Гадаадынхан таксигаараа жуулчдыг татдаг байхад манайд “халтуурчид” нь угтдаг

| Нийтэлсэн Apr 4, 16:04 | Ярилцлага

Үзсэн : 4369 7

Нийслэлд ажил, хичээл эхлэх, тарах цагаар замын түгжрэл эрс нэмэгдэж, таксинд суухаар гар өргөсөн иргэдээр замын хоёр тал дүүрдэг. Нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээ хангалттай хөгжөөгүй манай нийслэлд такси хамгийн эрэлттэй унаа яах аргагүй мөн. Гэвч иргэдэд соёлтой үйлчилгээ үзүүлдэг, стандартад нийцсэн такси цөөн тул эл салбарт “халтуур”-чид ноёрхож, иргэдийг бухимдуулж, чирэгдүүлсээр өнөөг хүрсэн.

1.6 сая гаруй хүн амтай хотод 4000-6000 такси үйлчилгээнд явж гэмээн иргэдийн эрэлт, хэрэгцээг хангана гэсэн судалгаа бий. Гэтэл нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газарт бүртгэлтэй найман аж ахуйн нэгжийн албан ёсны 371 такси л үйлчилгээнд явж буй гэнэ. Харин үлдсэн орон зайг нь хувиараа такси эрхлэгч хувь хүмүүс нөхөж байна. Ийм хүмүүсийн дунд такси үйлчилгээг үндсэн ажлаа болгон, тогтмол явдаг нь байхад гар өргөсөн хүн таарвал зам зуураа дөхүүлэх зэргээр нэмэлт орлого олох зорилготой хүн ч олон бий.

Такси үйлчилгээний гол зорилго нь шуурхай, найдвартай, соёлтой үйлчилж, зорчигчдыг сэтгэл хангалуун байлгах юм. Энэ зорилго руу манайхан бага багаар ойртож, утас болон аппликэйшн  ашиглан байгаа газартаа такси дуудан, түргэн шуурхай үйлчлүүлэх болсон. Гэвч энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага цөөн. Түүнээс гадна хувьдаа автомашинтай хүмүүстэй зарим нь гэрээ байгуулж ажиллуулдаг хэрнээ жолооч нартаа хяналт тавьдаггүй, үйлчилгээний соёл, замын хөдөлгөөний дүрэм журмыг мөрдүүлдэггүй, автомашиных нь цэвэр цэмцгэр байдлыг анхаарах нь ховор тул нөгөө л “халтуур”-ны үйлчилгээ ноёлсоор.

 

Taxi1

 

Тухайлбал, манайдаа тэргүүлэгчдийн нэг “UB cab” компанийн такси үйлчилгээнд зорчигчид хэр сэтгэл хангалуун байдгийг цахим хуудаснаас нь сонирхож үзвэл “Танай компани гэрээт жолооч нарынхаа ухамсар ёс зүй, үйлчилгээнд хяналт тавимаар байна. Нэгдсэн стандарт мөрдүүлж, машины ариун цэвэр, жолоочийнхоо зан харилцааг анхаараач. Дуудсан такси удаж ирлээ. Жолооч нар чинь хот дотор зам мэдэхгүй байх юм. Зам хэр сайн мэддэгийг нь шалгаж авч бай л даа. Төлбөрөө бэлэн төлөхөөр хариулт байхгүй гээд өгөөгүй. Шороон замаар явлаа гэж уурласан. Хүн суулгачихаад утсаар ярьж, ар гэрийнхээ амьдралыг тоочоод байна” гэх мэтчилэн гомдол, санал тасардаггүй аж. Тэгвэл тус компанийнхан  жолооч нартай анх гэрээ хийхдээ нэг удаа сургалтад хамруулдаг гэнэ. Ажиллах явцад тухайн жолоочид гурван удаа гомдол ирвэл дуудлага хүлээн авах эрхийг нь хааж, дахин сургалтад хамруулдаг байна. Үүнээс үзвэл жолооч нартаа хяналт тогтмол тавьдаггүй нь харагдах биз ээ. Тиймээс л жолооч дуудлага хүлээн авч, орлогынхоо тодорхой хувийг компанид өгөхөөс өөрөөр үүрэг, хариуцлага хүлээдэггүй учраас зарим нь ийн “дураараа аашилдаг” аж.

Харин “VIP Taxi service” компанийг тандаж үзвэл, үйлчлүүлэгчид нь харьцангуй өндөр сэтгэгдэл үлдээжээ. Учир нь тус компанийнхан хувийн унаатай хүмүүстэй гэрээ байгуулах замаар бус, жолооч цалинжуулан өөрсдийн цөөн тооны автомашинаар үйлчилдэг юм байна. Тухайн жолоочийн ажлын үзүүлэлт, цалин урамшуулал, үйлчлүүлэгчдийн сэтгэгдлээс шууд хамаардаг тул жолооч соёлтой үйлчилгээ үзүүлэхээс өөр аргагүй юм. Энэ мэтчилэн жолоочоос хариуцлага шаардах, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжаар тэдний ажлыг үнэлж, урамшуулах зарчмаар үйл ажиллагаа явуулдаг байгууллага олширч,  иргэд ч буух эзэн, буцах хаягтай унаагаар үйлчлүүлж сурвал хэчнээн амар вэ. Цаашлаад хэн нэгний хувийн машинд сууснаар илүү мөнгө төлөх, элдвээр доромжлуулах, эд зүйлсээ мартах, улмаар гэмт хэргийн хохирогч болдог асуудал засрах болов уу.  

Харамсалтай нь, стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн тоо жил жилээр буурсаар байна. Энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж 10 жилийн өмнө гэхэд  л 17 байсан бол 2020 онд 11, өдгөө найм нь л үйл ажиллагаа явуулж буй.

Уг нь 2020 онд хотын удирдлагууд такси үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлыг өөрчилж, хүртээмжийг нэмэгдүүлэн, олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ үзүүлэхээр “Улаанбаатар такси каб” компанийг Улаанбаатар хөгжлийн корпорацын дэргэд байгуулсан юм. Тэд олон улсад алдартай “Uber”, “Grab” шиг Монголын брэнд "Хот такси" үйлчилгээг нэвтрүүлж, ойрын жилдээ 2000-3000 стандарт таксигаар хотын иргэдэд үйлчилнэ гэсэн ч энэ нь дорвитой урагшилж чадалгүй, тус компани нь татан буугдсан байна.

АНУ, Лондон, Герман зэрэг томоохон оронд такси үйлчилгээ өндөр хөгжиж, зорчигчдыг сэтгэл хангалуун байлгах төрөл бүрийн үйлчилгээ, соёлоороо хоорондоо өрсөлдөж, таксинд нь л суух гэсэн жуулчид тэднийг зорьж байхад манайхан “халтуурчид”-аараа угтсаар л.  

 

Сэтгэгдэл

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Qnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны холбогдох журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу!

Love
Cry
Anger
laughing
thinking
confused
Халуун сэдэв

Их үзсэн

Та цаг алдалгүй шинэ мэдээлэл авах бол