08,Dec 2023
| Нийтэлсэн Mar 24, 3:03 | Lifestyle
Нидерландын Гааг хотын Олон улсын шүүхэд эрүүгийн ахлах өмгөөлөгчөөр ажиллаж буй Н.Орчлонг “Хобби” булангийнхаа анхны зочноор урилаа. Тэрбээр олон улсын шүүхэд ажиллаж буй анхны монгол хүн. Өөрийн хоббигоо өндөр түвшинд хүртэл нь хөгжүүлсэн түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Та Гаагийн шүүхэд олон жил ажилласан тэмдэг саяхан авсан гэсэн. Баяр хүргэе. Энэ ямар учиртай тэмдэг билээ?
-Олон улсын байгууллагад шагнал гэж сүртэй зүйл байдаггүй. Хийх ёстойгоо л хийнэ. Монголынх шиг шилдэг ажилтан гэх мэтийн шагнал энд үгүй. Хараат бус, шүүхийн байгууллага тул өөр газраас ямар нэгэн шагнал, урамшуулал авах нь ч хориотой. Ганц урамшууллын систем нь 15 жил ажилласны дараа өгдөг энэ тэмдэг юм уу даа. Энэ нь дурсгал, нөгөө талаараа шагнал гэсэн үг. Үүнийг авдаг хүмүүс тийм ч олон биш.
-Хоббигоо хөгжүүлж болдгийг харуулж буй хамгийн төгс үлгэр дуурайл бол та. Тиймээс тантай энэ сэдвээр түлхүү ярилцъя. Хэзээнээс үнэртэй ус цуглуулах болсон бэ?
-Үнэртэнд багаасаа дурласан. Харин одоогийн ажилдаа орсноор харьцангуй гайгүй цалин хөлс авч, амьдралынхаа наад захын хэрэгцээг хангахаас гадна хоббигоо хөгжүүлэх боломж олдсон. Дуртай үнэртнээ авч хэрэглэдэг, олон тоогоор цуглуулдаг байснаа сүүлдээ хүмүүст бэлэглэдэг болоод 15 жил болжээ.
-Амьдрал нь аз жаргалтай, ажлын бүтээмж нь өндөр хүмүүс ихэвчлэн хоббитой байдаг гэсэн судалгаа бий. Үүнтэй та санал нийлэх үү?
-Үнэн шүү. Дэлхийн тэрбумтан Ричард Мангер цуглуулгатай хүн үргэлж аз жаргалтай байдаг гэж хэлсэн. Өөрийн дур сонирхол, хоббитой хүн үнэхээр аз жаргалтай болдгийг өөрийн биеэр мэдэрч явна. Үүнийгээ дагаад маш өргөн мэдлэгтэй, найз нөхөдтэй ч болдог. Цалинтай хобби ч гэж бас бий. Гэхдээ хүн бүр тийм байх боломжгүй. Зарим нь хоббигоороо дамжуулан бизнес хийж амьдралаа авч явдаг. Дуртай зүйлдээ цаг, мөнгөө зориулж түүнээсээ таашаал авдаг зүйлийг л хобби гэж хэлээд буй юм. Мөнгө олохгүй юм чинь гээд хүмүүс цаг гаргахгүй байх нь олонтоо. Амьдралыг утга учиртай болгодог энэ зүйлдээ цаг зарцуулдаг байх хэрэгтэй гэж боддог доо.
-Таны цуглуулга өвөрмөц, тансаг хэрэглээний бүтээгдэхүүн. Одоогоор танд хэчнээн үнэртэн байгаа вэ. Ер нь үнэртний соёлтон гэж хэнийг хэлэх вэ?
- Цуглуулга тоогоо алдсан. Үнэртний соёл гэдэг нь үргэлж хөгжиж байдаг амьд зүйл. Эхэндээ би үнэртний тухай ном унших дуртай байсан. Тэгээд яваандаа хэрэглэх хэмжээгээрээ үнэртэн цуглуулах болсон. Миний түрхдэг нь гэхэд л 300 гаруй байлаа. Одоо бол өдөр тутамдаа түрхдэг цөөхөн сүрчиг л бий. Сүүлийн жилүүдэд үнэртний соёлыг бусдад түгээн таниулах, мэдлэг олгох зорилгоор цуглуулгаасаа бэлэглэдэг болсон. Тэгэхээр хобби хувирч, өөрчлөгдөж ч болдог. Үнэртний соёлтон гэхээр заавал сүрчиг цуглуулах албагүй. Эргэн тойрон дахь үнэрийг ялгаж салгаж ойлгодог, тохируулан хэрэглэчихдэг л байх хэрэгтэй. Манайханд нэг нийтлэг зан бий. Өөрт нь таалагдаагүй л бол яасан муухай үнэртэй ус түрхсэн юм бэ гэх энүүхэнд. Энэ бол маш бүдүүлэг, соёлгүй зан. Тэгэхээр хүний сонголтыг хүндэтгэж сурах хэрэгтэй.
-Монголд үнэртний музей байгуулах мөрөөдөлтэй тухайгаа та ярьсан байсан. Энэ талаараа ярихгүй юу?
-Би сүүлийн үед Монголд үнэртний тансаг музей байгуулах ёстойг ойлгосон. Тиймээс урлагийн бүтээл болохуйц өвөрмөц үнэртнүүдийг цуглуулж байгаа. Эдгээр бүтээгдэхүүнээ ирээдүйд байгуулах музейнхээ үзмэрт тавина гэж боддог болохоор задалдаггүй. Үзмэр болохуйц ховор, чамин сүрчиг 300 орчим бий.
Үнэртэн бол хүн төрөлхтний нэгэн өв соёл. Үнэртнүүдээ дэлгээд тавихад ямар гоё харагддаг гээч. Үнэртний орон гэгддэг франц хүмүүс хүртэл хараад дуу алддаг гоё “үзмэрүүд”-ээ ирээдүйд байгуулах музейдээ байрлуулна аа.
- Үзмэр болохуйц ховор үнэртнүүдээ хэрхэн хайж олох уу. Бортогоных нь дизайн, өнгө үзэмж нь хүртэл маш чамин, тансаг байх даа.
-Mиний хайж буй бүтээгдэхүүнүүд энд тэнд ганц, хоёр л байх жишээтэй. Ихэнхдээ Европ, Америкаас авдаг. Заримдаа ховор нандин бүтээгдэхүүн газрын гавд, цуглуулагчдын хараанаас хол “очсон” байдаг. Түүнийг нь ч мэдээгүй байх жишээтэй. Зарим газар бүр хямдрал зарлачихсан байдаг. Гэхдээ ховор нандин үнэртэн учраас мэдээж хямдрал зарласан ч үнэтэй л дээ. Тиймэрхүү зүйл олдвол надад динозаврын яс шиг л чухал санагддаг.
Дэлхийд маш ховор, цөөн тоогоор үйлдвэрлэсэн алмаз, болор, swarovski-гоор чимэглэсэн үнэртнүүд миний цуглуулгад бий. Тэр байтугай тавхан ширхэг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэг нь хүртэл надад байдаг. Магадгүй дэлхийн хамгийн гоё, чанартай цуглуулга ганцхан надад л байхыг үгүйсгэхгүй. Ийм гоё цуглуулгатай хүн бөмбөрцөгт надаас өөр бараг л үгүй гэсэн үг. Гэхдээ үнэртнүүдээ бүрэн цуглуулж дуусаагүй л байна. Цаашид цуглуулгаа нэг дахин нэмэх хүсэлтэй. Би бизнес хийдэггүй, нийтийн эрх ашгийн төлөө төрийн байгууллагад ажилладаг тул зөвхөн цалингийн орлоготой. Тиймээс хүссэн бүхнээ бага багаар л авдаг. Онилсон ховор үнэртнүүд ч бас бий.
-Ховор нандин цуглуулгаасаа хамгийн үнэтэй авсан үнэртнийхээ өртгийг нууц биш бол хэлж болох уу?
-Мөнгөн дүнгээр тооцвол, бизнесгүй хүн авч чадахааргүй тийм үнэтэй биш ч маш ховор бүтээгдэхүүнүүд байгаа. Жишээ нь, дэлхийд ганцхан үлдсэн үнэртнийг би л авсан. Ийм үзмэрүүдтэй болсондоо сэтгэл хангалуун байдаг. Дахин олдохгүй учир худалдаж авсан үнээр нь ч зарахгүй. Тэгэхээр энэ нь үнэлж баршгүй үнэ цэнтэй гэсэн үг.
Сонирхуулахад, надад “Nina ricci” брэндийн “Lalique” гэдэг болор бортоготой, үнэхээр чамин, тансаг “ус” бий. Энэ нь 1250 мл маш хүнд, босоогоор нь тавихад хүний тэвэрт багтахааргүй том хайрцагтай. Өндөр нь 40 орчим сантиметр, хос тагтааны дүрс бүхий тагтай, дэлхийн ховор бүтээгдэхүүнээр нэрлэгдэж буй. Иймэрхүү үнэртэн дахин олдохгүй нь гайхалтай. Зөвхөн зургийг нь л харж болно. Урлагийн бүтээл гэдэг үнэлж баршгүй. Үүгээрээ л би үнэртний соёл, урлагийг ойлгуулахыг хичээж яваа юм.
-Цуглуулгаа арвижуулахдаа санхүүгээ урьдчилж төлөвлөдөг үү, эсвэл санамсаргүй худалдан авдаг уу?
-Өмнө нь би “Duty free” юм уу, бусад дэлгүүрт орохдоо таалагдсанаа л авчихдаг байсан. Харин одоо урлагийн “бүтээл” цуглуулж байгаа болохоор урьдчилж төлөвлөхөөс өөр аргагүй болсон. Хайж хайж нарийн төлөвлөж авна. Эдүгээ бүх хэрэглээ цахим болсон учраас илүү амар, хаана юу байгааг цаг алдалгүй л харж, олж байна шүү дээ.
- Та Фэйсбүүкт хөтлөн явуулдаг “Үнэртэй усанд дурлагсдын клуб” группээрээ дамжуулан нийгэмд чиглэсэн ажлууд хийдэг. Гишүүд нь их идэвхтэй, та ч хөгжилтэй, хэрэгтэй мэдээлэл байнга оруулдаг шүү. Таныг Монголд ирэхээр группийнхэн чинь “хөдөлгөөнд” орчихдог юм билээ. “Өвөө” хаана явна гээд маршрутыг тань хүртэл ”мөшгөөд” л. Группийн гишүүдээсээ хэчнээн хүнд үнэртэн бэлэглэж, баярлуулсан бэ?
-Энэ группээ өөрийнхөө сонирхдог үнэртний соёлыг бусдад түгээх зорилгоор нээсэн. Одоо 300 мянган гишүүнтэй. Гэхдээ би дээр хэлсэнчлэн үнэртэн зардаггүй. Энэ төрлийн бизнес, сурталчилгаа ч хийдэггүй. Миний групп Монголдоо хамгийн идэвхтэй нь байх шүү.
Манайхан анх үнэртний талаар мэдлэг муутай байсан бол одоо өөрчлөгдсөн. Тиймээс энэ үеийг би Монголын үнэртний соёлын “алтан үе” гэж нэрлэж буй. Хүмүүст үнэртэн бэлэглэнэ гэдэг түүний соёлыг түгээж буй бас нэг хэлбэр. Ойролцоогоор 7000 гаруй хүнд сүрчиг бэлэглэсэн, нарийн тооцоогүй.
Миний гол зорилго нийгмийн ажил хийх биш л дээ. Гэхдээ жилд 3-4 удаа цус бэлэглэх болон бусад сайн дурын ажил хийчихдэг. Ингэхдээ хэзээ ч бэлэн мөнгөний холбогдолтой зүйл хийхгүй гэж боддог. Ийм ажил хийх нь хүний итгэл эвдэх аюултай.
Коронавирус дэгдээгүй байсан бол мундаг үнэртэн бүтээгч Монголдоо авчрах байлаа. Үүнээс өмнө ч алдартай хоёр үнэртэн бүтээгчийг эх орондоо авчирч, том үйл ажиллагаа зохион байгуулсныг хүмүүс мартаагүй байх. Цаг үеийн байдал гайгүй болбол энэ зун юм уу, өвөл үнэртний том төлөөлөгчдийг монголчуудтайгаа уулзуулна. Дэлхий даяар үнэртэн хэрэглэдэг мөртлөө бүтээгчтэй нь уулзсан хүн ховор. Үнэртний олон тэрбум хэрэглэгч байдаг ч түүнийг бүтээдэг, сав, боодлыг нь үйлдвэрлэгчдийг огт мэддэггүй, бичдэггүй шүү дээ. Зөвхөн брэндийн нэрийг нь л ярьж сурталчилдаг хаалттай ертөнц.
-Хаалттай ертөнц гэснээс үнэртэй ус бүтээгчийг хаана, хэрхэн бэлддэг юм бэ?
-Дэлхийд үнэртэй усны мастер бэлддэг сургууль гэж байхгүй. Уламжлалт шавь сургалт маягаар бэлтгэдэг албан ёсны гурав, дөрөвхөн газар л бий. Жилд 3-4-хэн хүнийг гэрээгээр сургадаг. Швейцарт нэг, францад хоёр л байгаа. Сүүлд Нью-Йорк, Лондонд албан бус дамжаа маягийн сургалт бий болсон. Ерөнхийдөө дэлхийн бүх үнэртнийг 50-100 хүн л бүтээж байна. Миний Монголд авчирсан хоёр хүн бол дэлхийн дээд зиндааны 50 үнэртэн бүтээгчийн тоонд багтдаг. Дэлхийд үнэртэн бүтээгч сансрын нисэгчдээс ч цөөн. Өрсөлдөөнийг хатуу хорьсон хаалттай бизнес л дээ. Энэхүү эртнээс уламжлан ирсэн хаалттай, нууц сургалтын систем нь одоо ч хэвээрээ.
-Тэгвэл үнэртнийг анх хаана бүтээсэн юм бол. Үүслээс нь товчхон мэдээлэл өгөөч?
-Энэ нь маш эргэлзээтэй, маргаантай асуудал. Үүнийг тогтоох бараг л боломжгүй. Дэлхийн хамгийн том үнэртний компани Америк, Франц, Швейцарт төвлөрчихсөн учраас жишээ нь бид Францыг үнэртний орон гэж ойлгодог. Гэвч сүрчиг бол үнэртний соёлын зөвхөн нэг л хэсэг нь. Хүн оршин буй газар бүхэнд үнэртний соёл байсаар ирсэн. Монгол ч гэсэн өөрийн ийм соёлтой. Тухайлбал, эртний Египтэд 5000 жилийн өмнө үнэртэн үүссэн баримт олдсон. Бээжингийн ч юм уу, томоохон номын санд сууж Монголын үнэртний соёлын талаар “ухаж”, судлах юм сан гэж боддог болсон. Гэвч тийм зав олдохгүй юм. Үүнийг судалдаг хүн гарч ирээсэй.
-Таны бас нэг хоббиг аялах гэж ойлгосон. Өдгөө 50 гаруй орноор аялжээ. Очсон газар бүрийнхээ үнэртний дэлгүүрээр заавал ордог уу?
-Мэдээж тэгнэ. Онгоцноос буухад л мэдэгддэг. Хамгийн гоё онгоцны буудал Туркийнх. Тэнд хамгийн гоё үнэртэй уснууд зардаг. Удахгүй би Дубай явах гэж байгаа. Тэндхийн онгоцны буудал дэндүү гоё гэж сонссон. Онгоцноос буугаад “Duty free” ороход л хүмүүс ямар үнэртэн хэрэглэж байгаа нь мэдрэгддэг. Аялж буй хотынхоо үнэртний дэлгүүрүүдээр заавал орно.
Уржнан жил коронавирусийн үеэр Мальтад амарсан. Гэтэл яг тэр аралд зориулсан “Еau de malte” гэдэг ус тэндхийн үнэртний дэлгүүрт байсан. Мaльта аралд ургадаг органик цэцэг, жимснээс үнэр, тосыг нь ялган авсан ийм сүрчгийг өөр хаанаас ч олохгүй. Цаашид дахиад 100 орноор аялна гэж төлөвлөсөн. Хүн аялж, нүд тайлах тусмаа энгийн, даруухан болдог. Амьдралыг ойлгосон хүн хэзээ ч бусдыг шүүдэггүй.
-Өөрийн брэндийн үнэртэн бүтээх мөрөөдөл бий л биз.
-Тийм мөрөөдөл байгаа. Ирээдүйд өөрийн брэнд бүтээгдэхүүнээ гаргана. Одоогоор тохироо нь бүрдээгүй байна.Үнэртний санаа нь хүртэл толгойд бий. Уран сэтгэмжээ өөрөө гаргаад, үнэртний мундаг мастераар хийлгэнэ гэж төлөвлөсөн. Түүнийгээ ээж, хүүдээ зориулна. Үнэртний ноотууд бүгд утга учиртай. Намайг бага байхад ээж минь том цэцгэн хээтэй, “цайны” ганц дээлтэй байсан юм. Ээжийнхээ дээлний яг тэр цэцгийг үнэртэхээр төсөөлж, уран сэтгэмжилж сүрчгээ бүтээнэ.
Миний хүү мөн амьдралын минь хамгийн чухал зүйл. Тиймээс хүүдээ зориулж бүтээх үнэртэнд хамгийн үнэтэй цахилдаг цэцгийн ноотыг оруулна. Энэхүү цэцгийг түүхий эд болгоход 5-6 жил шаарддаг. Тиймдээ ч дэлхийн хамгийн үнэтэй түүхий эдэд зүй ёсоор ордог. Нэг килограмм цахилдаг цэцгийн үндэснээс гаргаж авсан тос нь ийм хэмжээний алтнаас ч үнэтэй. Миний хүү надад ямар үнэ цэнтэйг харуулахын тулд энэ цэцгийн ноотыг сонгосон. Олон жил бодож тунгааж байж хийнэ. Хамгаас хайрт хүмүүсээсээ уран сэтгэмж авч байгаа болохоор асар үнэ цэнтэй бүтээгдэхүүн гарах нь ойлгомжтой.
-Таны эргэн тойрныхон хоббиг нь хэрхэн ойлгодог вэ?
-Дэмжсэн, дэмжээгүй хүн өөрийнхөө дуртай зүйлийг л хийх ёстой. Зөвшөөрөл авах ёсгүй. Намайг Америкт оюутан байхад Европ оюутнууд бүгд хоббитой, хичээлийнхээ хажуугаар түүндээ цаг гарган хөгжүүлж байсанд эхэндээ их гайхсан. Гэтэл би хуулийн тухай “хүнд” хичээлүүдэд дарагдаад л суудаг сан. Цалин, орлогогүй зүйлд өөрийнхөө цагийг зарна гэсэн ямар ч ойлголтгүй байсан гэсэн үг. Ажиллаж, мөнгө л олох ёстой гэсэн бодолтой. Ерөнхийдөө бүх хүнд хобби бий. Түүнийгээ хөгжүүлээсэй л гэж боддог.
-Үнэндээ олон хүн санхүүгийн эрх чөлөөнд хүрэхээрээ хоббигоо хөгжүүлнэ гэж хойш тавьдаг байх шүү.
-Хобби хөгжүүлэхэд санхүү нэг их асуудал биш. Зарим хобби нь заавал цуглуулах шаардлагагүй, зөвхөн туршлага олж авдаг нь ч бий. Жишээ нь, экстрим аялал гэх мэт. Би бас цагны хоббитой. Цагны тухай маш их зүйлийг мэднэ. Гэхдээ би цуглуулдаггүй. Заавал худалдан авахгүйгээр хоббиныхоо тухай янз бүрийн бичлэгүүд үзэж ч болно. Энэ чинь бас л хобби. Аялал ч мөн адил. Хорвоо дэлхийд хүн аялах гэж бүтээгдсэн шүү дээ. Энэ нь мөнгө, санхүүтэй тийм ч холбоогүй. Дотооддоо аялах ч бас гоё. Монголчууд маш үнэтэй амьдардаг хүмүүс. Би Голландад өдөрт 10 евро л зардаг. Ажилдаа 15 жил дугуйгаар ирж, очиж байна.
-Үнэртэй усыг хэрэглэхгүй удахад ууршчихдаг. Та үнэртнүүдээ яаж хадгалдаг вэ?
-Ер нь үнэртнийг “амьд” гэж бод. Яагаад гэвэл үнэртэнд байгалийн болон зарим тохиолдолд синтетик гаралтай маш олон төрлийн үнэт тос ордог. Ялангуяа байгалийн гаралтай ийм тосонд бидний мэддэг цэцэг, жимс, мод гээд амьд зүйлс орсон. Тэгэхээр үнэртэнтэй маш болгоомжтой “харьцаж”, харанхуй, хуурай, сэрүүн газар хадгалах ёстой. Дарс шиг л нандигнах учиртай юм.
-Эх орондоо суурьшиж амьдрах бодол танд байгаа юу?
-Ойрын таван жилдээ Голландад ажиллах байх. Түүний дараа Монголд суурин амьдаръя гэсэн бодол бий. Энэ байгууллагадаа 20 жил ажиллаад олон улсын шүүгчийн карьераа өндөрлөе ч гэж бодож байгаа. Орчин үеийн хүн нэг газраа удаан байх хэрэггүй болсон. Хэдийгээр би Монголдоо амьдраагүй ч нийгэмтэйгээ хөл нийлүүлээд л “алхаж” явна.
-Ярилцсанд баярлалаа, танд.
-Баярлалаа, танай хамт олонд мөн амжилт хүсье.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ