10,Jun 2023
| Нийтэлсэн Apr 13, 17:05 | Фото мэдээ
Дэлхий нийтээрээ хэвийн амьдралдаа эргэн орж буй энэ цагт магадгүй та аяллын төлөвлөгөөгөө хараахан гаргаагүй байж мэднэ. Тэгвэл чихэнд чимэгтэй мэдээ дуулгая. Хойд туйлын туяа, үзэсгэлэнт байгаль, өвлийн спорт, цэнхэр хүндэт бүсгүйчүүд, хулд загасаараа алдартай Норвег улсыг аяллын цэг болговол ямар вэ? Дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс тэнд амьдардаг. Хотууд нь Скандинавын хэв маяг, дэгжин ландшафтаараа гоёдог.
Хэрэв танд Норвегоор аяны "дөрөө мултлах" боломж олдвол дараах үзэсгэлэнт газруудаар заавал тухлан саатаарай.
FLAM RAILWAY
Фламын төмөр замыг дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй галт тэрэгний аяллын нэг гэж тодорхойлсон байдаг. Тиймдээ ч Норвегийн аялал жуулчлалын тэргүүлэх газруудын нэг юм. Галт тэрэг Согне-фьордын цутгал Орланд-фьордын төгсгөлөөс Мирдал өртөөний өндөр уулс хүртэл аялдаг. Энэхүү аялал нь танд Баруун Норвегийн үзэсгэлэнт байгалийг хамгийн ойроос үзэх боломж олгоно.
LOFOTEN ISLANDS
Лофотены арлуудаас та байгалийн өвөрмөц үзэгдлийг ойроос харж болно. Норвегийн умард хэсэгт орших эдгээр арлын газарзүйн онцгой байрлал нь хойд туйлын туяаг үзэх дэлхийн хамгийн сайхан цэг юм. Түнэр харанхуйг гэнэт гэрэлтүүлж, хормын төдийд гэгээн цагаан өдрийг дэргэд тань авчирна гээд бод доо.
CAFES IN BERGEN
Хүмүүс энд цуглах дуртай. Норвегийн Берген хотын Бригген дүүрэг гадны жуулчдын их хөлийн газар бөгөөд ирсэн зочид тэндхийн кафед тухалж, алдарт пиво Lervig-ийг шимэн, үндэсний хоолыг нь амтлаад буцдаг. Энэ нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн газар юм.
HARDANGERFJORD
Норвегийн зуны өглөө гайхамшигтай. Ялангуяа Хардангер-фьордынх бүр үзэсгэлэн төгөлдөр. Энд жуулчид адал явдлаар дүүрэн дурсамж бүтээх гэж очдог. Эгц цавчим уул хад, мөсөн гол, Ворингсфоссен хүрхрээ, гүн хавцал, алимны үзэсгэлэнт цэцэрлэг, XVII зууны үеийн цайз зэрэг нь гийчдийн анхаарлыг эрхгүй татдаг. Хэрэв та тийш зорих гэж буй бол дэлхийд хаана ч байхгүй "Нордик" алимны оргилуун дарсыг хүртэхээ мартуузай.
GEIRANGERFJORD
Эгч, дүү долоо хэмээх уг хүрхрээ 410 метрийн өндрөөс чөлөөт "уналт хийдэг". Долоон тусдаа горхиноос бүрддэг учраас ийн нэрлэсэн бөгөөд Норвегийн Море ор Ромсдал мужийн Странда хотын Гейрангер-фьордын дагуу байрладаг. Энэ нь Дэлхийн өвд бүрдгэгдсэн байгалийн цогцолбор газар юм.
ALESUND
Норвегийн Море ор Ромсдал мужид байдаг Хотын захиргаа нь ийм үзэсгэлэнтэй шүү. Санморе дүүргийн төв болох Алесунд нь тус бүс нутгийн далайн тээврийн гол хот юм. Энэ боомт хот "Art Nouveau" архитектурын хэв маягаараа алдартай.
OSLO
Норвегийн нийслэл Осло хот нь орчин үеийн өнгө загвартай, сэтгэл татам барилга байгууламжаас эхлээд соёлын олон зүйлийн өвийг хадгалсан хуучны донж, маяг бүхий цайз, сүм хэрмүүдээс бүрдэнэ. Хэдийгээр дэлхийн томоохон хотуудтай харьцуулахад хүн ам цөөн ч жуулчдыг уйдаахааргүй үзэсгэлэнт газрууд олонтой. Үндэсний галерей, Хааны ордон, Осло сүм, Триванн цанын бааз, Норвегийн Дуурь бүжгийн эрдмийн театр, Акершусын цайз, Вигеланд баримлын цэцэрлэгт хүрээлэн зэрэг 19 онцлох газрын нэрийг тус Хотын захиргаа жуулчдад зориулсан 2022 оны гарын авлагадаа оруулжээ.
PULPIT ROCK and Lysefjorden
Уулын хавцал дундуурх усан завины аяллыг амьдралдаа нэг удаа туршихыг боддоггүй хүн үгүй л болов уу. Хэрэв та тэдний нэг бол энэ яг тохирох газар гэдгийг хэлэхэд таатай байна. Ставангер хотын төвөөс Прейкестолен хүртэл 3.5 цаг орчим үргэлжлэх цахилгаан завины Лисе-фьордын аяллаас хүүхэд, хөгшин залуугүй 100 хувь сэтгэл ханамжийг мэдэрнэ. Түүнчлэн Пулпит хадан цохион дээр гарч, эргэн тойрны үзэсгэлэнт тогтоцуудыг алган дээр буй мэт бүхэлд нь харах бас нэгэн таашаал бус уу.
Том Круз "Биелэгдэшгүй даалгавар 6" киноны зургийг энэ газарт авчээ.
NARVIK
Нарвик нь Офо-фьордены эрэгт байрладаг, Норвегийн гурав дахь том хот юм. Хойд туйлын тойрог дотор орших энэ нутагт цанаар гулгах, уулын дугуй унах, бүргэдтэй сафарид оролцох, нохой чаргаар аялах боломжтой юм. Хэрэв та тавдугаар сард Нарвикийг зоривол Фелькистен эрэг дагуух шар шувууны сафарид оролцохоос бүү татгалзаарай.
TRONDHEIM
Өнгийн цэцэгс мэт үзэмж сайтай энэ хот Норвегийн зүүн хэсэгт байрладаг. Тус суурин 997 онд худалдааны төв болон анх байгуулагдсан бөгөөд 1217 он хүртэл Норвегийн нийслэл нь байжээ. Түүх, соёлын дурсгалт эл хотод шинжлэх ухаан, технологийн томоохон төвүүд, хамгийн сүүлийн үеийн технологийн старт-ап бойжуулах инкубаторууд болон коворкинг газруудын өлгий юм. Энд тус улсын хамгийн том эрдмийн төв болох Норвегийн Шинжлэх ухаан технологийн их сургууль байрладаг.
Эх сурвалж: countryliving.com, wikipedia.com, visitnorway-com
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ