08,Dec 2023
| Нийтэлсэн Mar 21, 5:05 | Уран зураг
Монгол банхар нохойн онцлог, шинж чанарыг сурталчлан таниулах “Андгай” үзэсгэлэнг “Монгол арт галерей”-д өчигдөр нээжээ. Үндэсний уугуул үүлдрийн нохойн удмын санг хамгаалж хөгжүүлэх, хөдөө нутагт малчны хотонд олноор нь нутагшуулах, нохойтой холбогдох үндэсний ёс заншлыг хүүхэд багачуудад таниулж, улмаар дэлхийд сурталчлах зорилгын хүрээнд уг үзэсгэлэнг “Монгол банхар судлалын холбоо” ТББ болон “Монгол арт галерей” хамтран зохион байгуулжээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд банхар сонирхогч хүүхэд, залуучууд, олны танил эрхмүүд оролцсон байна. Энэ үеэр банхар нохойн тухай танилцуулга, баримтат киног үзэгчдэд толилуулж, банхрын гэрэл зураг, уран баримал, сийлбэр, арьсан урлал төдийгүй археологийн олдворыг ч дэлгэжээ.
Мөн банхрын гөлөгний шоу үзүүлэхийн зэрэгцээ хүүхдүүдийн дунд зарласан “Монгол банхраа хэн сайн мэдэх вэ” уралдааны шилдэг бүтээлүүдийг танилцуулсан байна.
Үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал нээлттэй бөгөөд хугацаанд нохойтой холбоотой олон үйл ажиллагаа зохион байгуулах аж. Тухайлбал, ирэх лхагва гарагт өхөөрдөм хөөрхөн гөлөгнүүдийн үзэсгэлэнг дэлгэх бол бямбад нохой үржүүлэгч, сонирхогчдод зориулсан эрдэм шинжилгээний хурал болно. Харин ням гарагт “Арт терапи ба тусч банхар” төслийн танилцуулга болох аж.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ