08,Dec 2023
| Нийтэлсэн Mar 14, 4:04 | НИЙГЭМ
Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүд хүүхэд, эмэгтэйчүүд, төрөх, хавдар, халдварт гэхчлэн долоогоос доошгүй төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх ёстой. Гэвч манай улсад саяхныг хүртэл эл шаардлагыг хангасан II шатлалын эмнэлэг байгаагүй.
Харин Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр 4, 5” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт олон улсын жишигт нийцсэн Нэгдсэн эмнэлэг барьж, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулсан юм.
Коронавирусийн тархалтаас болоод тус эмнэлгийг өнгөрсөн хугацаанд зориулалтаар нь ашиглаагүй ч саяхнаас үндсэн тусламж, үйлчилгээгээ хэвийн хүргэж эхэлжээ. Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн (гуравдугаар сарын 4-5)-ий үеэр аймаг, орон нутгийн удирдлагууд тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Сонгинохайрханы жишиг эмнэлэг нь дээр дурдсан долоогоос олон төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй бөгөөд олон улсын эмнэлгийн хамгийн сүүлийн үеийн стандартуудыг хангаснаараа Монголд анхдагч болсон. Барилга байгууламж, тоног төхөөрөмж нь ч дэвшилтэт. Өдгөө 400 гаруй эмч, ажилчинтай үйл ажиллагаагаа явуулж буй тус эмнэлгийнхэн жилд 150 000 хүнд үйлчлэх хүчин чадалтай, амбулаторийн 28 кабинет, хэвтэн эмчлүүлэх 250 ор, таван тасагтай аж.
Өрхийн эрүүл мэндийн төвөөс болон эмнэлгийн амбулатори, хэвтэн эмчлүүлэх тасгаас илгээсэн үйлчлүүлэгчдэд компьютерт томограф, рентген, ЭХО, дуран, тархи, зүрх, судасны цахилгаан бичлэг, аудио метр болон лабораторийн шинжилгээ хийж буй аж. Мөн өдрийн эмчилгээ ч хийдэг аж.
Жишиг эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага орон нутагтаа ийм эмнэлэгтэй болох саналыг ЭМЯ-нд уламжилжээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ