24,Sep 2023
| Нийтэлсэн Mar 14, 15:03 | ДЭЛХИЙ
БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт гуравдугаар сарын 9-нд эхэллээ. Сонгуулийн үеэр Сөүл хотын төв талбайд хүйсийн тэгш эрхийг хөндсөн тайван жагсаал болсон байна. Жагсагчид “Эмэгтэйчүүдийн төлөө саналаа өгөөрэй”, “Юн Сук Ёл зайл” гэсэн уриалга бүхий лоозон барьж, цагаан хувцсаар ижилссэн байв. Тэд сөрөг хүчний намаас нэр дэвшигч Юн Сук Ёлыг сонгуулийн өмнө феминистүүдийн эсрэг уриалга гаргаж, дэмжлэг авахыг оролдсон гэж буруутгажээ. Энэ жилийн сонгуульд эрх баригч намаас өрхийн амьжиргааг дээшлүүлэх амлалт өгсөн Ли Жэ Мён, харин сөрөг хүчнээс шударга нийгмийг цогцлоохоо амлаж буй Юн Сук Ёл нар нэр дэвшин, өрсөлдөж буй юм. Харин Сөүлийн иргэд Юн Сук Ёл нэр дэвшигчийг “Сонгуульд өрсөлдөх эрхгүй” гэж үзжээ.
Сүүлийн жилүүдэд тус улсад хөдөлмөрийн зах зээлийн хэт өрсөлдөөн, орон сууцын үнийн өсөлт их байгаа тул улс төр, нийгэм, эдийн засгийн салбарын удирдах зөвлөлд эмэгтэйчүүдийн оролцоо тааруу, одоо ч ялгаварлан гадуурхах үзэгдэл их байгааг жагсагчид онцолжээ. Юн Сук Ёл нь Хүйсийн тэгш эрх, гэр бүлийн яамыг татан буулгаж хүүхэд залуус, гэр бүл, хүн ам зүйн яам байгуулна хэмээн мэдэгдсэн нь ийм хэл ам дагуулаад байгаа юм.
Ташрамд дурдахад, энэ жилийн сонгогчдын ирц сайн байх төлөвтэй аж. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон урьдчилсан санал хураалтаас харахад нийт сонгууль өгөх эрхтэй 44 сая хүнээс 36.93 хувь буюу 16 сая гаруй нь саналаа өгчээ.
Энэ нь 2014 онд урьдчилсан санал хураалтын системийг нэвтрүүлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Эх сурвалж: CNN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ