03,Oct 2023
| Нийтэлсэн Mar 14, 16:04 | Бусад
Баяр, ёслолоор ширээнд чимэг нэмэх хийхэд хялбар, амттай, бага орцтой хоолны санаа хэлж өгье. Дункас нь Япон хоол бөгөөд тахиа, гахай, загас үхрийн махаар хийдэг. Ерөнхийдөө махыг бүрж шарсан төрлийн хоолыг дункас гэх аж.
Хоёр хүний орцонд:
Гахайн цоройны цул мах 400 гр
Будаа 200 гр
Сухар буюу талхны үйрмэг
Өндөг хоёр ширхэг
Бага зэргийн гурил
“Golden curry” хоёр дөрвөлжин "нүд"
Улаан лоолийн паста амны хоёр халбага
Сонгино нэг бөөрөнхий
Саримс хоёр хумс
Нунтаг цагаан гаа амталгаагаар
Хар перец амталгаагаар
Цөцгийн тос нэг амны халбага
Давс амталгаагаар
Хийх арга:
1-р шат: Гахайн махаа сайн гэсгээх хэрэгтэй. Томоор нь 1-1.5 см зузаантай зүснэ. Зүссэн махаа давтагчаар юмуу алхаар бага зэргийн давтаж, зөөллөөрэй. Махандаа хар перец, давс амталгаагаар цацна. Дараа нь хуурай гурил, өндөг, сухар гэсэн дараалалтайгаар өнхөрүүлж халуун тосонд шараарай. Цахилгаан зуухныхаа дундаж температурт шарахгүй бол түлэгдэж, доторх нь түүхий болно шүү. 1-6 хүртэл халдаг бол тохиргоог нь дөрөв дээр тааруулахад болдог.
2-р шат: Будаагаа өөрийн агшаадаг аргаар болгоно. Амталж хийвэл бүр л гоё болдог шүү.
3-р шат: Халаасан хайруулын тавгандаа нэг халбага цөцгийн тос хийгээд сонгиноо хуурна. Цөцгийн тосны оронд ургамлынх юм уу, оливын тос ашиглаж ч болно. Сонгиноо жижиг дөрвөлжин хэрчвэл зүгээр. Зөөлөн галаар алтлаг шаргал өнгөтэй болтол хуураад, амны хоёр халбага улаан лоолийн нухшаа нэмж, үргэлжлүүлэн хутгаарай. Мөн нунтагласан саримс, цагаан гаа нэмнэ. Саримс, цагаан гааг ашиглахгүй байж ч болно шүү. Бага зэргийн ус хийгээд зөөлөн галаар буцалгаарай. Буцлангуут нь “Golden curry” буюу шахмал “Алтан карри”-наас хоёр ширхэг хийгээд, сайн буталж уусган, дахин 50 гр орчим ус нэмээд 2-5 минут зөөлөн галаар буцалгана. Ус нь ширгэвэл бага багаар нэмээрэй. Карри маань өтгөн соус болох ёстой. Бага зэргийн элсэн чихэр хийвэл илүү амт нэмнэ.
4-р шат: Тавагласан будаан дээрээ дункасаа хоёр см өргөнтэй, уртааш нь зүсэж тавина. Дункасандаа хүргэлгүйгээр карритай соусаа хажууд нь хийгээрэй. Ингээд л хоол бэлэн боллоо. Улаан лооль, ногоогоор чимэглэвэл илүү үзэмжтэй харагдах болно.
Эх сурвалж: Нөхрийн хоол
Ш.Уудам
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ