"Ибупрофен"-ыг 40 өөр нэрээр худалдаалдгийг та мэдэх үү

| Нийтэлсэн Apr 12, 17:05 | Эрүүл мэнд

Үзсэн : 441 1

jjjj

"Эрдэмтэд ямар азаар өвчин намдаах эм бүтээсэн юм бэ" гэж та бодож байсан уу? Гэсэн ч эм уухад учир бий. Тиймээс хавтгайрсан хэрэглээг бууруулах зорилготой “Эм үү, хор уу” булангийнхаа энэ удаагийн сэдвээр бид "Ибупрофен"-ыг онцолъё.

Эл эмийг 1970-аад оны үеэс дэлхий нийтээр өргөн хэрэглэж иржээ. Манай улсын зах зээлд "Нурофен" нэрээр нь хүүхдэд өргөн хэрэглэдэг. Тэгвэл олон улсад хамгийн их судлагдсан энэхүү эм Монголд арав гаруй үйлдвэрлэгчийн, 40 өөр нэрээр худалдаалдгийг та мэдэх үү.

"Ибупрофен" нь бие махбодод өвдөлт үүсгэдэг дааврыг багасгах замаар үрэвсэл дардаг. Бид уг эмийг халуурах, толгой, шүд, нуруу өвдөхөд болон сарын тэмдэг өвдөлттэй ирэх, үе мөчний үрэвсэл зэрэгт зовуурь намдаах зорилгоор жоргүйгээр хэрэглэдэг.

Хэдийгээр "Ибупрофен" нь эмнэл зүйн шинж тэмдгийг дарах ач холбогдолтой ч зохисгүй хэрэглэвэл хор хөнөөлтэй. "Википедиа"-д энэ эмийн нийтлэг гаж нөлөө нь цээж хорсох, тууралт гарах гэсэн байна. Мөн зүрх, бөөр, элэгний дутагдал, цус харвах эрсдлийг нэмэгдүүлдэг аж. Ийм ч учраас зүрх, судасны мэс заслын өмнө, дараа эл эмийг уух аюултай.

Мөн ходоод, гэдэс цочроох, шархлаа үүсгэх эрсдэлтэй тул амархан хямрамтгай, өндөр настнууд тун хэтрүүлж болохгүй гэж эмзүйчид зөвлөдөг.  Астма, харшилтай хүмүүст ч тогтмол хэрэглэх нь зохимжгүй.

"Ибупрофен" нь ургийн зүрх, бөөрний үйл ажиллагаа бүрэлдэх явцад гажиг үүсгэж болзошгүй тул 20 долоо хоногоос бага сартай жирэмсэн эмэгтэйчүүд шаардлагатай тохиолдолд заавал эмчийн заавраар хэрэглэнэ. Хэдий өвдсөн ч эм бол хоол биш гэдгийг санаарай.

Насанд хүрсэн хүний "Ибупрофен"-ы өдрийн хэрэглээ дээд тал нь 3200 мг буюу нэг дор 800 мг-аас хэтрүүлж болохгүй. Хүүхдийн тун нас, жингээс нь хамаарч өөр өөр байна.

Тун хэтэрсэн тохиолдолд дотор муухайрах, толгой өвдөх, бөөлжих, ходоодоор хатгуулах, хар юм уу цустай ялгадас гарах, ухаан алдах зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй. Ямар нэгэн байдлаар дээрх шинж тэмдгийн аль нэг нь илэрвэл эмнэлгийн тусламж яаралтай аваарай.

Хэрэв ханиад болон бусад халуун бууруулах эмтэй хавсран хэрэглэх гэж буй бол эмчээс заавал асууна. Учир нь ийм төрлийн эмүүд ижил найрлагатай байдгийг анхаараарай.

Эх сурвалж: Drugs.com, wikipedia

 

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол