Монгол сурагчдыг олон улсын үнэлгээнд анх удаа хамруулна

| Нийтэлсэн Mar 11, 11:11 | Боловсрол

Үзсэн : 260

                                                               

             bolovsrol

        Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага (OECD)-аас хэрэгжүүлдэг “Program for international student assessment” /PISA/ буюу Сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд Монгол Улс анх удаа хамрагдахаар бэлтгэл хангаж байгаа аж. Энэхүү ажлыг дөрөвдүгээр сарын 11-нээс тавдугаар сарын 14-ний хооронд зохион байгуулах болжээ. Үнэлгээнд 196 сургуулийн 7300 сурагч оролцох бөгөөд үр дүнг нь 2023 оны арванхоёр сард зарлах юм байна.

     PISA нь суурь боловсрол эзэмшсэн 15 настай сурагчид мэдлэг, чадвараа амьдралд хэрхэн ашиглаж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо эл чадварыг ямар хэмжээнд олгож буйг тандан судалдаг.

     Хүүхдүүд суурь мэдлэг эзэмшээд, дараагийн шатны боловсролын түвшинд шилждэг учраас 15 настай сурагчдыг үүнд хамруулдаг аж. Суралцагчдын мэдлэг, чадварыг математик, байгалийн ухаан, унших, бүтээлч сэтгэлгээний агуулгаар үнэлдэг. Мөн сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох зорилгоор сургуулийн захирал болон суралцагчдаас асуулга судалгаа авдаг байна. Тус үнэлгээг компьютероор болон цаасан хэлбэрээр хийдэг бөгөөд гурван жил тутамд зохион байгуулдаг. Энэ нь тухайн улсын боловсролын тогтолцоонд гарч буй өөрчлөлтийг тодорхойлоход тохиромжтой хугацаа гэж үздэг ажээ.

    “PISA-2022” Сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд манай улс компьютерт суурилсан хэлбэрээр оролцох бөгөөд судалгаанд хамрагдах сургууль, суралцагчдыг түүврийн аргаар сонгох гэнэ. Сонгогдсон хүүхдүүд математик, байгалийн ухаан, унших, бүтээлч сэтгэлгээний даалгаврыг хоёр цаг, сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох асуулгыг 40 минутад хийж гүйцэтгэх юм байна.

     Уг үнэлгээнд манай улс хамрагдсанаар  боловсролын чанараа дэлхийн бусад оронтой харьцуулах, арга туршлагаас нь суралцах, үр дүнд нь тулгуурлан боловсролын бодлого, шинэчлэл, төлөвлөлтийг тодорхойлох зэрэг олон давуу талтай аж.

 

 

        
 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол