03,Oct 2023
| Нийтэлсэн Mar 10, 7:07 | Редакцын булан
"Le Violon d'Ingres" гэрэл зураг 5-7 сая ам.долларт хүрэх төлөвтэй
Америкийн зураач Эммануэль Радницкийн 1924 онд камерын хальснаа буулгасан алдарт "Le Violon d'Ingres" бүтээл түүхэнд хамгийн үнэтэй гэрэл зургаар тодрох гэнэ. Уг зургийн анхны хэвлэмэл нь тавдугаар сард “Christie's” дуудлага худалдаагаар орох бөгөөд 5-7 сая ам.долларын үнэд хүрэх төлөвтэй байгаа аж. Энэ нь гэрэл зургийн түүхэн дэх хамгийн өндөр үнэлгээ юм байна.
Эммануэль Радницкий нь Европт өрнөсөн дада болон сюрреализм хөдөлгөөний гол төлөөлөгчдийн нэг бөгөөд 1890-1976 онд амьдарч байсан юм. "Le Violon d'Ingres" нь цаашаа хараад сууж буй залуу бүсгүйн нурууны зураг бөгөөд “f” хэлбэрийн хос тамга дарсан бүтээл аж. Энэ нь эмэгтэй хүний биеийг хийл хөгжмөөр дүрсэлснээрээ алдартай.
Дуудлага худалдааны төвийн мэдээлснээр уг бүтээлийг анх 1962 онд Нью-Йорк хотоос гаралтай хос авч байжээ. Дээрх дуудлага худалдаагаар уг бүтээлтэй хамт олон жилийн турш цуглуулсан бусад гэрэл зураг, үнэт эдлэл, зурагт хуудсыг зарах гэнэ. Хосуудын охин Пегги Жейкобс Бадер хэлэхдээ цуглуулгын хэсэг бүр нь өөрсдийн өвөрмөц, дотно түүхтэй бөгөөд түүний ээж, аавын нандин харилцааны бэлгэдэл гэжээ.
“Christie's”-ийн Олон улсын гэрэл зургийн албаны дарга Дариус Химс уг зургийг XX зууны хамгийн гайхалтай бүтээлүүдийн нэгээр нэрлэсэн байна. "Романтик, нууцлаг, зүггүй, хөгжилтэй дүр төрхийг нэгэн зэрэг мэдрүүлэх энэ бүтээл 100 орчим жилийн турш хүний сэтгэлийг татсаар ирсэн. Гэрэл зургийн бүтээл дотор "Le Violon d'Ingres" шиг нь урьд өмнө нь хэзээ ч байгаагүй юм" хэмээн нэмж хэлсэн байна.
Одоогоор дуудлага худалдаагаар зарагдсан гэрэл зургийн үнийн дээд амжилтыг 2011 онд 4.3 сая долларт хүрсэн Андреас Гурскийн “Рейн II” зураг эзэмшиж байна.
Эх сурвалж: CNN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ