Газрын зурагт ч тэмдэглээгүй Эрдэс тосгон хийгээд Мардайн уурхайд гарсан хэргийн нууц

| Нийтэлсэн Mar 16, 9:09 | Танин мэдэхүй

Үзсэн : 615 1

                           uran2

                                                  Эрдэс тосгон

Социализмын үед Монголын зүүн хязгаар Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос хойш 130 гаруй км газарт “Мардайн” ураны орд байсан. Эл ордтой зэрэгцэн оросуудын амьдардаг Эрдэс тосгон энд оршиж байсан ч социализмын үед маш нууц зэрэглэлтэй, Монгол Улсын газрын зурагт ч тэмдэглэгдээгүй аж. Өндөр настнууд л Мардайн уурхай, “Эрдэс” хотхоны талаар дурсан ярьдаг бол одоогийн залуус бараг мэдэхгүй.

Баяндун сумын нутагт оршдог “Мардай”-н ураны ордыг судлах ажил 1970 оноос эхэлсэн. Тухайн үед улсын төсвөөс 127.3 сая рублийн хөрөнгө гарган, 1978-1981 онд урьдчилсан хайгуулыг явуулж, хүдрийн хоёр бүсийг ялган нөөцийг С2 зэргээр тооцоолж байж.  Уурхайн ашиглалтад зориулж ОХУ-ын Хар нуурын УЦС-аас өндөр хүчдэлийн 110 квт шугам болон 25 мегаваттай холбосон дизель цахилгаан станц татаж, 20 км урт ус дамжуулах шугамыг Улз голтой холбосон байна. Эдгээр баримт материал Улсын бүртгэлийн ерөнхий газарт байдаг аж.  

Энд амьдарч байсан, очсон хүмүүсийн дурсамж яриа, тэмдэглэлээс харахад, Эрдэс тосгон нь Орос хэв маягийн байшинг эмх цэгцтэй барьсан, хөгжил цэцэглэлттэй, амар тайван, аз жаргалтай газар байжээ. Хотхоны нийт оршин суугч нь 10 000 гаруй. Томилолтоор очсон цөөн тооны монгол өрхүүдийг эс тооцвол дийлэнх нь оросууд. Хотхоны эргэн тойрон бүхэлдээ орос цэргүүдийн хамгаалалтад байх бөгөөд Эрдэс рүү нэвтрэхийн тулд хэд хэдэн шалган нэвтрүүлэх товчоо дамжих шаардлагатай. Сургууль, цэцэрлэг, үсчин, клуб, үйлдвэр, нарийн боов, хиам, ундааны цех гээд байхгүй юмгүй. Цахилгаан тасарсан үед хэрэглэх нөөцийн дизель станц хүртэл байжээ.

timthumb

                                                                               Эрдэс хотхоны туурь

Нийтлэлч Б.Цэнддоо 1989 онд  Эрдэс тосгонд очсон тухайгаа “Ураны хотхон Мардайд нэвтэрсэн минь” хэмээх дурсамж нийтлэлдээ жил гаруйнхны өмнө нэхэн бичжээ. Түүний нийтлэлд “...Ингээд, аяллын оргил хэсэг буюу Эрдэс хотхоны орос дэлгүүрт орох боллоо. Орос дэлгүүр бол тэр үеийн монголчуудад ховор олдох аз завшаан байсан юм. Өнөөгийнхтэй жишвэл ядруухан ч, монгол хүнд тэр бүрий олдоггүй, олдсон ч даргын “цохолтоор” авдаг ховор живэр хүнс, бялуу, бусад бараа тэнд л байх. Хамгийн түрүүнд жүржийн ундаа авлаа. Бүүр “Эрдэс тосгоны “Эрдэс” үйлдвэрт хийв” гэсэн шошготой жүржийн ундаа. “Эрдэс” хотхон юм юмтай, оршин суугчдаа хангадаг хүнсний үйлдвэртэй байж таарав...” гэжээ. Энэ мэт сайхан дурсамж яриа, хууч их бөгөөд   үсчин, кино театр нь үнэгүй, дэлгүүрийн бараа нь хямд, оросууд нь ааль, ааш сайтай гээд ёстой л социалист үлгэр жишээ болсон газар байсан гэх. 

Мардайн уурхайд гарсан бослого:

марда

Эрдэс тосгонд хүмүүс ийн аз жаргалтай, элбэг хангалуун аж төрж байсан бол хажууд нь байх Мардайн уурхайд байдал тэс өөр. Мардайн уурхайг “Үхлийн цооног”, “Тамын уурхай” гэж хэлж болохоор байсан аж.   

Эл уурхайд 1981 оноос ураны далд олборлолтоо явуулж эхэлсэн бөгөөд 1985 он хүртэлх хугацаанд гэхэд 400 мянга гаруй тонн уран олборлон, тусгайлан байгуулсан төмөр замаар Оросын Краснокаменскийн уурхай руу тээвэрлэж, боловсруулжээ. Харин 1988-1995 онд ил уурхайд олборлолт явуулсан бөгөөд 0.118 хувийн агууламжтай, ураны ислийн хүдэр олборлож байж. Уурхай нь газар доогуур 20 км үргэлжилдэг бөгөөд сүлжсэн хонгилын хаа нэгтээ тухайн үед ЗХУ-ын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цаазын ял сонссон хоригдлуудыг хорьдог шорон байсан гэдэг. Хоригдлуудыг ураны уурхайн хамгийн хортой, хүнд нөхцөлд ажиллуулж, аажмаар үхэлд хүргэдэг байжээ. Ажлын ямар ч баг, хэрэгсэлгүй, нүцгэн гараараа уран олборлодог байсан хоригдлууд нэг сараас  илүү тэсдэггүй тул хоёр сард нэг удаа шинэ хүмүүсийг зөөвөрлөдөг байсан. Тухайн үед уг үйл явдлыг маш нууц зэрэглэлд хамааруулж, чанд хадгалдаг байсны улмаас “Эрдэс” хотхоны оршин суугчид ч мэддэггүй байжээ.

Баяндун сумын малчид, иргэдийн анхаарлыг татсан нэг хэрэг 1984 оны дөрөвдүгээр сард тохиож байжээ. Учир нь тэр үед байнгын  хамгаалалттай байдаг “Эрдэс” хотхоны гадуурх харуул манаа эрс чангарч, Дорнодын Дашбалбар сум дахь модтой уулнаас хэсэг хуягт танк бууж, долоо хоног бүслэн хаасан хачирхалтай явдал болсон аж. Эл хэргийн зангилаа хожим хоёр, гуравхан жилийн өмнө тайлагджээ. Тэрхүү долоо хоногт Чингис далангийн өртөөгөөр нэг ч галт тэрэг яваагүй бөгөөд өдөр бүрийн тогтмол тээвэрлэлт ийн зогссон нь уурхайд ямар нэг “юм” болсныг илтгэнэ. Тэгвэл тухайн үед уурхайд юу болсныг  дотоод харуул хамгаалалтад нь ажиллаж байсан орос офицеруудын нэг нь  Владивостокын төв хэвлэлд хожим мэдээлсэн юм. Тэрбээр Монголын алс холын бөглүү зүүн бүсийн ураны уурхайд цаазын ялтай гэмт хэрэгтнүүдийн бослого дэгдэж, хяналтдаа авах дөхсөн сонин түүх ярьжээ.

Тухайлбал, 1984 оны дөрөвдүгээр сарын 12–нд эл хэрэг болсон аж. Хэрэгтнүүдийн бослогоос хоёр хоногийн өмнө тээвэрлэж авчирсан хоригдлуудын дунд Литв гаралтай рецедив гэмт хэрэгтэн “Загалмай” хочит Мальдив хэмээх зартай “нөхөр” иржээ. Тэрбээр уурхайд ирсэн хоригдлууд хоёр сараас хэтэрдэггүй үхдэгийг мэдээд хамт хоригдож байсан нөхдөө уриалан “босох” санаа гаргажээ. Нэгэнт үхэх ялтай бусад нь ч түүнийг дэмжиж, харуул манаа хамгийн бага гардаг оройн тооллогын үеэр хэрэгжүүлэхээр болжээ. Тэнд нийт 200 гаруй хоригдол байсан аж. Тэд хоолны таваг, халбага, сэрээгээ ирлэж зэвсэглээд цэргүүдийн эсрэг тэмцжээ. Мөн халбага, сэрээгээр гав, гинжээ тайлсан байна. Гэмт этгээдүүд оройн цагаар цахилгаан таслан цэргүүд рүү гэнэт гаваа тайлан дайрчээ. Эхний хоёр чанга хамгаалалттай харуулын цэг дээр болсон мөргөлдөөний дараа хоригдлууд давуу байдалтай болсон аж. Тэд 14 автомат, хоёр гар буугаар зэвсэглэсэн 25 цэрэгтэй тулж дор нь нам даржээ. Улмаар өрмийн цооногийн машинаар ил уурхайн хэсэгт очсон бөгөөд тэр хэсгийг дэлбэлж “Эрдэс” хотынхныг “газрын  хөрснөөс арчина” хэмээн сүрдүүлж хоол хүнс, зэр зэвсэг, пулемёт хүртэл барьцаалан авч чаджээ. Нэгэнт үхэх ялтай “шийдсэн” хэрэгтнүүд тул оросууд тэдэнд шаардсан хоол хүнс, 150 ширхэг автомат буу сум хэрэгслийн хамт хүргэж өгсөн байна. Энэ хооронд ЗХУ-аас хамгийн хүнд даалгаварт бэлтгэгдсэн Смерщийн тусгай албаны дайчид иржээ. Гэтэл ялтнууд хоёр хоногийн дараа уурхай руу зургаан ширхэг хуягт танк, таван авдар архи оруулж өгөхийг шаардсан байна. Энэ нь харин ч “таатай” санал байсан бөгөөд архийг нь бүр арван авдар болгон оруулжээ. Ийн цаг хожиж байх зуур дөрөвдүгээр сарын 19-ний шөнө Смерщийн дайчид хоригдлуудын байрлаж байсан 2B цооногийн хоёр талаас нүхлэж, унтаж байхад нь буун дуу гаргалгүй устгажээ. Харин толгойлогч Мальдивыг амьдаар нь барьсан байна. Ийнхүү Мардайн уурхайд гарсан хоригдлуудын бослого долоо хоногийн дотор дарагдсан аж.

 Смерщийн дайчид нь тухайн үед Вьетнам, Ойрх Дорнод, Афган зэрэг орнуудад ажиллагаанд оролцож явсан, бэлтгэгдсэн цэргүүд байжээ.

Оросууд Мардайн уурхайг 1995 онд хааж, 1999 онд Монгол Улсын байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр Эрдэс тосгоныг төмөр замтай нь, бүх эд хөрөнгөтэй нь хүлээлгэн өгсөн гэх. Улмаар “Мардайн” орд газрыг лицензжүүлж тараажээ.

Э.Номин

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол