээ.

  • 1991 он- Зөвлөлт Холбоот Улс задарч, Украин тусгаар тогтносон улс болов.
  • 1994 он – Украин улс цөмийн зэвсгээсээ татгалзсан талаарх гурван талын гэрээнд гарын үсэг зурав.Тусгаар тогтнолоос өмнө Украины нутаг дэвсгэрт ЗХУ нь Европын орнуудын дайралтаас хамгаалах зорилготой зэр зэвсэг, цэргийн гол хүчээ төвлөрүүлж байсан. Украин тусгаар улс болсныхоо дараа тэрхүү цэрэг арми, зэвсгийн хүчний 1/3-ийг авч үлдсэнээр барахгүй цөмийн зэвсэг ч багтаж байв. Тэр утгаараа  зэр зэвсгийн хүчээр дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгддэг байж. Тухайн үед, АНУ-аас  “Цөмийн зэвсгээсээ татгалзвал эдийн засаг болоод цэрэг армийн найдвартай ар тал байна” гэсэн санал тавьсны дагуу Украин улс дээрх гэрээнд гарын үсэг зурж, барууны орнууд болон  ОХУ-ын дунд хилийн зааг болж “Төвийг сахисан” байр суурьтай байх шийдвэрийг гаргажээ.

 

  • 2004 он – Украины баруун бүсийнхэн болох АНУ тэргүүтэй орнуудын үзэл баримтлалыг дэмжигчид мөн зүүн бүсийнхэн болох ОХУ-ын баримталгчдын дунд зөрчилдөөн үүслээ.
  • 2008 он- Эрх баригч тэргүүтэй барууныхан НАТО-д нэгдэх хүсэлтээ илгээв. Гэвч тухайн үед НАТО хүсэлтийг хүлээн аваагүй. НАТО- Зөвлөлт Холбоот Улсын эсрэг барууны гүрнүүдийн нэгдэж байгуулсан холбоо. Анх найман улсын гишүүнтэй байгуулсан тус холбоонд өдгөө 30 орон нэгджээ. /
  • 2013 онд Украин эргэн ОХУ-тай нэгдэх хүсэлт тавив. Тэгсэн ч дотроо баруун зүүнээрээ дахин хагаралдав.
  • 2014 оны хавар – Украинд төрийн эргэлт гарч Ерөнхийлөгч Виктор Януковичийг түлхэн унагав. Уг төрийн эргэлт нь АНУ болон НАТО-гийн шууд оролцоотой үйл явдал болсныг тухайн үеийн АНУ-ын тусгай төлөөлөгч Виктори Нуланд гэгч эмэгтэйн утсаар ярьсан бичлэгүүд нотолсон юм.
  • 2014 оны гуравдугаар сар- ОХУ Пенинсулагийн хойг дахь Крымыг булаан авлаа. АНУ тэргүүтэй барууны орнуудын гол зорилго нь  Оросын түүхт Хар тэнгисийн флотыг үгүй хийх юм. Учир нь Орос улс Крымд байрладаг тус флотоо дахин 99 жил ашиглах гэрээг  Украинтай байгуулсан байлаа. Харин 2014 онд Украины төрийн эргэлтэд гарсан хүмүүс  хамгийн түрүүнд Оросын Хар тэнгисийн флотын гэрээг цуцалсан нь ОХУ-ын эрх ашигт хамгийн том аюул үүслээ гэж үзээд яаралтайгаар Крымд цэргээ оруулж эзлэн авсан байдаг.
  • 2014 оноос хойш өнөөг хүртэл Донбассын бүс дэх Донецк, Луганскийн салан тусгаарлагч улсууд, ард иргэд Украины эрх баригчид хийгээд баруун бүсийнхэнтэй үзэл баримтлалын зөрчилдөөнтэй, тэмцэлтэй, алаан хядаантай байсаар ирсэн билээ.
  • 2014 оны төрийн эргэлтээс хойш 2021 он хүртэл Донбассын бүс нутагт 15 000 гаруй Оросын үзэл баримтлалыг дэмжигч зүүнийхэн нас барсан хэмээх албан тоон мэдээлэл байдаг. Харин ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захоровагийн мэдэгдлээр “Донбасс дахь орос хэлээр ярьдаг, оросын үзэл баримтлалыг дэмждэг тус улстай нэгдэх хүсэлтэй 40 000 гаруй иргэнийг үгүй хийсэн” гэж мэдэгдсэн байна.
  • Орос Украины хагаралдаанд АНУ болон НАТО-гын хатгаас их нөлөөтэй гэдгийг ажиглагч, шинжээчид хэлж буй. НАТО 1999 онд ОХУ-тай хийсэн гэрээндээ  “Зүүн Германаас дотогш нэг сөөм газар ахихгүй, дахин улс нэгтгэхгүй” гэж гарын үсэг зурсан ч тус  хэлцэлдээ хүрэлгүй ЗХУ-ын нэгдэлд  байсан Украинаас бусад ихэнхи орныг нэгтгээд байгаа билээ.  Анх найман гишүүнтэй байсан тус холбоо өдгөө 30 орныг өөртөө нэгтгэсэн. Газар нутгаараа Оросын дараа ордог Украин НАТО-д нэгдвэл дайснууд нь яг ОХУ-ын хилд тулж ирэх юм.
  • Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Украин улсыг НАТО-д нэгтгэхээр зорьж буй
  • 2022 оны хоёрдугаар сарын 21-нд Ерөнхийлөгч Владимр Путин Донецк болон Луганскийг Бүгд Найрамдах Улс гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, хоёрдугаар сарын 22-ноос цэргийн хүчээ Донбасст энхийг сахиулна гэх нэрийдлээр оруулснаар өнөөдрийн байдлаар Оросын цэрэг Украины нийслэл Киевт тулж ирээд буй билээ.

Дээрхи баримтуудаас харахад Украин унь тусгаар улс болсныхоо дараахнаас эхлээд л дотооддоо баруун, зүүнээрээ талцаж үзэл бодлын зөрчилдөөнтэй байсан нь харагдаж байна. Оросууд голдуу амьдардаг зүүн бүсийнхээ иргэдийг хавчин шахаж, сургуульд нь орос хэл заах, оросоор ярих, зурагт, радиогоор орос нэвтрүүлэг гаргахыг хориглож, Оросын талыг дэмжигчдийн эрх ашгийг зөрчиж байсан нь дотоод зөрчилдөөний хамгийн том шалтгаан. Түүнчлэн Төвийг сахих байр сууриндаа хүрэлгүй НАТО-д нэгдэнэ, нэгдэхгүй гэсэн тогтворгүй байдал нь дайн эхлэх шалтгаан болоод байгаа юм.

Гал нээснээс хойшхи хохирол

ОХУ- дайны гал нээснээс хойш  тав дахь өдрөө үргэлжилж байна. BBC цахим хуудсанд Украины хохирлыг ийн мэдээлжээ.

  • Украины 10 хот бөмбөгдөлтөд өртөөд байна
  • Украины Эрүүл мэндийн сайдын мэдэгдсэнээр 352 энгийн иргэн амиа алдсанаас 14 нь хүүхэд аж
  • Цэргийн 134 цэргийн албан хаагч мөн амь эрсдэж олон мянган хүн шархаджээ.
  • Харин Оросын талаас 4300 цэргийн албан хаагч амь насаа алдсан гэж мэдэгдэлсэн.
  • Ойролцоох улс орон руу дүрвэсгдийн тоо 368 000 давжээ /02.28/
  • Тэдний олонхи нь Польш, Унгар, Румын, Молдав, Турк улс руу дүрвэжээ. Гэхдээ энэ нь албан тоо биш юм. Цаашид 4 000 000 иргэн дүрвэх тооцоолол ч байгаа аж.
  • Цөмийн зэвсгийн хор хохирлоороо дэлхийд хамгийн аюултайд тооцогдох Чернобылын бүс нутгийг оросууд эзлэн авав /02.24/
  • Мөн Ерөнхийлөгч Владимр Путин цөмийн зэвсгээ ч ажиллагаанд оруулна гэдгээ мэдэгдсэн. /02.28/
  • Зэвсэгт мөргөлдөөн Харьков хот хамгийн ширүүн өрнөсөн бөгөөд Украины цэргийн хүч оросын дайралтыг зогсоож чадсанаа /02.27/-нд мэдэгдэв.

 

ОХУ-д тавьж буй улс орнуудын хориг арга хэмжээ, эдийн засгийн хохирол

Дайн эхлүүлснээрээ ОХУ эдийн засгийн хувьд хамгийн их хохирлыг амсаад байгаа юм. Үүнийг ч Ерөнхийлөгч Путин эртнээс тооцоолж байсан гэх.

Одоогийн байдлаар ОХУ-д дараах хориг арга хэмжээнүүдийг тавиад байна.

  • ОХУ-ын төв банкны мөнгөн урсгалыг Европын холбоо, АНУ, Украин, Канад царцаав.
  • АНУ Орост авч буй хориг арга хэмжээгээ чангатгав.
  • БНХАУ-ын төв банкууд болох “Bank of China” болон Хятадын “Аж үйдвэр худалдааны банк”-ууд ОХУ-ын бүтээгдэхүүн худалдаж авахгүй, доллараар зээл олгохгүй гэдгээ мэдээллээ /2022.02.27/
  • ОХУ-ын гол таван том банкийг дэлхийн улс орнуудын банк хоорондын Swift гүйлгээний системээс хаслаа /02.28/. Ингэснээр ОХУ бусад улс орнуудтай ямар нэгэн гүйлгээ хийх, харилцаанд орох боломжгүй болох юм.
  • Япон Оросын бондыг арилжаалахыг хориглож, Донецк, Луганскын иргэдэд виз олгохыг хориглов. Дээрх хоёр улстай экспорт, импортыг зогсоолоо
  • ОХУ-ын авиа компаниудыг Европын холбооны агаарын орон зайд гуравдугаар сарын 13 хүртэл нисэхийг хориглолоо. /02.27/
  • Герман улс ОХУ-тай байгуулсан “Nord Stream 2” хийн хоолойн төслөө зогсоов, мөн эдийн засгийн хориг арга хэмжээ авав /02.22/. Уг төсөл нь ОХУ-аас Герман руу чиглэсэн байгалийн хийн урсгалыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилготой Балтийн тэнгисийн хийн хоолойн төсөл юм.
  • Канад улс Луганск , Донецк бүх төрлийн санхүүгийн харилцаа холбоо тогтоохыг хориглов /02.22/
  • Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ОХУ-д тавьж буй эдийн засгийн хориг арга хэмжээндээ таван банкыг царцааж, хөрөнгийг битүүмжилж байгаагаа мэдэгдлээ. Оросын гурван тэрбумтнийг Их Британид зорчихыг хориглов
  • Европын холбооны гишүүн нийт 27 орон ОХУ-д их бага хориг арга хэмжээ авчээ.
  • Оросын парламентын доод танхимын Думын 351 гишүүний хөрөнгийг царцаалаа.
  • Европын холбооны орнуудын авсан хориг арга хэмжээнээс үүдэн оросын баячууд 32 тэрбум ам.долларын хөрөнгөө алдаад байгааг эдийн засгийн шинжээчид мэдэгджээ.
  • Эдгээр хориг арга хэмжээнээс гадна урлаг спортын үйл ажиллагаа, авиа компаниудын нислэг, салбар салбарын алдагдал маш их байгаа юм.

Э.НОМИН-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол