Наурызын баяраар архи цээрлэдэг

| Нийтэлсэн Mar 22, 4:04 | НИЙГЭМ

Үзсэн : 332

ххөсхбгс (2)

Манай казах түмний Нарны баяр буюу Наурыз өнөөдөр тохиож байна. Жил бүрийн өдөр, шөнө тэнцдэг эл өдөр тус баярыг дэлхий даяар 300 сая гаруй хүн тэмдэглэдэг байна. Наурыз гэдэг нь перс хэлнээс гаралтай “Шинэ өдөр” гэсэн утгатай аж.

Наурызын баярын өглөө хүн бүр мандаж буй наранд мөргөж, идээний дээжээ өргөөд, залбирдаг уламжлалтай. Хүн бүр үндэсний хувцсаараа гангарч, эрчүүд хоорондоо золгохдоо хоёр гараа барилцан, бие биедээ цээжээрээ хүрч мэндчилдэг. Энэ нь “Амь насны минь түшиг цээж минь, амьдралыг минь тэтгэгч хоёр гар минь эрүүл байг” гэсэн утгатай гэнэ. Харин эмэгтэйчүүд тэврэлдэж золгоно.  

Баярын гол зоог болгож мах, гурил, будаа, цагаан идээ, сонгино зэрэг долоогоос доошгүй орцтой көже буюу будаатай шөл бэлтгэдэг. Энэ нь аз жаргал, баяр баясгалан, амьдрах ухаан, эрүүл мэнд, эд баялаг, өсөлт хөгжил, асран хамгаалах гэсэн амьдралын долоон өнгийг бэлгэддэг аж. Мөн хүндэтгэлийн зоогт каз болон буталж нүдсэн ээзгий, үзэм, жигнэмэг тэргүүтнийг адууны тосоор багсарч хийсэн жент хэмээх идээ бэлдэж, зочдоо дайлдаг. Эл өдөр архи амсахыг цээрлэдэг. Учир нь Исламын шашинд архи, дарсыг цээрлэж, бусад идээний дэргэд тавьж болохгүй гэдэг байна.

Наурызын баярын өөр нэг өвөрмөц зан үйл нь гар угаах ёслол юм. Хүн бүр идээ, ундаанд хүрэхийн өмнө заавал гараа угаадаг ёстой. Айл бүрт сулык, малык хэмээх ус ба тос арчих хоёр алчуур бий. Тухайн гэрийн хамгийн бага нь ахмад настан болон зочдын гарт ус хийж өгч үйлчилдэг байна. Гараа угаачихаад сулык алчуураар арчдаг бол хооллосны дараа малыкаар арчина. Энэ хоёр алчуурыг сольж хэрэглэхийг цээрлэдэг.  

Баярын орой залуус савлуураар тоглох, тулам булаацалдах, ембүү харваа, харилцаа дууны тэмцээн зэрэг үндэсний тоглоом наадгайгаар хөгжилддөг байна.

Наурызын баярыг 2010 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас олон улсын баяр болгон баталжээ. Улмаар ЮНЕСКО дэлхийн халдашгүй соёлын өвөөр бүртгэсэн юм.

 

 

 

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол