“Narman”: Монголын багууд Азийн топ түвшинд хүрэх ойрхон байна

| Нийтэлсэн Apr 28, 16:04 | СПОРТ

Үзсэн : 2990 5

Индонезын “Army geniuses” багт “Дота 2”-ын төрлөөр тоглодог, монгол тамирчин Р.Нармандах буюу “Narman”-тай ярилцлаа. Тэрбээр “Дота 2”-ын Мэйжор тэмцээнд оролцсон анхны монгол тоглогч юм.

600px-Hustla_DreamLeague_Season_13_The_Leipzig_Major

- Та хэдэн настайгаасаа и-спорт, компьютер тоглоом сонирхож эхэлсэн бэ?

- Анх 13 орчим настайдаа ангийнхаа хүүхдүүдтэй хамт тоглож байлаа. Харин мэргэжлийн түвшинд тоглох болсон нь 6-7 жилийн өмнө байв. XI-р ангид байхдаа тухайн үеийн сонирхогчдын жижиг тэмцээнүүдэд оролцдог байсан. Түүнээс хойш монгол тэмцээнүүддээ тасралтгүй оролцох болсон доо.

- Мэргэжлийн тамирчин болно гэхэд гэр бүлийхэн тань хэрхэн хүлээн авч байв?

- Эхэндээ бусад эцэг, эхийн адил төдийлөн хүлээж аваагүй. Хүүхэд нь компьютер тоглоомоор амьдралаа залгуулна гэхээр итгэж өгөхгүй байсан болов уу. Гэхдээ тийм ч их эсэргүүцээд, бас дэмжээгүй. Яваандаа тэмцээн, уралдаанд түрүүлээд амжилт гаргасны дараачаас л надад итгэж эхэлсэн. 

- Та академик боловсролын талаар ямар бодолтой байдаг вэ?

- Би ШУТИС-ийн лицей буюу Шинжлэх ухаан, технологийн ахлах сургууль төгссөн. Тухайн үед мэргэжлийн тоглогч болох, эсвэл их сургуульд орох гэсэн хоёр сонголтоос эхнийхийгээ сонгосон юм. Би одоо хийж буй ажлаа ч мэргэжил гэж хардаг. Тийм ч учраас их сургуульд элсэх талаар хараахан шийдээгүй л байна. Ирээдүйд и-спортын чиглэлээр боловсон хүчин бэлддэг газар байгуулагдвал түүнд сурч магадгүй. 

Би одоо хийж буй ажлаа ч мэргэжил гэж хардаг. Тийм ч учраас их сургуульд элсэх талаар хараахан шийдээгүй л байна. Р.Нармандах

 

- Мэргэжлийн анхны багийнхныхаа талаар яриач.

- Сая хэлсэнчлэн эхэндээ би арван жилийн найзуудтайгаа л нэг баг болж тоглодог байсан. Харин яг зориод “Бүгдээрээ хичээе, мэргэжлийнх болцгооё” гэсэн нь “Ability gaming”. Энэ нь одоогийн “Hex” тоглоомын төвийн баг л даа. Манай бүрэлдэхүүнд стримэр “Neo”, “Byambaa” зэрэг тоглогч байсан. Баг бүрдсэнээс хэдэн сарын дараа тухайн үеийн “The Mongolz”-ийн тоглогч С.Мөнхдөл “Cadis” ах биднийг дасгалжуулах болсон. 

- И-спортын мэргэжлийн тоглогч байхын давуу тал нь юу вэ?

- Үнэнийг хэлэхэд, сайн түвшинд хүртэл давуу тал бараг байхгүй. Харин тэр түвшиндээ хүрсний дараа гадаадын тэмцээн, уралдаанд оролцож, тухайн улс орнуудаар аялан, шинэ хүмүүстэй танилцах нь сайхан. Харин сул тал нь мэдээж маш их хугацаа шаарддаг. 

- Эл спорттой холбогдсоноос хойшхи хамгийн дурсамжтай үе тань юу байсан бэ?

- “The Mongolz” багийнхныхаа хамтаар анх удаа Малайз руу LAN тэмцээнд оролцохоор явсан, тэр үе л хамгийн дурсамжтай.

- Та Монголоос “Дота 2”-ын төрлөөр гадаадын багт тоглосон анхны тоглогч билүү. Хэрхэн тэр багтаа оров?

- Би яг ч анхны тоглогч нь биш л дээ. Өмнө нь одоогийн “Renewal” багийн carry Г.Тамир буюу “Bell” Индонезын багт тоглож байсан. Миний “Reality rift”-д орсон түүх бол “D13”-аас гарчихсан, баггүй байсан үе. Тэр үед “Reddit” болон “Discord”-ын группээр "Мэргэжлийн баг тоглогч хайж байна" гэсэн зар их тавьдаг байсан. Түүний дагуу хоёр долоо хоног гэрээсээ туршилтаар тоглож, тэнцээд орсон.

- “Reality rift”-ийн нэг хэсэг болоод дэлхийн аваргад ороод үзчихсэн. Туршлагатай тоглогчидтой нэг баг болох ямар байдаг вэ?

Гадаадын багт орно гэж ерөөсөө бодоогүй. Учир нь миний чадвар, туршлага хараахан болоогүй гэж бодож байлаа. Энэ нь ч Сингапурт бэлтгэлийн байранд очоод л илүүтэй мэдрэгдсэн. Манай багийн хүмүүс намайг “Энэ одоо юун хүүхэд, хаанаас ирчихээд яваад буй юм бол” гэж гайхдаг байсан болов уу (инээв). Тэд намайг өөрсдийн түвшиндээ хүргэхийн тулд багадаа 2-3 сар зааж, чиглүүлсэн.

- Дараа нь та багийнхаа хамтаар “Дота 2”-ын томоохон тэмцээн Мэйжорт оролцох эрхтэй боллоо. Тэр талаараа сонирхуулаач.

- Мэйжорын сонгон шалгаруулалтын өмнөх бэлтгэлийн тоглолтуудад бид нэлээд хожигдсон. Яг өмнөхөн нь ч нэг тоглолтод ялагдсан. Тэгээд л багийн уур амьсгал таагүй болж, энэ янзаараа Мэйжорт оролцох боломжгүй юм байна гэж бодоцгоосон. Нэг удаа хоорондоо маргалдаад, хэд хоног бие биетэйгээ үг ч солиогүй. Харин энэ маргааны дараа бүгд дор дороо хичээх болсон. 

Багт тоглоно гэдэг үргэлж нэгнийхээ ая талыг харж, бие биедээ таалагдах ёстой гэсэн үг биш. Бүгд л өөрсдийн үүрэг, ажлыг сайн гүйцэтгэх ёстой гэдгийг ойлгоцгоосон. 

Багт тоглоно гэдэг үргэлж нэгнийхээ ая талыг харж, бие биедээ таалагдах ёстой гэсэн үг биш. Бүгд л өөрсдийн үүрэг, ажлыг сайн гүйцэтгэх ёстой гэдгийг ойлгоцгоосон. Р.Нармандах

- Та өмнө нь “Neon”-д байхдаа бэлтгэлийн байранд очилгүй, Монголоос тоглож байсан шүү дээ. Үүний шалтгаан юу байв?

- Бэлтгэлийн байр нь Филиппинд байдаг. Хоёр, гурван удаа явах гэж оролдсон ч “Ковид-19”-ийн нөхцөл, байдлаас шалтгаалаад чадаагүй. Миний хувьд support байрлалд тоглодог учир багийнхантайгаа ярилцах хэрэг их гардаг. Тийм ч учраас гэрээсээ тоглох нь хүндрэлтэй л дээ. Эл шалтгаанаас болоод л “Neon”-оос гарсан.57588

- Тэгвэл таны одоогийн “Army geniuses” багийн ойрын зорилго юу байх бол?

- Саяхан DPC-ийн сүүлийн тоглолтоо хийсэн. Харамсалтай нь, манай баг III-т бичигдсэн. Эхний хоёр байрт орсон бол дээд шат руу дэвших боломжтой байсан юм. Тиймээс дараагийн улирлын DPC тэмцээндээ л сайн оролцож, дээд шатанд дэвших, цаашлаад энэ оны “The International”-д оролцохыг зорьж байна. 

Ямар ч байсан “The International” тэмцээн хүртэл “Army geniuses” багтаа тоглоно.

- Монгол багуудын түвшин өдгөө ямархуу байна даа.

- Гадаадынхнаас тийм ч том ялгаа байхгүй гэж боддог. Мэдээж Азийн топ багуудын түвшинд одоохондоо арай хүрэхгүй. Гэхдээ тэдний түвшинд очих тун ойрхон байгаа. “Lilgun” баг үүнийг харуулж байна. Дараа дараагийн багууд ч гэсэн удахгүй “гараад ирэх” байх. 

- Хүмүүст сонин байж магадгүй. И-спортын, тэр дундаа “Дота 2”-ын мэргэжлийн тоглогчийн цалин хэд байдаг вэ?

- Би бусад тивийн багуудын тоглогчийн цалин хэд байдгийг мэдэхгүй. Азийн том багуудын нэг тоглогчийн сарын цалин хамгийн багадаа 3000 ам.доллароос эхэлдэг. Багтаа хэр нөлөө үзүүлж байна вэ гэдгээс шалтгаалж, сард 10 000 ам.доллар хүрэх нь ч бий. Харин дундаж багийн нэг тоглочгийн цалин сард 1000-1500 ам.доллар байдаг.

275081908_473855700866828_8060991684935509801_n 

- Мэргэжлийн тоглогчид бэлтгэлээ хэрхэн хангадаг вэ?

- Долоо хоногийн 4-6 хоногт, ойролцоогоор өдөрт таван цаг бэлтгэлийн болон тэмцээний тоглолтууд хийдэг. Бусад үед бол тухайн тоглогчийн юу хийх нь хамаагүй. Гэхдээ мэргэжлийн тоглогчид ихэвчлэн бэлтгэлгүй үедээ ч тоглоод л, эсвэл "Дота"-тай холбоотой зүйл хийгээд л явдаг.

- Танд шантарч, "Би чадахгүй юм байна, зүгээр л болье" гэж бодож байсан үе бий л биз.

- Би тийм ч их сэтгэлээр унадаг төрлийн хүн биш. Гэхдээ шантрах үе бол байсан. Зөвхөн и-спорт гэлтгүй ямар ч төрлийн ажил хийдэг хүмүүст ийм үе гардаг болов уу. Энэ үед багийнхан их тусалдаг. Би ч тэдэнд туслахыг хичээдэг.

- Мэргэжлийн тоглогч болъё гэж бодож буй хүүхэд, залууст юу зөвлөх вэ?

- Би одоо ч хангалттай түвшинд хүрсэн, эсэхдээ эргэлзэж байна. Миний ганц боддог зүйл гэвэл тууштай байж, сайн хичээх. Эс бөгөөс чи сурч боловсрох, найз нөхөдтэй болох зэрэг амьдралынхаа хамгийн чухал мөчийг салхинд хийсгэх болно гэсэн үг. Тийм болохоор маш сайн бодож, шийдвэр гаргах хэрэгтэй.

- Ярилцсанд баярлалаа.

 

- Баярлалаа.

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол