03,Oct 2023
| Нийтэлсэн Mar 14, 15:03 | ДЭЛХИЙ
Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн тархины хэмжээ мэдэгдэхүйц багассан болохыг Британийн эрдэмтэд баталжээ. Өвчилсөн хүмүүс хүнд, хөнгөн ялгаагүй ижил шинж тэмдэгтэй байсан аж. Тухайлбал, коронавирусээр өвдөөд эдгэрсэн хүмүүсийн тархины хэмжээ 0.2-2 хувиар багассан байж. Тэдний үнэрлэх мэдрэмж, ой тогтоолтыг нь удирддаг тархины хэсгүүдийн саарал эд нь багассан байна.
Оксфордын их сургуулийн профессор Гвенэйл Дуадын багийнхны хийсэн эл судалгаанд 401 хүн хамрагджээ. Тэдний тархины MRI (Magnetic Resonance Imaging) зургийг эдгэрснээс нь хойш 4.5 сарын дараа авч, халдвар авахаас өмнөх зурагтай нь харьцуулсан байна. Судалгаанд оролцогчдын 96 хувь нь хөнгөн хэлбэрээр халдвар аваад эдгэрсэн хүмүүс байж. Мөн эдгэрээд удаагүй хүмүүсийн ой тогтоолт, хүнд хэцүү бодлого бодох чадвар нь ч бага зэрэг муудсан байна.
Гэхдээ эл өөрчлөлт цаг хугацааны явцад засарч, тархи буцаад хэвийн хэмжээндээ хүрэх боломжтой гэж эрдэмтэд дүгнэжээ. Гэхдээ тархи тодорхой хэмжээгээр ийн багассан нь өдөр тутмын амьдралд мэдэгдэхүйц нөлөөлөх хүчин зүйл биш гэж эрдэмтэд үзсэн нь азтай шүү.
Э.Номин
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ