03,Oct 2023
| Нийтэлсэн Mar 10, 5:05 | Боловсрол
Нидерландад сурагчдын сурлагын дүнг чухалчилдаггүй
Хүүхдийн хүмүүжил, боловсролд онцгой анхаарч, ач холбогдол өгдөг улс орнууд л дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэх хандлагатай байдаг. Харин манай улсын боловсролын салбарын хөгжил дэлхийн энгээс хэдийнэ хагас зуун жилээр хоцорч буйг нийтээрээ шүүмжилсээр ирсэн билээ. Тиймээс бид “Будаа идье” булангаараа бусад улс орны боловсролын сайн жишиг, туршлагыг цувралаар хөрвүүлэн хүргэхээр боллоо. Эхний удаад бага боловсролыг “онилов”.
Аль ч цаг үед хүнд өнөөдөр, маргааш хэрэгтэй байгаа мэдлэг, ур чадвар, чадамжийг олгодог боловсролын систем л хамгийн супер нь байдаг. Өөрөөр хэлбэл, мэдэхийн тулд, хийхийн тулд, хүн болохын тулд, хамт амьдрахын тулд суралцах, эзэмшсэн мэдлэг, ур чадвар нь эдгээр хэрэгцээг хангадаг байхад л боловсрол үүргээ “гүйцэтгэлээ” гэж үздэг байна. Мэдлэг олгоно гэдэг унших, бичих, тоо бодох ойлголтоос гадна шударга ёс, хүний эрх, нэр төрийг эрхэмлэх, нийгмийн тэгш байдлыг хангах, байгаль, эх дэлхийгээ хайрлах, эв нэгдэлтэй байх зэрэг өргөн хүрээг хамрах ёстойг ЮНЕСКО-гоос зөвлөснийг энд дурдахад илүүдэхгүй биз ээ.
Одоо үндсэн сэдэв рүүгээ оръё. “Айлын” хүүхдүүд XXI зуунд хэрхэн суралцаж байгаа бол. Сургуулийн орчин, сургалтын хөтөлбөр, сургах арга барил нь ямар байдаг вэ?
Бага насны хүүхдийн сургуульд элсэх насыг заасан олон улсын стандарт гэж байхгүй. Нидерландын туршлагыг онцолж байна. Тэнд хүүхэд 4-5 настайдаа бага сургуульд элсдэг. Гэхдээ тэд зургаан нас хүртлээ тоглоом наадгайгаар бие даах, харилцах зэрэг суурь чадварт суралцан, уншиж, бичихдээ аажмаар бэлддэг юм байна.
Улсын сургуулийнх нь нэг ангид дунджаар 24 хүүхэд суралцдаг. Сургууль бүр өөрсдийн өвөрмөц заах арга барилтай. Сурагчид өдөр тутмын төлөвлөгөө, өөрсдөө боловсруулан, бие дааж, эсвэл багаар суралцах боломжтой. Байгальд ойр харилцахаас гадна шүлэг, өгүүлэл, түүхээр хүүхдүүдээ сурган хүмүүжүүлдэг өвөрмөц арга барилтай сургууль ч энэ улсад байдаг. Эцэг, эхчүүд сургуулиудын сургалтын энэ мэт онцлог арга барилыг сайтар судалж үзсэний эцэст сонголтоо хийж, хүүхдээ элсүүлдэг аж.
Хичээл ихэнхдээ 08.00-д эхэлж, 15.00 цагт тарна. Үдийн завсарлагаанаар сурагчид нэг цаг гэртээ харьж, чөлөөт цаг гарвал тоглоомын талбайд тоглож ч болно. Зарим сургуульд багш, сурагч нар хичээлийн танхимдаа хамт цайлдаг. Лхагва гаригийг төрсөн өдөр тэмдэглэх, хөгжилдөх, дуу хөгжим, спортын арга хэмжээнд тусгайлан зориулна.
Нийслэл Амстердам хотод тусгай хэрэгцээт болон сургуулиасаа хэт хол гэртэй сурагчдыг тээврийн хэрэгслээр зөөдөг. Зайлшгүй тохиолдолд эцэг, эх нь хүүхдээ хүргэж өгсөн бол унааны зардлыг нөхөн олгодог.
Бага ангид гэрийн даалгавар маш бага, өгсөн нь хөнгөн. Сурагчид жилд хоёр удаа түвшин тогтоох шалгалт өгнө. Энэхүү шалгалт нь сурлага төдийгүй багшийн заах ур чадварыг шалгаж буй механизм аж. Сурагчид нь шалгуулж байна гэж сүрдэж, тусгайлан бэлдэж, өөртөө дарамт үүсгэдэггүй. Учир нь багш нар нь түвшин тогтоох шалгалтыг өдөр тутмын хичээлийн нэгэн адил зохион байгуулдаг. Харин шалгалтын дүнг нийтэд бус зөвхөн эцэг, эхэд нь мэдэгдэн, суралцахад тулгарч байгаа саад бэрхшээлийг арилгахад туслалцаа үзүүлэн дэмжиж ажилладаг байна.
Нидерландын ихэнх сургуульд сурагчдын сурлагын явцыг "маш сайн", эсвэл "хангалтгүй" гэж үнэлэн, дүнг нь жилд хоёр удаа гаргадаг юм байна. Анги улирсан ч хамаагүй, гол нь сурагч нэг бүр мэдлэг, чадвар эзэмшсэн байхыг л илүүд үздэг аж. Өөрөөр хэлбэл, тус улсын бага сургуулиуд сурлагын амжилт, дүнгээр өрсөлддөггүй гэсэн үг.
Эх сурвалж: iamexpat.nl, expatica.com
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ