24,Sep 2023
| Нийтэлсэн Apr 28, 12:12 | НИЙГЭМ
Чингэлтэй дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр “Дэнжийн мянга” орчмыг "ногоон хотхон" болгох төсөл хэрэгжүүлж, эхний ээлжийн долоон айлын жишиг сууцыг барьж, ашиглалтад оруулжээ. Уг төслийг Нийслэлийн орон сууцын корпорац, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, “Хайбрид хауз” компанийнхан хамтран хэрэгжүүлжээ.
Жишиг сууцын гол онцлог нь гүний цэвэр устай, бохироо 98 хувь хүртэл цэвэршүүлэн, дахин ашиглах боломж бүхий цэвэрлэх байгууламжтай аж. Үүнээс гадна халаалтын технологио сэргээгдэх эрчим хүчээр шийдсэн нь цахилгаан хэмнэх давуу талтай. Мөн агаар болон хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллын өнгө үзэмжийг сайжруулахад эерэгээр нөлөөлж, өрх бүр эрүүл, тохилог орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлжээ.
Цаашид ийм төрлийн байшин, таун хаусын тоог нэмэгдүүлэхийн тулд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлд хамруулахаар ажиллаж буйгаа албаныхан мэдээлэв.
Энэ жилд Баянзүрх болон Сонгинохайрхан дүүргийн алслагдсан хороодод 10 мянган айлын "ногоон" орон сууц барихаар төлөвлөжээ. Төслийн хүрээнд иргэд жилийн зургаан хувийн хүүтэй, 170 сая хүртэлх төгрөгийн зээлд хамрагдах боломжтой аж. Эхний ээлжийн долоон айлын нэг сууц нь гэхэд ойролцоогоор 78 сая төгрөгийн үнэтэй байгаа гэнэ. Энэ талаар төслийн гүйцэтгэгч “Хайбрид хауз” компанийн захирал Ц.Бат-Эрдэнэ “Иргэд урьдчилгаа 10 хувийг төлөөд, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн төсөлд хамрагдан, үлдэгдэл 52 сая төгрөгийг "ногоон зээл"-ээр төлөх боломжтой. Ингэхдээ сард дунджаар 490-630 мянган төгрөг төлж, таун хаустай болох боломж бүрдүүлсэн юм. Энгийнээр тайлбарлавал иргэд жилд зарцуулдаг халаалт, түлшний зардалтай дүйцэхүйц төсвөөр байраа өмчлөх боломжтой гэсэн үг” хэмээв.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!
Онцлох мэдээ