Монгол, Японы харилцааг гэрчлэх түүхэн баримтуудыг дэлгэжээ

| Нийтэлсэн Mar 10, 6:06 | НИЙГЭМ

Үзсэн : 263

Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Архивын ерөнхий газраас “Япон ба Монгол Улс” цахим үзэсгэлэнг олон нийтэд дэлгэжээ. Энд XIII зуунаас өнөөг хүртэлх хоёр улсын хоорондын түүхэн, онцлох үйл явдлуудыг гэрчлэх баримт, бүтээлүүд багтсан аж.

Тодруулбал, Юань гүрний үед монголчууд Япон луу довтолж байсан нь хоёр орны хоорондын харилцааны анхны баримт бичиг болон үлджээ. Хубилай хааны Японы эзэн хаанд илгээсэн бичиг өдгөө Японы үндэсний архивт хадгалагдаж буй. Үүнд Япон Улс Монгол руу элч илгээгээгүй талаар онцлоод, харин Монголын эзэнт гүрэн Япон луу элч илгээж байсан тухай бичжээ.

Мөн 1274 болон 1281 онд монголчууд тус улс руу довтолсон хоёр ч тулаанд оролцсон Такэзаки гэх хүний дайны үйл явц, байлдааны зэр зэвсэг зэргийг дүрсэлсэн зурган ном болон Юань гүрний үед хэвлэгдсэн түүхэн ховор бүтээлүүд нь өнөөг хүртэл хадгалагдан иржээ.

Монголчуудын довтолгооны талаар зурган тэмдэглэл

Үзэсгэлэнгийн өөр нэгэн онцлох баримт нь, XIX зууны эхэн үед Японы армийн жанжин Фукушима Ясумаса мориор аялж явахдаа нийслэл хүрээгээр дайран өнгөрсөн тухай юм. Тэрбээр “Ганц морин цэргийн экспедицийн бүртгэл” номдоо монголчуудын ахуй амьдрал, соёлын талаар нэлээд дэлгэрэнгүй бичиж үлдээжээ.

Үүнээс гадна Богд хаанаас Япон Улсад илгээж байсан захидал, дайны үеэр олзлогдсон япон цэргүүдийг манай орны бүтээн байгуулалтад дайчилж буй гэрэл зургуудыг тус үзэсгэлэнгээс сонирхож болно.

Олзлогдсон япон цэргүүд хотын бүтээн байгуулалтанд оролцож буй нь

Монгол, Японы харилцаа 1950-1960 оноос сайжирчээ. Улмаар 1964 оны Токиогийн олимпод манай улсын тамирчид оролцсоныг тус улсын архивт “Чөлөөт бөх, буудлага, унадаг дугуй, гимнастик, хөнгөн атлетик гэсэн спортын таван төрөлд оролцохоор 37 тамирчин, нэг үзэгч нийлсэн 38 монгол хүн Японд ирсэн байна” хэмээн тэмдэглэжээ. Ийнхүү хоёр орны харилцаа гүнзгийрсээр 1972 онд дипломат харилцаа тогтоосон байна.
 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол