Н.Энхмаа: Монголд суурь мэдлэг сайн эзэмшсэний ачаар АНУ-д карьераа хурдан өсгөсөн

| Нийтэлсэн Mar 15, 4:04 | Q news зочин

Үзсэн : 2850

энхмаа2 (4)

АНУ-ын Техас мужийн Мак-Кинни хотод оршин суудаг, үндэстэн дамнасан том корпорац болох “McKesson”-д удирдах албан тушаал хашдаг Н.Энхмааг “Qnews-ийн зочин”-оороо урилаа. Тэрбээр 2000 ондМандах бүртгэл” их сургуулийг татварын нягтлан бодогч мэргэжлээр төгсөж, улмаар АНУ-ын Калифорнийн их сургуульд татварын хуулиар магистрын зэрэг хамгаалжээ. “McKesson” корпорацад анх гэрээт ажилтнаар ороод, жилийн дараа ахлах нягтлан бодогч болсон тэрбээр өдгөө Татварын бүртгэлийн хэлтсийн ахлах захирлаар ажиллаж байна.

-Та “McKesson” корпорацыг товчхон танилцуулаач.

-Манай компани эм хангамж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн чиглэлээр үйл ажиллагаагаа голлон явуулдаг. Дэлхийн 20 гаруй оронд салбартай. АНУ-даа ашиг орлогоороо эхний долоод эрэмбэлэгддэг, 80 гаруй мянган ажилтантай. Зөвхөн санхүүгийн албанд нь гэхэд л 4000 гаруй хүн ажилладаг.

-Энэ том корпорацад хэрхэн ажилд орсон тухайгаа манай уншигчдад сонирхуулахгүй юу?

-Аз таарсан гэх үү дээ. Гэхдээ хүнд аз хүсэл, эрмэлзэл дагаж тохиодог гэж би итгэдэг. Бага насны хүүхэдтэй тул эхэндээ үйлчилгээний ажил хийдэг байлаа. Англи хэлний мэдлэг ч маруухан байсныг хэлэх үү, мэргэжлээрээ ажилд орох гэж их л эрэл хайгуул хийсэн. Ажлын ярилцлагад бэлдэж, нэг газраас зөвлөгөө авдаг байсан. Тэнд зөвлөгөө өгч, надаас туршилтаар ярилцлага авсан Барбара гэх эмэгтэй нэр хүндтэй хуульч байж таарсан. Надад Америкт ажилласан туршлага үгүй тул Монголд “Мандах бүртгэл” их сургуульд багшилж байсан болон оюутан ахуйдаа нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиадад удаа дараа амжилттай оролцож байсан тухайгаа түүнд хэлсэн юм. Миний танилцсан эл мундаг хуульч “McKesson” корпорацад хуулийн зөвлөгөө өгдөг байсан бөгөөд санхүүгийнх нь албанд намайг ажиллуулахыг санал болгосон юм билээ.

-Яагаад таныг санал болгосноо хэлсэн үү?

-Туршлагатай хүмүүс хүнтэй ярилцаад л хэн болохыг нь гадарлачихдаг бололтой. Ярианы өнгөнөөс л ямар их хүсэл, эрмэлзэлтэй байгааг минь мэдсэн гэж хэлж байсан. Тэрбээр намайг “Аливааг сурч, мэдэх хүсэл, эрмэлзэлтэй, түүнийгээ хурдан сурах чадвартай юм байна” гэж урамшуулсан.

Ингээд ярилцлагад орохоор анх очиход хүний нөөцийн ажилтан нь гайхаад “Барбара яагаад чамайг санал болгосон юм бол. Бидний хайж буй хүн Америкийн мэргэшсэн нягтлан бодогч. Томоохон аудитын компани, эсвэл манайх шиг олон улсад үйл ажиллагаа явуулдаг байгууллагад цөөндөө л таван жил ажилласан байх ёстой. Бидний хайж буй хүн та биш байна” гэж хэлсэн. Тэр үед би Америкийн мэргэшсэн нягтлан бодогчийн үнэмлэх аваагүй байсан юм. Би ч тухайн үедээ ажилд орохгүй нь л гэж бодсон. Гэтэл нэгэн өдөр тус компаниас над руу утасдаад “Таныг хагас цагаар, гэрээтээр ажиллуулж үзье” гэсэн. Тэгж л би энэ компанидаа хөл тавьсан юм. Удалгүй үндсэн ажилтан ч болж, эхний жилдээ санхүүгийн 3500 хүнээс шалгарч, тухайн жилийнхээ шилдэг залуу ажилтан болсон.

-Ажилд орчих л юм бол хэн гэдгээ ийнхүү үзүүлээд өгөх байжээ. Орон орны хүмүүсээс та юугаараа онцгойрч, карьераа тэгж хурдан өсгөж чадав аа.

-Онолын мэдлэг сайн эзэмшсэн минь л бусдаас ялгарч чадсан байх. Энэ бол Монголд эзэмшсэн бакалаврын боловсролын ач тус юм шүү дээ. Америкт магистр хамгаалсан л даа. Гэхдээ суурь мэдлэг их хэрэг болдог. Эхний хэдэн жилд цаг наргүй л ажилладаг байлаа. Бага гэлтгүй чаддаг бүхнээ бусдад харуулахыг хичээсэн. Энд тухайн ажилтныг ажил, үүргийнхээ тодорхойлолтод заасан ажлаа цаг тухайд нь хийснээр амжилттайд тооцдоггүй. Тухайн хүний хийх ёстой л ажил нь. Харин ажлаа хөнгөвчлөх, цагаа хэмнэх, шинийг санаачлах зэргээр үүрэг, даалгавраасаа илүүг хийж гэмээн бусдад үнэлэгддэг.

-Танай байгууллага ажилтнуудынхаа ур чадварыг хэрхэн үнэлж, хөгжүүлэх бодлого баримталдаг вэ?

-Жилийн эхэнд зорилго, төлөвлөгөө гаргаад, түүнийгээ биелүүлж буй, эсэхийг нь удирдах албан тушаалтан нь хянадаг. Мөн жилийн эцэст тухайн ажилтны удирдах болон доод албан тушаалтнаас нь давхар судалгаа авдаг. Ингэж төрөл бүрийн ур чадварыг нь үнэлэх судалгаанд хамруулан, өндөр оноо авсныг нь байгууллагын өсөх ирээдүйтэй ажилтны жагсаалтад оруулдаг. Дараа нь янз бүрийн хөтөлбөрт хамруулдаг.

Жишээ нь, Би “Эмэгтэйчүүдийн манлайлал”, “Ази хүмүүсийг хөгжүүлэх, удирдах түвшинд аваачих хөтөлбөр”-т нь оролцсон. Жилийн турш үргэлжилдэг, үр өгөөж ихтэй хөтөлбөрүүд байсан л даа. Үүнээс гадна ажлын цаг нь уян хатан бөгөөд энэ нь ажилтнууд өөрсдийгөө хөгжүүлэхэд тустай байдаг.

Мөн албан тушаалын болон цалингийн олон шатлалтай байдаг нь ажилчдыг тушаал дэвших эрмэлзэлтэй, ажлаа сайн хийхэд нь хөдөлгүүр болдог. Жишээ нь, манайх туслах, нягтлан, ахлах нягтлан, менежер, ахлах менежер, захирал, ахлах захирал гэх зэрэг албан тушаалын шатлалтай. Түвшин бүрт цалин болон жилийн эцсийн урамшууллын хувь нэмэгддэг.

-Ур чадварын судалгаагаар хүмүүс таныг юу гэж үнэлдэг вэ?

-Бусдад заах, мэдлэгээ хуваалцах чадвар сайтай гэдэг. Монголд багшаар ажиллаж байсан минь үүнд их нөлөөлсөн байх. Бас тэвчээр муутай гэсэн шүүмж ч хэд хэдэн удаа сонссон. Ерөнхийдөө би аль болох хурдан, шуурхай ажиллахыг чухалчилдаг. Хүмүүст ч тийм шаардлага тавьдаг нь тэвчээргүй юм шиг харагдуулдаг болов уу. Ер нь монгол хүмүүс хаана ч ажиллаж, амьдарсан дасан зохицох чадвар сайтай гэж боддог. Ямар ч нөхцөлд аливаа юмны учрыг олоод хийчихдэг чадвар монголчуудаас л их харагддаг.

энхмаа1 (2)

-Та карьерынхаа оргилд нь хүрсэн үү?

-Анх мэргэжлээрээ ажилд орчихвол л болно гэж боддог байлаа. Харин ажилд ороод удалгүй албан тушаал ахиж, ахлах нягтлан бодогч болсон. Дөрвөн жилийн дараа татварын хэлтэс рүү шилжсэн. Тууштай, бага багаар дэвшсээр ахлах захирал ч боллоо. Хүн зорилготой, түүнийхээ төлөө зүтгэвэл амжилт аяндаа ирдэг. “Одоо боллоо” гэж бодох үед л хүсэл, эрмэлзэл унтарч, ажил нэгэн хэвийн, уйтгартай санагдана.

Харин миний ажил хүссэн, хүсээгүй зогсолтгүй байхыг шаарддаг. Олон улсад үйл ажиллагаа явуулдаг болохоор орон орны байнга шахам шинэчлэгддэг Татварын тухай хууль, тогтоомж, стандартуудыг цаг алдалгүй сурч, мэдэх, түүний дагуу ажиллах шаардлагатай болдог нь их сонирхолтой. Тиймээс өргөн хүрээний мэдлэгтэй байж, шинэ зүйлд хурдан дасан зохицож, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэхээс өөр аргагүй.

Өнгөрсөн жилээс Америкийн хөдөлмөрийн зах зээл аль ч салбарт их эрэлттэй байгаа. Сүүлд хоёр газраас ажлын санал ч авсан. Өндөр цалин амласан ч шинэ байгууллагад ажиллавал эхэн үедээ гэр бүлдээ зарцуулах цаг багасах болохоор эндээ үлдэхээр шийдсэн. Америк том зах зээлтэй боловч нэг салбарын хүмүүс нь биенээ таньдаг. Чадвар байвал боломж нь нээлттэй газар шүү.    

-Таны бодлоор залуу хүн карьераа өсгөхөд ямар чадвараа хөгжүүлэх нь хамгийн чухал вэ?

-Карьерын тухайд хүн бүр бас мэргэжлээсээ шалтгаалаад өөр өөр замаар хөгжүүлэх байх. Ерөнхийдөө ажлын гүйцэтгэл сайн, чадвартай байхад давуу тал болно. Залуу хүмүүс мэдлэг, чадвар дутмаг байлаа ч шинийг сурч, мэдэх хүсэл, эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Мөн ажилдаа дуртай, чин сэтгэлээсээ хийдэг, “хайрцаг”-наас гадуур сэтгэдэг байгаасай.

Дунд шатны удирдах албан тушаал хашдаг бол багаа сайн бүрдүүлэн, өөрийгөө зөв илэрхийлж, доод ажилтнуудаа сайн чиглүүлэн, зөв хүнээ тохирсон ажилд нь томилдог байвал хурдан дэвших магадлалтай. Харин дээд албан тушаалын хүмүүс юмыг том зургаар нь хардаг, алсын хараатай, сайн төлөвлөдөг байх хэрэгтэй.

Ер нь их, бага гэлтгүй сурсан зүйл хүнд хэзээ ч илүүддэггүй шүү дээ. Жишээ нь, би шатар, теннис тоглодог. Энэ талаараа ажлынхаа бусад сонирхол нэгтэй хүмүүстэй ярилцаж, тэдэнд өөрийгөө таниулах боломжтой. Шатар тоглодог хүнийг ухаантай гэж боддог хүмүүс цөөнгүй. Энэ нь тэднээс “оноо авах” бас нэг боломж гэсэн үг. Өөрийг чинь тодорхойлох юу л байна, түүнийгээ бусадтай харилцах гүүр болгож, хүрээгээ тэлэх чадвартай бай.

-Өөртөө итгэлтэй, хаана ч бардам байж чаддаг таны “нууц” чадвар юу вэ?

-Би хаана ч мэргэжилдээ эзэн нь байж чадна.

-Танай гэр бүлийнхэн спортоор их хичээллэдэг юм билээ. Нэг охин тань тамирчин юм уу?

-Бага охин мэргэжлийн тамирчин болох гээд гимнастикаар хичээллэж байгаа. Одоо 12 настай. Эл спортоор долоон наснаасаа эхэлж хичээллэсэн. WOGA гээд Америкийн мэргэжлийн тамирчидыг бэлтгэдэг клубт явдаг. Их өндөр шалгуураар хүүхдүүдээ авдаг, хатуу ч дэг журам мөрдүүлдэг юм билээ. Долоо хоногийн зургаан өдөр, өдөр бүр зургаан цагаар бэлтгэл хийдэг. Хичээлээ онлайнаар үздэг.

Сайн тамирчин болгоод эх орныхоо нэрээр тив, дэлхийн тэмцээн, уралдаан цаашлаад олимпт оруулах нууцхан мөрөөдөл тээж байна. Харин том охин Лос-Анжелесын их сургуульд сурдаг. Гэр бүлээрээ шатар, газрын болон ширээний теннис их тоглодог. 

274761065_4923630627673452_4194664725471487629_n (2)

-Бага охин нь өөрөө тамирчин болохоор шийдсэн үү?

-Уг нь багадаа шатар тоглох их дуртай байсан. Германд очсоны дараа хүүхдүүдтэй шатар тоглох гэхээр хэлийг нь сайн мэдэхгүй, тэгээд өөрөө гимнастикаар хичээллэмээр байна гэснийх нь дагуу дэмжсэн юм. Америкт буцаж ирээд багт орж, тэмцээнд оролцож эхэлсэн.

Энд спортын гимнастикийн тэмцээнүүдийг зэрэглэлээр нь I-X түвшинд хуваадаг. Манай охин одоо IX түвшнийх нь тэмцээнд амжилттай оролцож байна. Мэргэжлийн тамирчин бэлдэхэд өөрөө болон гэр бүл нь хичээл зүтгэл их гаргаж, бас санхүү ч нэлээд зарцуулдаг юм байна. Бид охиноо сайн тамирчин болгохын тулд нойр, хоол гээд бүх зүйлийг нь анхаарч, гэр бүлээрээ дэмждэг.    

-Та Герман руу албан томилолтоор явсан юм уу?

-Тийм ээ. Манай корпорац 2016 онд Германд төвтэй, өөр 10 гаруй оронд салбартай нэг компани худалдаж авсан юм. Тэр компанийн ажлаар гэр бүлээрээ хоёр жил шахам тэнд амьдарсан. Манай гэрийнхний хувьд их туршлага хуримтлуулсан сонирхолтой жилүүд байсан шүү.

-Ярилцсанд баярлалаа, танд ажлын амжилт хүсье.

-Тэгэлгүй яах вэ, “Qnews-ийн зочин” хэмээх хүндтэй буландаа урьсан танай хамт олонд бас баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт ерөөе.

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
  • Энхтуяа - [172.58.164.218]

    1 жилийн өмнө

    Аав ээж нь мундаг хумуус байсан. Ээжийнхээ хеделмерч ухааоаг Занг дуурайсан. Улам ихийг бутээгээрэй.

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
  • Эска - [98.97.63.113]

    1 жилийн өмнө

    Энхмаа маань "эрдэмтэй хүн даруу" гэдгийн илэрхийлэл. Маш сайхан ярилцлага болжээ. Гэр бүлд нь сайн сайхныг хүсье!

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
  • Ганболд - [76.104.2.242]

    1 жилийн өмнө

    Маш сайхан ярилцлага болсон байнаа мундаг дүүдээ улам их амжилт хүсч гэр бүлд нь аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
  • Энхтуяа - [172.58.141.100]

    1 жилийн өмнө

    Мундаг шук

    Хариулах
    Love
    Cry
    Anger
    laughing
    thinking
    confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол