Монголд 20 жил амьдарсан аялагчийн тэмдэглэл манай түүхэн үйл явдлуудыг гэрчилнэ

| Нийтэлсэн Mar 11, 11:11 | НИЙГЭМ

Үзсэн : 623

3

Норвегийн аялагч Оскар Мамен 1911 онд манай улсад зочилжээ. Тэрбээр Монголд 20 жил амьдарсан бөгөөд эх орон луугаа буцсаныхаа дараа энэ тухайгаа ном болгон бичсэн ч хэвлүүлж амжилгүй нас барсан аж. Түүний аяллын тэмдэглэл, 5000 орчим гэрэл зургийг гэр бүлийнхэн нь хадгалж байгаад хожим Осло хотын Соёлын түүхийн музейд хандивласан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2020 онд Норвегид айлчлах үеэр Оскар Мамений үлдээсэн түүхэн баримтуудыг дэлгэн үзүүлснээр манайхны сонирхлыг татжээ. Улмаар МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийнхэн аялагчийн тэмдэглэлийг монголчуудад таниулах ажлыг эхлүүлж, тус сургуулийн багш Ж.Эрдэнэбат англи хэлнээс эх хэлнээ орчуулсан аж.

Оскар Мамений “Зүүнш зорчсон нь: Богд хаант Монгол Улсын тухай” тэмдэглэл ном нь 1911-1933 оны монголчуудын ахуй амьдрал, ёс заншил, тухайн үеийн Өргөө хотын дүр төрх, улс төрийн түүхэн үйл явдал зэргийг европ хүний өнцгөөс нарийн ажиглаж, яруу тодоор дүрсэлсэн түүхэн баримт бүхий бүтээл болжээ.  

6

Чинээлэг айлын хүү, угсаатны зүй сонирхогч Оскар Мамен 1911 оны наймдугаар сарын нэгэн өдөр үеэлтэйгээ уулзжээ. Японоор аялаад ирсэн үеэл нь удахгүй зорих дорно зүгийн аялалдаа Маменийг хамт явахыг санал болгосноор уг аялал эхэлсэн байна.

Тэрбээр энэ тухайгаа “Нэгэн өдөр гудамжаар алхангаа бас бус зүйлийг хүүрнэн явсан үеэл минь “Миний удахгүй зорих дорно зүгийн аялалд хамт явах уу” хэмээн гэнэт асуув. Миний бодол юу сан билээ. Би энэ л мөчийг хүлээж байлаа. Гэвч энэ бол энгийн нэг аялал бус, Сибирийн төмөр замаар хаа нэгтээ хүрч, цааш үргэлжлүүлэн харгиа (герман хүн) хүмүүсийн Хятадын нутгаас умард зүгт илгээсэн жингийн цувааг угтахаар Монгол орны Өргөө хэмээх газрыг зорих тав тухыг огоорсон, хүчир бэрхшээлтэй аялал байлаа” хэмээн тэмдэглэжээ.

Аялагч Мамен 1911 оны есдүгээр сарын 10-нд эх орноосоо гарч, сар гаруйн дараа буюу аравдугаар сарын 26-нд Өргөө хотод ирсэн. Энэ нь манай улсад үндэсний эрх чөлөөний хувьсгал эхлэхийн өмнөхөн аж.

15

Оскар Мамен нь хэл зүйн өндөр мэдлэгтэй хүн байсан тул Монголд ирээд гурван сарын дотор л ярьж сурсан гэнэ. Тэрбээр Лувсан-Янцан хэмээх хүнтэй дотно нөхөрлөж, түүгээр дамжуулан манай улс төрийн нөлөө бүхий хүмүүстэй ч танилцжээ. Тухайлбал, Да лам Цэрэнчимэд, Далай ван Гомбосүрэн тэргүүтэй томоохон сайд, дарга нартай ойрын харилцаатай байж.

Түүгээр ч зогсохгүй хувьсгалын үйл хэрэгт оролцож явсан нь манай улсаас Бээжин дэх дипломат төлөөлөгчийн газарт илгээсэн захидлыг орчуулж байснаас нь харагдана.

Ер нь Мамен Монголын улс төрийн үйл явдлыг их ойрын эх сурвалжаас сонсдог байсныг түүний тэмдэглэлээс харж болно. Тиймээс өөрийгөө тагнуулч биш, тамхи арилждаг жирийн нэг наймаачин байсан гэдгээ дахин дахин онцолдог аж.

23

Тухайн үеийн Өргөө хотын дүр төрх, хүн зоны амьдрал хэрхэн өрнөж байсныг Мамений тэмдэглэл яруу тодоор харуулдаг. Мөн манай уламжлалт баяр Цагаан сар, наадам, Майдар эргэх ёслол, цамын бүжиг, бөхийн барилдаан, нум, сум харвах, эсгий хийх зэргийг гадаад хүний сониуч нүдээр үг, үйлдэл бүрийг нь алдалгүй харснаа буулгажээ.

Тэр ч бүү хэл Өргөө хотод ноход хэрхэн “цэвэрлэх байгууламж”-ийн үүрэг гүйцэтгэдэг байсныг нарийн ажиглаж дүрслэн бичсэн байна. Тэрбээр монгол гэрийн уран нарийн хийцийг магтаад анх Лувсан-Янцангийн гэрт зочилж байсан сэтгэгдлээ үлдээжээ. Найзындаа анх ороход гэр нь цэвэрхэн, бас өвөл байтал гэртээ зуухгүй хэрнээ дулаахан байж. Учрыг асуутал шалнаасаа халдаг байсан гэнэ.

13

Мамений тэмдэглэлд монголчуудын тухай хошин шүүмж ч нэлээд бий. Тухайлбал, “Монголчуудын малгай толгой дээр нь ер тогтдоггүй. Хаашаа бөхийнө, тийшээ унана. Монгол гутал нь дулаахан ч өсгийгүй учраас алхахад их түвэгтэй. Үүнийг өмсөөд явна гэдэг барахгүй ажил шүү. Монгол хүмүүс алхах дургүй, морь унах сонирхолтой байдаг нь гуталтай нь л холбоотой байх.

Мөн тэд саалийн хувингаа бараг л угаадаггүй. Сүүний тослог наалдаад модон хувингийн хана зузаарсаар л байдаг. Бактерийн диваажин л гэсэн үг. Тийм атал ер өвддөггүй. Учрыг нь бактериологи судлаачид тодруулна биз ээ. Энэ газрын хүмүүс нүгэл хилэнг цээрлэдэг бурхны шашинтай хэрнээ бурхан тахилдаа мах өргөдөг нь их сонин” хэмээн бичжээ.

21

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Оскар Мамен нь монголчуудын тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний хувьсгал, Богд гэгээнийг хаан ширээнд залах ёслол, Монгол, Хятадын хоорондох Таван замын тулаан зэрэг түүхэн үйл явдлуудыг нүдээр харж, дэргэдээс нь ажигласан хүн юм.

Эдгээр түүхэн үйл явдлуудын тухай тэмдэглэлдээ дэлгэрэнгүй бичсэнийг “Зүүнш зорчсон нь: Богд хаант Монгол Улсын тухай” номноос уншаарай. Оскар Мамен 1933 онд эх орон луугаа буцаж, 1955 онд ослоор нас барсан. Түүний тэмдэглэл англи хэлээр олны хүртээл болж чадаагүй ч өдгөө монгол хэл дээр анх удаа ном болон хэвлэгдсэн нь олзуурхууштай юм.

18

16

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол