Манай улсад сүрьеэгийн тархалт дэлхийн дунджаас 3-4 дахин өндөр байна

| Нийтэлсэн Mar 15, 8:08 | НИЙГЭМ

Үзсэн : 253

-24032014-1395626944-20977073-surye_large

 

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр энэ сарын 24-нд тохионо. Уг арга хэмжээг угтан зохион байгуулсан “Сүрьеэгүй ирээдүйн төлөөх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье” уулзалт, хэлэлцүүлэг (03/11)-ийн үеэр танилцуулсан зарим тоон мэдээллийг хүргэе.

Манай улсад сүрьеэгийн өвчлөл дэлхийн дунджаас 3-4 дахин өндөр байгаа аж. Дэлхийн хэмжээнд өдгөө 9.8 сая хүн уг өвчинд өртсөн бол манайд эл тоо 14 мянга байна. Тодруулбал, 100 мянган хүн тутамд уг өвчин 437 тохиолдож байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт юм. Үүнээс олон эмэнд тэсвэртэй сүрьеэ 100 мянган хүн тутамд 32, хүүхдийн өвчлөл үүнээс 12.3 хувийг эзэлж байгааг ХӨСҮТ-ийнхөн хэлсэн. Тэгвэл манай хоёр хөршид сүрьеэгийн өвчлөл 100 мянган хүнд 46-59 л бүртгэгдсэн байх жишээтэй.  

Эмчилгээний үр дүн 88 хувьтай

Хүн төрөлхтөн насан туршдаа сүрьеэгийн нян тээх брломжтой бөгөөд бүгд өвчилдөггүй нь тэдний амьдралын зөв дадал, хоол, хүнсний зохист хэрэглээтэй нь холбоотой гэнэ. Манайд өвчлөл ийнхүү өндөр байдаг нь ядуурал газар авсан, шим тэжээлтэй хоол, хүнсийг нийтээр хэрэглэж чаддагүй нь гол шалтгаан болжээ. Харин азаар, Монголд уг өвчний эмчилгээний амжилт, чанар дэлхийн дунджаас өндөр байна. Тодруулбал, сүрьеэгийн эмчилгээний үр дүн 88, олон эмэнд тэсвэртэй нь 66 хувьтай байгааг албаныхан хэлсэн юм.

Илрүүлээгүй 10 000 тохиолдол байх магадлалтай

Сүрьеэгийн тархалт их байгаагийн хэрээр өвчтөн, түүний гэр бүлийнхний 74 хувь нь уг өвчний шалтгаантайгаар санхүүгийн дарамт, ядууралд ямар нэг байдлаар өртсөн судалгаа байна. Эдүгээ илрүүлж чадаагүй сүрьеэгийн 10 000 тохиолдол байх магадлалтайг ч албаны хүмүүс мэдээлсэн. Тодруулбал, манай улсад уг өвчний илрүүлэлт дөнгөж 20.8 хувьтай байгаа аж. Өнгөрсөн онд улсын хэмжээнд сүрьеэгийн 2709 шинэ тохиолдлыг илрүүлжээ. Сүүлийн гурван жилд гэхэд л илрүүлэлтийн хувь 31.5-аас 20.8 болтлоо буюу 10.7 хувиар буурсан байна. Илрүүлэлт муу байгаа мөртлөө л төвийн болон зүүн бүс, төмөр зам дагуух аймаг, орон нутгуудад уг өвчний тархалт өндөр хэвээр аж. Сүрьеэгийн илрүүлэг ийнхүү буурсан нь цар тахлын улмаас эмч, мэргэжилтнүүд коронавируст өртсөн, тоног төхөөрөмжийн дутагдал, иргэдийн идэвх, үзлэг багассан нь голлон нөлөөлж.

291 хүүхэд сүрьеэгээр өвчилжээ

Хүүхдийн сүрьеэ ч өссөн байна. 2021 онд 291 хүүхэд уг өвчинд өртсөн бөгөөд цаана нь илрүүлээгүй 800 тохиолдол байх магадлалтай гэсэн тооцоо бий. Уг үзүүлэлтийг 2018 оныхтой харьцуулахад хүүхдийн сүрьеэ 3.9 хувиар өсжээ.

Түүнчлэн жил бүр сүрьеэгийн улмаас 200 гаруй хүн нас барсаар байна. Иймд тархалтыг дорвитой бууруулахад чиглэсэн хариуцлагатай хамтын ажиллагааг бэхжүүлэх, судалгаа, шинжилгээнд сүүлийн үеийн шинжлэх ухаан, инновацыг нэвтрүүлэх, хүүхэд болон өсвөр үеийнхний эрт илрүүлгийн тогтолцоог бий болгоход шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг ХӨСҮТ-ийнхөн хэллээ.

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол